Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Булгамаа: Шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна

Ч.Үл-Олдох
2017 оны 10 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт, энэ төрлийн хэргүүд шударга бус шийдэгдэх вий гэдэгт онцгойлон анхаарч ажиллахыг Төрийн тэргүүн салбарын сайд, холбогдох хүмүүст  анхааруулсан. Тэгвэл БЗД-ийн XXI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд  бусдад хүчирхийлүүлж, амь насаа алдсан 13 настай охины ар гэрт  Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын орон тооны бус зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.

–Та 13 настай талийгаач охины ар гэрийнхэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн. Хүч тавихаас аргагүй ямар байдал үүсэв?

-Талийгаач охины ар гэрийнхэнд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр, мөн сайн дурын үндсэнд үзүүлж байгаа. Эх хүн, эмэгтэй хүний хувьд 13-хан настай жаахан охиныг харгис хэрцгийгээр амийг нь егүүтгэж, хүчирхийлсэн онц ноцтой гэмт хэрэгт сэтгэл эмзэглэж  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлье гэж шийдсэн. Сүүлийн үед нийгмийг сэрхийлгэж байгаа онц ноцтой гэмт хэргүүдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд, охид руу чиглэсэн, тэднийг хүчирхийлсэн, бие махбодод нь халдсан хэргүүд байна.

Нийгэм даяар нэг хэсэг шуугьж байгаад хэрэг ямар түвшинд шийдвэрлэгдсэн, гэмт хэрэгтнүүдэд ямар шийтгэл ногдуулсан нь орхигддог нь харамсалтай бөгөөд сөрөг жишиг болж байна. Иймээс би охидыг хүчирхийлсэн гэмт хэрэг дээр дагнан ажиллаж байгаа.

13 настай охиныг хүчирхийлж амь насыг нь хохироосон  гэмт хэрэг наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн байтал өнөө хүртэл хоёр сарын хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа яаж үргэлжлэв гэдгийг харахад сэтгэлд хүрэхгүй байгаа юм. Иймээс ар гэрийнхний зүгээс өмгөөлөгчдийн багт ач холбогдол өгч, хандаж байна. Өнөөдрийн байдлаар өмгөөлөгч Б.Энхтуяа, Г.Батбаяр болон миний бие хамтран ажиллаж байна.

–Ямар алдаанууд анхаарал татаж байна вэ?

-Хэрэг гарсан тухайн өдрөөс эхлээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаах үйл ажиллагааг харахад ар гэрийн зүгээс хэд хэдэн зүйлд сэтгэл дундуур, гомдолтой байгаа. Хэргийн газрын үзлэг учир дутагдалтай явагдсан. Хэргийн газраас ганц шил архи олдсон гэх боловч шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийг 5.7 хувийн согтолттой буюу 5,7 парамиль илэрсэн гэж гарсан. Анагаахын шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, энэ чиглэлийн судлаачид хоёр шил орчим архины хэмжээтэй дүйнэ гэж тодорхойлдог.

Тэгвэл үүний нотлох баримт хаана байна. Охины аав нэг зүйлийг хэлдэг, гурав хоногийн дараа ээж нь охиныхоо цогцостой танилцсан, өмнө нь ямар байсныг харах боломж бидэнд хязгаарлагдмал байсан гэж. Гэмт хэрэгтэн А бол тэр айлын хамар хашаанд 13 жил амьдарсан хөршийн залуу. Хэргийн газарт очсон цагдаагийнхан хохирогч хэн байв гэдгийг асуусан бол А “Манай урд талын хашааны тэр айлын охин тэр юм аа” гэдгийг хэлж, аав нь газар дээр нь очих бололцоо байсан. Гэтэл тэр нөхцөлийг бүрдүүлэлгүй А-г машинд ачаад бужигнаад явчихсан байдал анзаарагддаг.

Гэмт этгээдээс согтуурлын хувь хэмжээг тодорхойлсон шинжилгээг аваагүй. Гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээдийг шууд батлан даалтад гаргаж гадуур явуулсан. Цагдан хорих саналаа хэлж байхад хүчингийн хэрэг хорих нь чухал биш гэсэн чиглэл өгсөн албан тушаалтан ч байна. Ингээд сар гаруйн дараа л А, Ж нарыг хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.

Ажилдаа хариуцлагагүй хандсан хуулийн байгууллагын албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Энэ чиглэлд тавих хяналт маш сул байна. Энэ байдал нь гэмт хэрэгтнүүдийг үгсэн хуйвалдах, ял завших, хэргийн мөрийг баллах, эсвэл хохирогчийг гэм буруутай, өөрөө л болохгүй хүн байсан  мэтээр нийгэмд буруу мэдээ мэдээлэл түгээх нөхцөл бололцоог бүр­дүүлж өгсөн. Үүнд өмгөөлөгчдийн болоод ар гэрийнхний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа.

–Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад зарим хэвлэл 13 настай охин архины хордлогоор нас барсан гэж мэдээлсэн. Талийгаач хэн байв гэдгийг та өмгөөлөгчийн хувьд үнэн мөнөөр нь судалсан байх?

-Талийгаач сошиал болоод хэвлэл, мэдээл­лийн зарим хэрэгслээр бичсэн шиг биеэ үнэлэгч, эсвэл орон гэргүй тэнэмэл хүүхэд байгаагүй. Эрүүгийн хуулиар 14 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд буюу биеэ хамгаалах чадваргүй гэж үздэг. Талийгаач М нь 13 настай, нийгмийн дундаж айлын хүүхэд байсан. Аав, ээж, өвөө, эмээтэй, дороо нэг дүүтэй. Ёс суртахууны доголдолгүй, элэг бүтэн айлын охин байсан.

Хүүхдийн хувьд хүмүүжил төлөвшил сайтай, зан ааш төлөв даруу, хичээл номдоо шамдаж, гурван настайгаасаа дуулж эхэлсэн. Сургуулийн, дүүргийн, улсын, олон улсын чанартай тэмцээнүүдээс шилдэг, тэргүүн байрны шагналыг олон удаа авсан. Нийслэлийн Тэргүүний 33 дугаар сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангид сурдаг, сургуулийнхаа “Эгшиглэн” хамтлагийн гоцлол дуучин байсан. Үүнийг бага, дунд анги даасан болон хичээл ордог багш нар нь хэлж байгаа.

Тиймээс талийгаач охин М нь хүмүүжил төлөвшил сайтай, төлөв даруу, ээж аавдаа тусалж дүүгээ харж өгдөг, гадуур тэр бүр яваад байдаггүй охин байсан гэдгийг би өмгөөлөгчдийн багаа төлөөлж олон нийтэд хэлмээр байна. Энэ нь олон хүчин зүйлээр нотлогдож байгаа. Ар гэрийнхний зүгээс охиноо хараа хяналтгүй байлгасан зүйл байхгүй. Дороо гурван настай дүүтэй, дүүгээ хардаг, цэцэрлэгээс нь авдаг, хүргэж өгдөг.

Зуны амралтаар ч эмээ, өвөөдөө туслаад завгүй, ямар нэг буруу зүйлд татагдах, хүмүүжлийн доголдолтой болох зав цаг байгаагүй. Гэмт хэргийн талаар харсан, үзсэн, хамт байсан мэтээр детальчилж мэдээлдэг байдал газар авч, цуурхал дэгдээж байгаад ч бид хариуцлага нэхнэ. Цахим ертөнцөд түүнийг нь дэвэргэдэг байдалтай хариуцлага тооцож тэмцэх ёстой.

–Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хэрэг яаж шийдэгдэхээр байна? 

-Шүүх эмнэлгийн дүгнэлт есдүгээр сарын 7-ны өдөр гарсан. Ар гэрийнхэн нь эргэлзэж байгаагаа илэрхийлж дахин шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан. Үүний мөрөөр БЗД-ийн прокуророос шинээр баг гаргаж ажиллахаар болсон. Ээж нь охины минь уруулын дотор тал язарсан, үүдэн шүд хөдөлсөн, хамрын яс хугар­сан нүд халтирам байдалтай байсан атал шүүх эмнэлгийн дүгнэлтэд тэр тухай үг, үсэг ч байгаагүй гэж гомдоллож байгаа.

Нүдээр харахад л бодитой харагдаж байсан зүйлүүд дүгнэлтэд байгаагүй юм чинь дотор эрхтэн нь ямар хэмжээнд шинжлэгдсэн бэ гэдэгт бид эргэлзэж байна. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлтэд нас баралтын шалтгааныг спирт 5.7 парамиль буюу архины цочмог хордлогод орж нас барсан гэж гарсан. Архийг хэн өгсөн бэ, хэн уулгасан бэ, түүнээс болж амиа алдсан юм бол гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэн шалгаад явж байна. Хүний амь нас хохирсон байхад зүйлчлэлийн асуудлыг үйлдэл тус бүрээр нь авч үзэх ёстой.

Шүүх эмнэлгийн дүгнэлт дэх тархины цус харвалтын шинж байсан, уушгин дахь цэгэн харвалт үүссэн, хүзүүний булчин хэсэгт харвалт өгсөн зэргээс нас барсан уу, архины хордлогоос болсон уу гэдэг шалтгаант холбоог авч үзэх ёстой. Ерөнхий агуулгаар харвал энэ хүний амь хохирсон гэмт хэрэг. Хоёрдугаарт, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангасан гэдэг зүйл заалт нэмэгдэх ёстой. Гуравдугаарт, бүлэглэж хүний амийг хохироосон.

Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулж хүчирхийлсэн. Тиймээс гаргасан үйлдэл бүр дээр ялын зүйл заалтыг авч үзэх ёстой. Энэ үндэслэлээр бид прокурор, мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан байгаа. Одоогоор Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа эрчимжиж байгаа.

–Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авсанд нийгэм бухимдаж, Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа. Шийдэл, гарцыг та юу гэж харж байна?

-Үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж бий. Монгол Улс олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орсноороо Эрүүгийн хууль дээрээ цаазаар авах ялыг байхгүй болгосон. Гэтэл Үндсэн хуульд энэ зохицуулалт нь өнөөдөр ч хэвээр байгаа.

Үүнээс нэг логик гарч байгаа нь олон улсын гэрээ Монгол Улсын Үндсэн хуулиас давуу эрхтэй юу. Эсвэл Үндсэн хууль нь Монгол Улсын тухайд гол баримтлах дээд бичиг үү. Миний хувьд Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн асуудлыг Цэцэд гаргаж тавих ёстой гэж харж байна. Цаазаар авах ялын асуудал өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Нийгэм яагаад ийм асуудлыг тавьж байна гэвэл, цаазын ялаас татгалзсанаас хойш ямар үр дүн гарав, эрүүгийн, гэмт хэргийн ертөнцөд хүний санаанд оромгүй аймшигт гэмт хэргүүд гарч байгаа нь иргэдийг эмзэглүүлж байна.

Бага насны хүүхдүүдээ хүчинддэг, алдаг аймшигт хэргийг хараад сууж байх уу. Энэ хүн төрөлхтний этикийн асуудал, монгол хүн бүү хэл, хүн төрөлхтний санаанд багтамгүй гэмт хэргийг хийсэн хүмүүсийг төрийн мөнгөөр насаар нь тэжээгээд, засрал хүмүүжлийн байдлаас хамаарч магадланд оруулдаг.

Тэд 20 жилийн дараа гараад ирдэг. Тэгвэл 13 настай талийгаач охины ээж “Би яаж ч уйлаад миний охин босож ирэхгүй. Гэтэл 20 настай гэмт хэрэгтэн 40 настай гарч ирээд амьдраад л явна” гэж хэлсэн. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. Ийм байж боломгүй. Гэмт хэрэгтэн үйлдсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Монгол Улс хуультай. Харин хууль хэрэгжих шатандаа замхарч байна.

Зураг