Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Иргэдийн цалингаа нэмүүлье гэсэн шаардлага хууль зөрчиж байгаа явдал биш

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

МАХН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "МАХН-ын Бага чуулган ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 10 дугаар сарын 30-нд болно. Уг хурлаар бид нийт хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн орлого багассан асуудлыг хэлэлцэнэ. Иргэдийн цалингаа нэмүүлье гэсэн шаардлага хүсэлт бол хууль зөрчиж байгаа явдал биш.

Харин цалин тэтгэврийг нэмнэ гэж сонгогдсон эрх баригчид цалин нэмэхгүйгээр иргэдийг даварсан, давраагүй гэж хэлж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ асуудлыг таслан зогсоохыг төлөө МАХН-ынхан иргэдийнхээ орлого, цалин, ажлын байрны төлөө тууштай  зүтгэнэ" гэв. 

МАХН-ын ээлжит Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал ярилаа. 

Хүчирхийллийн эсрэг тусгай хөтөлбөр гаргана

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг туйлын тогтворгүй байна. МАХН урьдынхаасаа илүү түүхэн үүргээ сайн гүйцэтгэх хариуцлага тулгарч байна.

Тийм учраас МАХН-ын Бага чуулганаар энэхүү хямралтай нөхцөл байдалтай тэмцэх арга тактикаа хэлэлцэнэ. Зуут аравтынхаа бүтцийг улс орон даяар бүх баг, сумд, хороонд сэргээн байгуулна. Нөгөө талаасаа МАХН-ын үндэсний эв нэгдлийн асуудлыг ярина. МАХН цалинг нэмэх асуудлыг хүчтэй дэмжиж байгаа улс төрийн хүчин гэдгээ аль эрт илэрхийлж мэдэгдэл гаргасан.

Тухайлбал би эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсний хувьд эмч хүн хоёр сая дөрвөн зуун мянгаас хоёр сая зургаан зуун мянган төгрөгийн цалинтай ажил хийдэг юм байна гэдэг бодит өртөг зардлыг тогтоосон.

Тиймээс цалингаа нэмүүлэх асуудал нь иргэдийн зүй ёсны эрх юм. Нийгэмд гарч байгаа өөр олон асуудалд бид анхаарал хандуулж байна. МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг тусгай хөтөлбөр гаргаж, үндэсний хэмжээний сэрэмжлүүлэг үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.