Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Кэвин Спэйси ижил хүйстэн гэдгээ зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон жил өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг нууж явсны эцэст Холливүүдийн жүжигчин, Оскарын шагналт Кэвин Спэйси өчигдөр буюу Ням гарагт ижил хүйстэн гэдгээ зарлалаа.

“The Usual Suspects”, “American Beauty” кинонуудаараа Оскарын шагнал хүртэж байсан 58 настай жүжигчин энэ тухай твиттер хуудсандаа зарласан юм.

Гэхдээ тэр шууд ийм мэдэгдэл гаргасангүй, эхлээд мэргэжил нэгт жүжигчин Антони Рэпп түүнийг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсан тухай түүхийг сөхсний дараа ийнхүү зарлажээ.

Рэппийг 1986 онд 14 настай байхад нь тухайн үед 26 настай байсан Спэйси оролдож байсан нэгэн явдлын тухай Рэпп эхлээд дэлгэсэн байна.

Дараа нь Спэйси хариу мэдэгдэл гаргахдаа 30 орчим жилийн өмнө болсон тэр явдлыг санахгүй байгаагаа хэлсэн бөгөөд хэрвээ ийм зүйл тохиолдсон бол согтуугийн балгаас болсон байх гээд Рэппээс уучлал гуйсан юм.

Ингээд зогссонгүй Спэйси мэдэгдэлдээ үргэлжлүүлэн өөрийн бэлгийн чиг хандлагын тухай зарлажээ.

Спэйси “энэ дашрамд би өөрийн амьдралын тухай бас нэг зүйлийг дэлгэхээр зориг шулуудлаа” гээд “Миний ойрын хүмүүсийн мэдэж байсанчлан би амьдралдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй дотно харилцаатай явсаар ирсэн хүн. Амьдралынхаа туршид би эрэгтэй хүнтэй романтик харилцаатай байж ирсэн, харин одоо ижил хүйстэн гэдгээ ил зарлаж амьдрахаар шийдлээ” гэсэн байна.

Нэтфликс компанийн “House of Cards” улс төрийн сэдэвтэй цувралын гол дүрд тоглож байсан Спэйси нь Лондоны “Old Vic Theatre” компанийн уран сайхны захирлаар 10 жил ажиллаж байсан, жүжигчин, найруулагч, продюсер, дуучин, зохиолч зэрэг олон талын авьяастай хүн юм.

 

Эх сурвалж: Reuters