Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сицилийн мафийн босс охиноо алах даалгаврыг хүүдээ өгөөд баривчлагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Пино Скадуто зургаан сарын өмнө шоронгоос суллагдаж байхдаа

Цагдаагийн офицертэй дотно харилцаатай болсон охиноо алах даалгаврыг хүүдээ өгсөн Сицилийн мафийн толгойлогчийг Италийн цагдаа баривчилжээ.

Сицилийн Багериа хотод төвлөрдөг мафийн бүлгийн ахлагч Пино Скадуто гэр бүлийн нэр төрөө цэвэрлэхийн тулд ингэхийг 30 настай хүүдээ ятгаж байсан гэнэ. Харин хүү нь үүнийг эсэргүүцэж байгаагаа найздаа утсаар ярьсныг цагдаа нар замаас нь сонсож аллагаас урьдчилан сэргийлсэн байна.

“Би одоо 30 настай. Түүнд ашиглуулахыг хүсэхгүй байна” гэж хүү нь ярьж байжээ. Скадуто хүүдээ “чиний эгч одоо цагдаагийн мэдээлэгч болсон” хэмээн ухуулж байсан гэнэ.

Утасны бичлэг дээр үндэслэн цагдаа нар “Nuova Alba” нэртэй ажиллагаа явуулж, мафийн гишүүн 16 хүнийг баривчилсны дотор 71 настай Пино Скадуто байсан гэнэ.

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард найман жил шоронд суусны эцэст суллагдаад байсан юм. Скадутог бас охиныхоо найз цагдааг алахаар төлөвлөж байсан гэж үзжээ.

Энэ хэрэг нь Италийн мафийн толгойлогч охиныхоо амийг бүрэлгэх гэсэн анхны оролдлого биш юм. 1983 онд Сицилийн мафийн нэг толгойлогч Антонио гэр бүлээс гадуур бэлгийн харилцаатай болсон шалтгаанаар 24 настай Лиа охиноо алах тушаал өгч байжээ. Лиаг зэвсэгт дээрэмчдийн халдлагад өртсөн байдлаар аллагыг зохион байгуулж байв.

Скадутогийн харьяалагддаг Коза Ностра нь Италийн хамгийн эртний мафи юм. Түүний үүслийг 1861 онд буюу Итали орон нэгдэж байх үед бий болсон гэдэг. Тус байгууллага 1980-1990-ээд оны үед алдарт “Боссуудын Босс” хочит Тото Ринагийн үед хамгийн хүчирхэг байжээ.

Тото Рина Сицилийн засаг захиргааны эсрэг цуст дайн өдөөсөн хэргээр 1993 онд бүх насаар хоригдох ял сонссон юм.

Сая баривчлагдсан Скадуто нь Коза Нострагийн удирдах зөвлөл болох Куполагийн нэг гишүүн юм байна.

 

Эх сурвалж: International Business Times