Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг гурван гүйцэтгэх захиралтай болсноо зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Самсунг Электрониксийн гүйцэтгэх захирал Квон О Хюн гэнэт өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх болсноо зарласан.

Тэр компанидаа “өмнө тохиолдож байгаагүй хямрал” нүүрлээд байгааг зарлаж, шинэ удирдагч хэрэгтэй байгааг мэдэгдэлдээ дурдаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Самсунг Электроникс компани түүнийг залгамжлах гурван гүйцэтгэх захирлыг зарлажээ.

Гурван захирал нь тус тусдаа салбаруудыг хариуцаж ажиллах гэнэ. Тухайлбал Ким Ки Нам хагас дамжуулагч эд ангийн салбарыг, Ким Хюн Сук гэр ахуйн электроникийг, Ко Дон Жин мобайл болон IT бизнесийг хариуцахаар болсон байна.

Одоогоор Самсунг эдгээр гурван хүний аль нэгийг нь онцгойлж, илүү эрх мэдэл өгөх эсэх нь мэдэгдээгүй байгаа юм. Самсунгийн мэдэгдэлд шинэ томилгоо нь тус компанийн 3 CEO бүхий менежмэнтийн бүтцэд тааруулсан шийдвэр юм гэж тайлбарласан байна.

Гурван захирлын нэг болох Ким Ки Нам нь санах байгууламж, дэлгэцийн үйлдвэрлэлүүдийг хариуцаж байсан туршлагатай. Харин Ким Хюн Сукийг Самсунг “дэлгэцний мэргэжилтэн” гэж нэрлээд дэлхийн телевизийн зах зээлд Самсунгийг тэргүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэж тодорхойлжээ.

Ко Дон Жин нь 2015 оноос хойш мобайл бизнесийн салбарыг хариуцаж байгаа хүн юм.

Өнөөдөр бас Самсунг Электроникс түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан улирлыг үдээд байгаагаа зарлажээ. Өнгөрсөн долоогоос есдүгээр сарын хооронд тус компани 62.05 их наяд воны ($55.4 тэрбум) орлого олж, 14.53 их наяд воны ($13 тэрбум) ашигтай ажилласан байна.

Орлогын өсөлтөд гол нөлөө үзүүлсэн бизнес нь хагас дамжуулагч эд ангийн салбар байжээ.

Өмнөх хоёрдугаар улиралд Самсунг 14.1 их наяд воны ашигтай ажилласан нь тухайн үедээ дээд амжилтад тооцогдож байв.

 

Эх сурвалж: The Verge