Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Калашников концерн сэтгүүлчдэд хямдралтай зэвсэг санал болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оросын галт зэвсэг үйлдвэрлэгч Калашников Концерн бие хамгаалах зориулалтаар сэтгүүлчдэд хямдралтай зэвсэг нийлүүлж, хэрхэн хэрэглэх сургалт явуулах санал гаргажээ.

Энэ долоо хоногийн эхээр “Эхо Москвы” радио станцын сэтгүүлч, хөтлөгч Татьяна Фельгенгауэрыг ажлын байран дээрээ байхад нь нэгэн этгээд довтолж, хүзүүнд нь хутгалсан хэрэг гарсантай холбоотой ийм санал гаргасан байна.

Сэтгүүлч эмэгтэй одоогоор эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа.

Ижевск хотод төвлөрдөг Калашников Концерны мэдэгдэлд “Манай компани хариуцлагатай зэвсэг эзэмшилт, иргэдийн биеэ хамгаалах эрхийг дэмждэг. Ажлын үнэмлэхээ үзүүлсэн сэтгүүлч бүрт бид 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхэд бэлэн байна. Үүнээс гадна манай ажилтан биеэ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөх юм” гэжээ.

Компанийн санал болгож байгаа зэвсэг нь МР-80 загварын гар буу бөгөөд энэ нь резинэн сумтай, хүний амийг хөнөөлгүй, шархдуулах зориулалттай гэнэ.

Дээрх мэдэгдлийн дараа Оросын өдөр тутмын Новая Газета сонины эрхлэгч Дмитрий Муратов сэтгүүлчдээ зэвсэглэхээр шийдсэнээ ярьжээ.

“Эхо Москвы” радиогийн байранд халдсан Борис Гритс гэгч этгээд өөрийгөө сэтгүүлч эмэгтэйтэй “алсын зайнаас онцгой харилцаатай” болсон гэж мэдүүлсэн байна. Одоо түүний сэтгэцийг эрүүл эсэхийг шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today