Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Путины амь насанд халдах 2012 оны хуйвалдаанд сэжиглэгдэж байгаа чечень хүн шархдаж, эхнэр нь алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Амина Окуева

2012 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах хуйвалдаанд оролцож байсан гэгддэг чечень үндэстэн хөлсний цэрэг өчигдөр Киев хотноо халдлагад өртжээ.

Машин руу нь үл мэдэгдэх этгээдүүд гал нээснээр чечень эр шархдаж, эхнэр нь алагдсан байна.

Украины дотоод хэргийн сайд Антон Герасченкогийн мэдээлэлд зэвсэгт халдлагын үеэр Адам Осмаев шархдаж, эхнэр Амина Окуева нь алагдсан болохыг баталжээ.

Тэднийг Киевийн ойролцоо төмөр замын гарам дээр явж байхад нь гал нээсэн байна. 2012 онд Путиныг гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос хэдхэн хоногийн өмнө амь насанд нь халдах хуйвалдааныг илрүүлж, түүнд оролцсон гэж Осмаевыг Москва буруутгаж байжээ.

Осмаевыг Украинд 2.5 жил хорьсон боловч Орост шилжүүлж өгөөгүй байна. Хуйвалдаанд оролцсон хоёр дахь хүнийг Оросын талд шилжүүлж өгсний дараа 2013 онд 10 жил шоронд хорих ял оноосон юм.

Өнгөрсөн зургаадугаар сард мөн Осмаевын амийг хорлох ажиллагаа болж байсан. Тухайн үед эхнэр Окуева нь алуурчныг буудан хөнөөж байжээ.

Энэхүү халдлагыг үйлдсэн этгээд нь Францын сонины сурвалжлагч нэрийн дор Украинд ирсэн хүн байсан юм. Чечень хосууд дорнод Украинд салан тусгаарлагчдын эсрэг тулалдаж байсан гэнэ.

Энэ хэрэг нь Украинд болж байгаа олон аллагын сүүлийнх нь юм. Өнгөрсөн долоо хоногт бас Украины парламентийн гишүүний амийг хөнөөх зорилгоор бөмбөг дэлбэлж, гишүүн Игорь Мосычук шархдаж байв. Гишүүний бие хамгаалагч, мөн гудамжинд явсан энгийн хүн дээрх халдлагын үеэр алагджээ.

Энэхүү халдлагын цаана Оросын тусгай албад байгаа гэж Украины прокурор үзэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Оросын сөрөг хүчний хууль тогтоогч асан Денис Вороненков Киевийн гудамжинд буудуулж амиа алдсан юм.

2016 онд долдугаар сард сэтгүүлч Павло Шеремет машинд тавьсан бөмбөгөнд өртөж алагдаж байв. Ийнхүү Орос-Украины харилцааг улам муутгах ээлжит аллага боллоо.

 

Эх сурвалж: AFP