Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Apple, Facebook-ийн боссууд Ши Жиньпинтэй уулзжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк, Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нар өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзжээ.

Тэд Бээжингийн Циньхуа их сургуулийн бизнесийн сургуулийн зөвлөхүүдийн жил тутмын уулзалтад ирээд байгаа юм. Күк, Зукерберг нар тус их сургуулийн Эдийн засаг, Менежмэнтийн сургуулийн зөвлөхүүдийн багт суудалтай ажээ.

Энэ үеэр Ши Жиньпин уулзалтад ирээд байгаа дотоод, гадаадын бизнесийн лидерүүдтэй уулзаж, тэдэнд хандан илтгэл тавьсан байна.

1984 онд байгуулагдсан Циньхуагийн бизнесийн сургууль Хятадын болон гадаадын нэр хүндтэй бизнесмэнүүдийг зөвлөхөөрөө ажиллуулдаг. Тэдний дотор Хятадын төв банкны захирал Жоу Шяочуань, Голдмэн Саксийн гүйцэтгэх захирал Ллоид Бланфэйн зэрэг томчууд багтдаг юм.

Тим Күкийн хувьд iPhone X загварынхаа нээлтийн өмнө тус улсад ирээд байгаа нь дэлхийн хоёр дахь том зах зээл болох Хятадад чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл.

Марк Зукербергийн хувьд мөн өөрийн компанийн сүлжээгээ 2009 оноос хойш Хятадын зах зээлд хаалгаад байгаа тул дахин нээлгэхээр идэвхитэй ажиллаж байгаа.

Apple, Facebook компаниудын аль аль нь удирдагчийнхаа Бээжинд ажиллах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Харин Зукерберг өчигдөр фэйсбүүк хуудсандаа Бээжингийн уулзалтын тухай нэгэн мэдээлэл оруулжээ. Түүний мэдээлэлд “Жил бүр энд ирснээр Хятадын бизнес, инновацийн хөгжилтэй танилцах сайхан боломж надад олддог” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Reuters