Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Францын төрийн тэргүүнүүдийн амрагийн явдал Макроноор дуусгавар болох уу?

Э.Мөнхзаяа
2017 оны 10 сарын 26
MorninigNews.mn
 

-Францын улс төрийн соёлын нэг хэсэг болох завхай явдал, урвалт- 

Нөлөө бүхий эрчүүдийн зүгээс бэлгийн дарамт учруулж байсныг хүлээсэн эмэгтэйчүүдийн давалгаа намжих төлөвгүй байна. Холливудын нэрт продюсер Харви Вайнштентэй холбоотой секс дуулианаас хойш жүжигчин, дуучин, улстөрч гээд олон эмэгтэй “Би ч бас” хэмээх нэрийн дор кампанит ажил өрнүүлжээ. Энэхүү давалгаанд франц бүсгүйчүүд ч хувь нэмрээ оруулж эхэлсэн байна.

Тухайлбал, Францын парламентын нэгэн гишүүний туслах Марин Тонделье парламентын аппаратын ажилтнууд, гишүүд гээд бэлгийн дарамт учруулах өндөр эрсдэлтэй эрчүүдийн хар жагсаалт байдаг тухай ярьжээ. “Бид хэнтэй цахилгаан шатанд суухгүй байсан нь дээр вэ гэдгийг мэддэг байсан. Эсрэг тохиолдолд тэдний гар өгзгөн дээр явж байна л гэж мэд” хэмээн Францын Орон сууц, газар нутгийн хөгжлийн сайд асан Сесиль Дюфло туслахын хэлснийг баталжээ. Энэ бол хэний ч гайхахаар асуудал биш мэт. 

Яагаад гэвэл Францын засаг захиргаа, дээдсийн дунд хөнгөхөн зугаацал, сээтэгнэлээс амрагийн явдал гээд түүх их. Энэ тухай “Лента”-д ийнхүү бичжээ. 

“Азарган тахиа” зочид буудал

Валери Жискар д'Эстен (1974-1981 оны Францын Ерөнхийлөгч)

 
Жискар д`Эстен

“Би Ерөнхийлөгч байхдаа 17 сая франц бүсгүйд дурлаж байсан. Тэднийг олон дундаас харахад тэд ч үүнийг мэдэрч, дараа нь миний төлөө саналаа өгдөг байлаа” хэмээн Жискар д’Эстен нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Гэвч эх орных нь хэдэн сая сайхан бүсгүй дотроос улстөрч эрийн онцолж дурласан бүсгүйчүүд ч цөөнгүй байсан. 

Харин тэд сонгуульд түүнд саналаа өгөөд зогсохгүй харилцан туслалцаа авчээ. Жискар д’Эстений хамгийн алдартай хайрын дуулиан Ерөнхийлөгч болохоос нь өмнө эхэлсэн түүхтэй. Түүний гал халуун дурлал нь “Эммануэль” алдарт эротик киноны гол дүрд тоглосон жүжигчин Сильвия Кристель юм. Гэвч сонгуульд ялалт байгуулсан, хууль ёсны эхнэрээс нь дөрөв дэх хүүхэд төрсөн нь ч тэдний харилцааг өөрчилсөнгүй. Ерөнхийлөгч, Кристель нарын хайр дурлалын харилцааны тухай бүгд мэддэг байв. Тэр ч байтугай “Эммануэль”-ийн од бүсгүй албан ёсны хүлээн авалтад эзэгтэйн хувиар оролцож, төрийн тэргүүнтэй хамт гадаад дахь айлчлалаар нь явж байв. 

Ийнхүү Жискар д’Эстен алдартай жүжигчинтэй жиг ургуулсан хэдий ч хажуугаар нь олон бүсгүйтэй нэр холбогдсон байдаг. Елисейн ордны эзэн тэр ч бүү хэл “театр, кинотой холбоотой төлөөлөгч” албан тушаалтай туслахуудыг баталжээ. Эдгээр туслах нь төрийн тэргүүнийг царайлаг бүсгүйчүүдтэй танилцуулж, нууцаар уулзуулдаг үүрэгтэй. Ийм уулзалт нь ихэвчлэн “Азарган тахиа” хэмээн нэрлэгддэг тансаг зочид буудалд явагддаг байв. 

Хоёр байшингийн амьдрал

 
Миттеран Франсуа

Түүний Ерөнхийлөгч болохоос өмнөх үе, Елисейн ордонд өнгөрүүлсэн өдрүүд бас л сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн. Миттеран хамгийн анх 1944 онд албан ёсоор гэр бүл болж байсан бөгөөд эхнэрүүдээсээ хоёр хүүтэй. Түүнийг хэн гэгч бүсгүйчүүдтэй хэрхэн холбогддог байсан нь нас барсных нь дараа л ил болсон юм. Миттераны хувийн жолоочоор 20 гаруй жил ажилласан, бие хамгаалагч Пьер Турлье “Зүүнтээх аялал” дурсамж номондоо хуваалцжээ. 

Гэр бүлсэг хэмээн олонд харагддаг төрийн тэргүүн үнэндээ дор ажилладаг бараг бүх эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байв. Нэгэн удаа Миттеран нөхөртэйгөө Парист албан ёсоор айлчлан ирсэн хатантай (чухам аль улсынх нь тодорхойгүй) шөнийг өнгөрүүлсэн гэнэ. Тэрхүү шөнийн дараа Францын Ерөнхийлөгч жолоочдоо бүх зүйл соёлтой, ухаалаг болж өнгөрсөн гэжээ. Хартай нөхөр нь харин хатантайгаа муудалцаж, салах сарнихдаа тулжээ. 

Үүнээс гадна Миттераныг Итали-Францын нэрт дуучин Далидатай холбоотой байсан гэдэг яриа байдаг. Ерөнхийлөгчийн хувьд хүүхнүүдэд тансаг хоол мэт ханддаг байжээ. Тэрээр оройн цагаар зууш, үндсэн хоол, амттан хэмээн гурван эмэгтэйтэй цуварч уулздаг байсан тухай дурсамж номонд өгүүлсэн байна. Үнэхээр ч Миттеран хоолны соёлтой нэгэн байсан. Тухайлбал, бие хааг нь тачаангуй, тэгш байлгаж чаддаг хэмээн хясаа их иддэг байжээ. 

Ерөнхийлөгч нэг эмэгтэйтэй 2-3 удаа л уулздаг. Экс амрагууд нь ч үүнд гомддоггүй бөгөөд хариуд нь Елисейн ордонд ажилд орох буюу Социалист намд нь нэгэн албан тушаалд дэвшинэ. Харин төрийн тэргүүнийг хоёр гэр бүлтэй байсныг бараг хэн ч мэддэггүй. Франсуа Миттеран, Анна Пенжо нар 1961 онд Атлантын эргийн нэгэн амралын газарт танилцсан аж. Тухайн үед Анна дөнгөж 18 настай байлаа. Миттераныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд тэдний холбоог төрийн гол нууцад оруулж байв. 

Ерөнхийлөгч Франсуа Миттеран 1996 онд түрүү булчирхайн хорт хавдраар өөд болсон юм. Харин түүний гэргийн Даниэль Миттеран оршуулгын ёслолд хоёр дахь гэр бүл нь болох Анна Пенжог биечлэн урьсан түүхтэй. Ингээд тэрхүү гашуудлын ёслолыг хоёр “тэргүүн хатагтай” зэрэгцэн сууж өнгөрөөжээ. 

Намын гаднах өрсөлдөөн

Жак Ширак (1995-2007 оны Францын Ерөнхийлөгч)

 
Жак Ширак

Жак Ширак ч бас өмнөх төрийн тэргүүн Миттерантайгаа дурлалын асуудлаар өрсөлдөхөөр байжээ. 1972-1997 он хүртэл Ширакийн хувийн жолоочоор ажиллаж байсан Жан-Клод Ломонд төрийн тэргүүний албан бус амьдралыг сайн мэддэг тул “25 жил хамтдаа” хэмээх дурсамж ном хүртэл бичжээ. “Ширак Миттерантай өөрийн эрхгүй өрсөлддөг байсан. Түүнд өмнөх Ерөнхийлөгчийн хүүхнүүдийг харуулах тоолонд л биеэ барьж дийлэхгүй “Бас энэ үү” гэдэг байсан. Ширакийн хувьд намын хамтрагч, нарийн бичгийн дарга нар гээд л дэргэд нь тавхан хором байсан эмэгтэйчүүд болгонтой л холбогддог байсан” гэжээ. 

“Намын штабын эмэгтэй ажилтнуудын дунд Ерөнхийлөгчийн тухай ийм шог яриа хүртэл гарсан байлаа. “Ширак уу? Сэтгэлтэй болохтойгоо нийлээд л гуравхан минут шүү дээ” гэдэг байв” хэмээн жолооч нь ярьжээ. “Төсөөлөөд үз дээ. Би 25 жилийн турш, орой болгон Ерөнхийлөгчид дүүрсэн эрч хүчийг нь гаргаж өгөх шаардлагатай болдог байв. Хамгаалалтын нэг офицер гэх царайлаг, хүүхэмсэг залуу бидэнтэй хамт айлчлалаар байнга дагалдан явдаг байсан.

Нэг удаа Ерөнхийлөгч, хамгаалагч залуу хоёр хоёулаа залуухан ажилтан бүсгүйг хараандаа авч л дээ. Ингээд тэдний хооронд өрсөлдөөн бий болсон байна. Тэгтэл Ширак үүнийг анзаарангуутаа хамгаалалтын даргаа дуудаж, “Ажилтандаа анхааруул. Тэр миний газар нутагт ангуучлах ёсгүй” хэмээн хатуу донгодсон гэдэг” хэмээжээ. 

Тэр ч бүү хэл гадаадын гүрнүүдийн удирдагчдын эхнэрийг эргүүлэх оролдлогоороо ч Миттеранаас огт дутахгүй. “Ширак саяхан Сирийн залуу Ерөнхийлөгчийг айлчлах үеэр гэргийг нь цоо ширтэж, нэрээр нь дуудаж, албан ёсны оройн зоогийн үеэр ер бусын их анхаарч билээ” (Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний гэргийн 2001 оны зун Парист хийсэн айлчлалыг хэлж буй аж) хэмээн жолооч нь ярьсан байна. 

Жак Ширак өөрөө улс төрийн тавцангаас буусны дараахан өгсөн нэгэн ярилцлагадаа “Бид эмэгтэйчүүдийг үзэн яддаггүй. Гэхдээ тэдэнд тэгтлээ их анхаарч байсангүй” хэмээжээ. 

“Мексик сериал”

Николя Саркози (2007-2012 оны Францын Ерөнхийлөгч)

 
Николя Саркози

Францын дараагийн төрийн тэргүүн Николя Саркози ч өмнөх Ерөнхийлөгчдөөсөө хоцрохгүйг хичээжээ. Түүний амрагийн явдал 1983 оноос эхэлсэн түүхтэй. 
Тэр үед залуу улстөрч Николя Саркози Нейи-сюр-Сен хотын даргаар сонгогджээ. Ингээд гэр бүлтэй, 28 настай улстөрч Ширакийн охин Клодын араас гүйж эхэлсэн байна. Гэвч хайр дурлалын харилцаа удаан үргэлжилсэнгүй, эвээр салцгаажээ. 

Ингээд жилийн дараа буюу 1984 онд мексик олон ангит киног санагдуулам түүх эхэлсэн байна. Нейи-сюр-Сен хотын дарга Саркози телевизийн хөтлөгч Жак Мартен, загвар өмсөгч Сесилия Сиганер нарын гэрлэх ёслолыг үйлджээ. Сүйт бүсгүй тухайн үед өнөө мөдгүй төрөх дөхсөн байсан ч Саркози түүнд дурласан байна. Ингээд дөрвөн жил эргүүлсний эцэст 1988 онд бүсгүй нөхрөө хаяад, эхнэртэй гэгдэх Саркози дээр иржээ. Тэрбээр 1996 онд албан ёсоор салж, Сесилиятай хуримласан аж. Хуримын ёслолоо 1984 онд эхнэрийнхээ өмнөх нөхөртэйгөө хуримлаж байсан хотын захиргаанд үйлдсэн байна. 

Хос хамт амьдарсан он жилүүддээ аз жаргалтай байсан эсэх нь тодорхойгүй ч 2005 онд Саркози Францын Дотоод хэргийн сайд болох үед Сесилия сэтгүүлч Ришар Аттиастай амрагийн холбоо үүсгэжээ. Харин үүний хариуд Францын Дотоод хэргийн сайд шинэ амрагийнхаа энхрийлэлд тайтгарч байв. Гэвч 2006 онд Ерөнхийлөгчийн сунгаа эхлэхэд тэд салсан нь дээр гэж шийдвэрлэж, хэсэг хугацааны дараа гэрлэлтээ цуцлуулжээ. Сесилиягийн хувьд хэсэг хугацаанд ч гэсэн Францын тэргүүн хатагтай байснаараа нэг талаараа азтай. 

Ингээд Николя Саркози төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа ганц бие хэвээр байсан. Тэрбээр дуучин, модель, итали гаралтай Карла Брунид дурлаж, гурав дахиа гэрлэжээ. 

Шинэ жилийн үлгэр

Франсуа Олланд (2012-2017 оны Францын Ерөнхийлөгч)

 
Франсуа Олланд

2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Николя Саркозийн гол өрсөлдөгч нь Социалист намаас нэр дэвшигч Сеголен Руаяль байсан. Түүний хувьд 1970-аад оны сүүлчээр Франсуа Олландын хамтран амьдрагч эхнэр байсан юм. Тэд дөрвөн хүүхэдтэй ч энгийн гэр бүл шиг байсангүй. Тэгэхээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг огт гэрлэж байгаагүй гэж тооцдог байв.

Тэрбээр Сеголен Руаялиас 2007 онд салсан. Түүний салсан нэг шалтгаан нь “Paris Match” сэтгүүлийн сэтгүүлч Валери Триервейлертэй холбогдсон нь ч орно. 
Түүний хувьд 2014 оны нэгдүгээр сард жүжигчин Жюли Гайетэй холбогдсон түүхтэй. Франсуа Олландыг түүнтэй холбоотой гэх яриа гарч байсан ч нотлох баримт огт гарч ирдэггүй байлаа. Тэр ч бүү хэл 2013 оны хавар Жюли Гайе хувийн амьдралд нь хошуу дүрлээ гэж шүүхэд хүртэл хандаж байв.

Тэрбээр өөрийг нь Ерөнхийлөгчтэй холбосон блогчдыг шийтгэхийг шаардаж байлаа. Ингээд шүүхийн явцад Олландын амрагийн явдал түр намжсан байна. Гэвч жүжигчин Стефан Гийон санаатай юу, эсвэл санамсаргүйгээр үү, амрагуудын явдлыг дэлгэж орхижээ. Тэрбээр Жюли Гайетэй хамт оролцсон телевизийн нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр түүнийг Ерөнхийлөгчтэй холбоотой болохыг хэд хэдэн удаа сануулаад авчээ.

Үүний дараахан “Closer” сэтгүүлийнхэн папарациа хөдөлгөж, дурлалт хосын “үүр” гэгдэх байшингийн эсрэг талын дээвэр дээр ангуучилжээ. Папараццичдын авсан зургаас харахад Дю Сирк гудамжны 20 дугаартай байшинд Гайе орсон байна. Гэтэл удалгүй тэрхүү байшин руу нэг эр орсон нь Ерөнхийлөгчийн хувийн хамгаалагч байсан бололтой. Залуу эр өрөөг шалгасны дараахан скутертэй хоёр эрэгтэй орсны нэг нь Ерөнхийлөгч Франсуа Олланд, нөгөөх нь түүний бие хамгаалагч байв.

Төрийн тэргүүний царайг мотоциклын дуулгаар бүрэн хаасан ч гутал, костюм зэргээр нь таньж болохоор байлаа. Арванхоёрдугаар сарын 31-ний өглөө Олландын хамгаалагч дурлалт хосод өглөөний цай, талх авч ирж өгчээ. Ингээд гурван цагийн дараа дуулгатай Олланд байшингаас гарч, скутерээ унаад Елисейн ордны зүг явсан байна. Үүний дараа Жюли Гайе байшингаас гарч иржээ. Гэрэл зургууд 2014 оны нэгдүгээр сарын 10-нд нийтлэгдэж, тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьсан юм. Валери Триервейлер сэтгэцийн хямралаар эмнэлэгт хэвтэж, удалгүй Елисейн ордныг орхижээ.

Үнэнч, үлгэр жишээ гэр бүл

Эммануэль Макрон (2017 оны тавдугаар сараас Францын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй)

 
Эммануэль Макрон

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Францын гоо сайхны сэтгүүлүүд залуу Макроныг шинэ секс бэлгэ тэмдэг хэмээн нэрлэж байлаа. Хэвлэлүүдэд түүнийг гоц ухаантан, олон улстөрчөөс сайн талаараа эрс ялгарсан нэгэн гэж тэмдэглэж байв. Түүний нэр хүнд ямар ч өө сэвгүй байсан гэхэд болно. Тухайлбал, түүний гэр бүлдээ үнэнч занг бүгд үнэлж байлаа. Брижит Тронье ирээдүйн Ерөнхийлөгч, 15 настай Эммануэльд франц хэл заадаг байсан бөгөөд сурагчаасаа 24 насаар эгч байлаа.

Гэвч хүү үүнд санаа зовсонгүй, 17 насны төрсөн өдрөөрөө “Та юу ч хийсэн, юунаас ч зугтсан би тантай гэрлэх болно” хэмээн амлажээ. Гэтэл Тронье тухайн үед нөхөртэй, гурван хүүхэдтэй байв. Тэр үед бүсгүй дурлалдаа шатсан хүүг дооглон инээж байв. Гэсэн ч 2007 онд Брижит нөхрөө хаяж, Эммануэльтэй гэрлэжээ. “Бид бүхий л саадыг тоолгүй, хамтдаа байсан. Удалгүй миний амьдралд түүний хүүхдүүд, тэдний гэр бүл, ач, зээ нь орж ирсэн. Манай гэр бүл бол миний амьдралын үндэс суурь юм” хэмээн Макрон “Хувьсгал” хөтөлбөрийн номондоо бичсэн байдаг. 

Ер нь энэ гэрлэлтийг зөвхөн өнгөлөн далдлалт, харин Макрон ижил хүйстэн бөгөөд “Radio France” радио станцын ерөнхий захирал Матье Галлетэй уулздаг гэж зарим хүн ярьдаг. Үүнийг ч улстөрч эр үгүйсгэж, “Хэрвээ үдийн зоогон дээр танд намайг Маьте Галлетэй холбоотой гэвэл миний ихрийн талаар л ярьж байна гэсэн үг” гэжээ.

Магадгүй Макрон тус улсын төрийн тэргүүнүүдийн дунд хэдэн арван жил үргэлжилсэн нууц амрагийн явдлыг эвдсэн цорын ганц Ерөнхийлөгч ч болж мэднэ. Гэхдээ одоогийн Елисейн ордны эзний ойрын хүрээллээс дурсамж ном гаргасан хүн үгүй болохоор ирээдүйд ямар нэгэн дуулиан гарч ирэх ч юм бил үү, хэн мэдэх билээ.

Зураг