Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Каталоны ерөнхийлөгчид Бельгийн засгийн газар улс төрийн орогнол амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Испаний засгийн газраас эрх мэдлийг нь цуцлаад байгаа Каталоны автономит мужийн ерөнхийлөгч Карлес Пуйчдемонд улс төрийн орогнол өгөхөд бэлэн байгаагаа Бельгийн Цагаачлалын албаны сайд Тео Франкен өчигдөр орон нутгийн телевизийн сувагт ярьжээ.

Бельги улсад өмнө нь ийм туршлага байсан, тухайлбал Испаний Баскийн салан тусгаарлагчид тус улсаас орогнол хүсэж, авч байсныг сайд хэлсэн байна.

Мадридын эрх баригчид Каталоныг Испаниас салан тусгаарлах ажиллагаа явуулсан гэж үзэн Пуйчдемоныг шүүхэд дуудаж магадгүй байгааг хэвлэлүүд мэдээлсэн юм. Хэрвээ ингэвэл тэр 30 хүртэл жил шоронд хоригдох ял авах магадлалтай байна.

Өнгөрсөн Баасан гарагт Каталоны парламент муж улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан юм. Үүний дараа Испаний сенат үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг засгийн газартаа өгсөн байна.

Ингэснээр Испаний ерөнхий сайд Мариано Рахой салан тусгаарлах үзэлтэй Каталоны засаг захиргааг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгаж, удирдлагыг Мадридад шилжүүлж байгааг зарласан юм. Каталоны шинэ парламентийг сонгох сонгуулийг арванхоёрдугаар сарын 21-нд товлож байгааг бас зарлажээ.

Аравдугаар сарын 1-нд Каталонд болсон тусгаар тогтнолын санал асуулгад нийт 5.31 сая сонгогчоос 2.28 сая нь оролцож, 90.18 хувь нь Испаниас туурга тусгаарлахыг дэмжсэн юм.

Харин Мадридын засгийн газар уг санал асуулгыг хууль бус гэж зарлаж байв.

 

Эх сурвалж: ТАСС