Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Засгийн газрын шинэ бондын хэмжээ 800 сая ам.доллар болж, хүү нь буурчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт олон улсын хөрөнгийн зах зээлээс 650 сая ам.долларын бондыг 6.1 хувийн хүүтэй босгож байгаа тухай гадны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тэгвэл бондын эрэлт их байсан тул 800 сая ам.долларыг төлөвлөж байснаас илүү бага хүүтэй босгож чаджээ.

Хэмжээ: 800 сая ам.доллар

Хүү: 5.625 хувь

Хугацаа: 5.5 жил

“Гэрэгэ” гэж нэрлэсэн уг бондыг Чингис бондын /1.5 тэрбум ам.доллар/ эхний төлбөр болох 500 сая ам.доллар, Димсам бондын 160 сая ам.долларын өрийг санхүүжүүлэхэд зарцуулна гэсэн мэдээлэл байна. Шинэ бондын талаар Засгийн газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.  

Бид Чингис бондын төлбөрийг 2018 оны нэгдүгээр сард, Димсам бондын төлбөрийг 2018 оны тавдугаар сард төлөх үүрэгтэй.

Бондын хугацаа нь урьдчилсан байдлаар 5.5 жил, хүү нь 5.625 хувь байгаа нь Евро бондын өрийг төлөх зориулалтаар босгож байсан “Хуралдай” бондын 8.75 хувийн хүүгээс хямд болж чаджээ.

Өрийг дахин санхүүжүүлэх ажил эхэлсэн тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа 2017 оны наймдугаар сард мэдээлэл өгч байсан билээ. Тэрбээр “Манай валютын нөөц бага, төсвийн алдагдал өндөр хэвээрээ байна. Бид байгаа боломжоо шавхаад энэ төлбөрүүдийг дотооддоо хийх юм бол эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байх магадлалтай. Тийм учраас бондын төлбөрүүдийг гадаад зах зээлээс санхүүжилт татах замаар хийх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн тайлбарласан юм.