Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын цахилгаан холбоо” компанийг төр удирдаж чадах уу

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 31
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үнэ цэнэ өдрөөс өдөрт буурч байна. Тус компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар суурин утасны 25 хувь, суурин интернетийн 11.3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээрх тус компанийн ханш хэд хоногийн өмнө хамгийн өндөр буюу 4.51 хувиар унасан юм.

Тэгвэл энэ компанийг төр өөрийн мэдэлдээ авахаар боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2,550,000 / хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.

Өөрөөр хэлбэл, “Монголын цахилгаан холбоо" компанийг цаашид үр ашигтай ажиллуулах зорилгыг Засгийн газар өмнөө тавилаа. Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.

Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцөлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх аж. Харин Засгийн газар “Кореа Телеком” корпорациас авсан 40 хувиа эргүүлээд Хөрөнгийн биржид арилжаалах төлөвлөгөөтэй байгаа талаар албаны эх сурвалж дуулгасан юм.

2017 оны төсөвт долоон аж ахуйн нэгжийг хувьчилж, 170 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгасан. Төсөвт тусгаснаар “Монголын цахилгаан холбоо”-г 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж тооцсон юм. Түүнчлэн Төрийн банкны 25 хувийг 75 тэрбум төгрөгөөр, Хөрөнгийн биржийг 20 тэрбум, “Монгол шуудан” компанийг 20 тэрбум, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр тус, тус хувьчилна гэж тооцсон. Ийнхүү энэ онд хувьчлагдах объектын жагсаалтад багтаж, 7.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан “Монголын цахилгаан холбоо" компанийг алдагдалтай ажиллаж байгаа учраас Солонгосын тал удаа дараа худалдах саналыг Засгийн газарт тавьж байжээ.

Уг нь тус компани 2009 онд 2.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 440 сая төгрөгийг ногдол ашиг болгон тарааж байлаа. Дараа жил нь буюу 2010 онд 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин 2011 онд алдагдалд орж эхэлсэн юм. Алдагдалд орсон нэрийдлээр 200 хүнийг ажлаас нь халж байв. Уг нь тухайн үед Монголын эдийн засаг жилд 17.2 хувиар өсөж байлаа. Энэ үеэс эхлээд тус компани алдагдалтай ажиллаж эхэлсэн юм.

Энэ оны хоёрдугаар сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нийт 2.6 тэрбумын зөрчил илрүүлэв. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2.168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн юм.

Мөн 1,893,88 сая төгрөгийн үлдэгдэл өртөгтэй хөрөнгийн асуудлыг зохих байгууллагад тавьж шийдүүлээгүйгээс эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгийн өгөөжид сөргөөр нөлөөлсөн гэх дүгнэлт гарсан юм. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй зэрэг зөрчил илэрснийг тус шалгалтаар илрүүлж байв.

Өнгөрсөн онд тус компани 7.287 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө батлуулснаас оны эцэст 2.981 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэл 40.9 хувьтай гарчээ. Гүйцэтгэх захирал нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байсныг илтгэлдээ онцолсон байх юм. Харин энэ онд “Монголын цахилгаан холбоо” компани 6.537 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Шинээр нэгдмэл биллинг систем нэтрүүлэх” ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр компани нь үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг онлайн төлбөр тооцооны системүүдтэй интеграци хийх боломжтой болох ба цаашлаад хэрэглэгчдэд үйлчилгээний багц, урамшуулал, тарифын сонголт зэргийг санал болгох боломжтой болох аж. “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал нь илтгэлдээ “Компанийг ойрын 5-10 жилийн хугацаанд эрчимтэй шинэчлэх шаардлага тулгараад байгаа. Учир нь суурин утасны үйлчилгээ нь компанийн үндсэн бизнес юм.

Гар утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сүүлийн 2-3 жил суурин утас хэрэглэгчдийн тоо эрчимтэй буурч байна. Хэрэглэгчдийн тоог тогтоон барих үүднээс компани нь ШӨХТГ-т хүсэлт гаргаж суурин утаснууд хоорондоо үнэгүй ярьдаг бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа. Хэрэв уг зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас олговол хэрэглэгчдийн тоог тогтоон барих боломжтой” гэжээ. Тэгэхээр дээрх менежментийг төр хийх болж байна.

Гол нь алдагдалтай ажилладаг компани төрд ирснээр ачаа нэмэх үү, ашиг авчрах уу гэдэг асуудал тулгарна. Хамгийн хүндрэлтэй нь тус компани өөрийн гэсэн байргүй, бусдын байранд түрээс төлж үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Нийт 800 гаруй ажилтан, албан хаагчидтай. Алдагдалтай ажиллах болсон үндсэн шалтгаан нь үүрэн холбооны оператор компаниудад орон зайгаа алдсан явдал юм.

Уг нь “Кореа Төлеком” корпораци “Монголын цахилгаан холбоо”-ны 40 хувийг хувьчилж авсан үеэс үүрэн холбооны сүлжээгээ оруулах тусгай зөвшөөрлийг хүсэж ирсэн ч манай тал хүлээж авалгүй өдийг хүргэсэн гэдэг. Төр ихэнх хувийг нь эзэмшдэг компанид үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нь илүү давуу эрх бий болгоно гэж үзэж ирсэн нь эцсийн дүндээ алдагдал хүлээх шалтгаан болж, нөгөө талдаа хувийн хэвшлийнхэнд боломж олгосон ч юм бил үү хэн мэдлээ.

Эцсийн дүндээ төрийн мэдлийн компани нь дампуурахдаа тулсан нь хувийн хэвшлийнхний нөлөөнд хэт автсаных гэж хэлэх хүмүүс олон байдаг. Одоо төр “Монголын цахилгаан холбоо” компанийг дампууруулалгүй авч үлдэхийн тулд зөв гарц олох ёстой.

Хувьцаагаа худалдах шийдвэр гаргасан “Кореа Телеком” корпораци нь Азидаа харилцаа холбооны салбарт тэргүүлэгч, ашиг нь 22 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Тус корпораци 20 гаруй жилийн хугацаанд гар хумхиад суугаагүй, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаж, техник, технологийг шинэчилсэн. Гэвч хүссэн үр дүнг гаргаж чадаагүй учраас төрд буцаах шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлжээ. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилсан байх юм. Харин 2017 оны эхний хагас жилийн цэвэр орлого нь 59.9 сая төгрөг болжээ. Цэгийг нь олж хатгавал хөрөнгө босгож болох тус компанийг Засгийн газар хэрхэн удирдах нь асуулт хэвээр үлдлээ.

Зураг