Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Номхон далайд устөрөгчийн бөмбөг турших нь хоосон яриа биш гэж анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо тус улс Номхон далайн усанд устөрөгчийн бөмбөг туршина гэж АНУ-д заналхийлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр тус дэглэмийн ахлах дипломатч Ри Ён Пил CNN сувагт ярилцлага өгөхдөө сайдынхаа хэлсэн үгийг “шууд утгаар” нь хүлээж авах хэрэгтэйг Америкийн талд сануулжээ.

“Манай их удирдагчийн санаа бодлыг гадаад хэргийн сайд маань маш сайн мэдэж байгаа тул түүний үгийг та бүхэн шууд утгаар нь хүлээж авах ёстой гэж би бодож байна” гэж тэрээр ярьсан байна.

Хойд Солонгосын өмнөх цөмийн туршилтууд бүгд газрын гүнд хийгдэж байсан. Ирэх долоо хоногт Дональд Трамп Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлэх бөгөөд энэ үеэрээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар түншүүдтэйгээ хэлэлцэнэ.

Түүнийг хоёр Солонгосын газар нутгийг заагладаг Зэвсэггүй Бүсэд зочилж магадгүй тухай яриа гараад байгаа. Энэ талаар сэтгүүлчид асуухад Трамп “Би яах тухайгаа хэлмээргүй байна. Гэхдээ та бүгдийг гайхшруулах болно” гэсэн эргэлзээтэй хариу өгсөн байна.

Пёньяны цөмийн болон пуужингийн туршилтуудыг зогсоох гэсэн түүний арга замууд бүгд мухардалд ороод байгаа.

Тиймээс Трампыг Хойдын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй гэсэн таамаг байгаа юм. Яг одоо АНУ болон Өмнөд Солонгосын арми энэ бүс нутагт пуужингаас хамгаалах байлдааны сургуулилалт хийж эхлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian