Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

“BadRabbit” барьцаалагч вирус Орос, Япон зэрэг хэд хэдэн оронд тархлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт “BadRabbit” нэртэй компьютерийн вирус Орос, Украин, Болгар, Турк, Япон улсуудад тархаж, томоохон компаниудын сүлжээ, серверийг барьцаалсан байна.

Хохирогчдын талаас илүү нь ОХУ-д байгаа уг вирус Интерфакс агентлагийн зарим үйлчилгээг зогсоож, Украины Одесс хотын нисэх буудлын ажиллагааг саатуулжээ.

Нисэх буудал, хэвлэл мэдээлэл, дэд бүтцийн чухал байгууллагуудыг онилсон нь уг халдлагыг сайтар зохион байгуулсан болохыг харуулж байна гэж ESET кибер аюулгүй байдлын компанийн судлаач Роберт Липовский хэвлэлд мэдээлжээ.

Хэдийгээр улс оронд нь хохирогч илрээгүй байгаа ч АНУ-ын дотоод хэргийн департмент анхааруулга гаргаж, хэрвээ вирусээр халдварлагдвал барьцааны мөнгө төлөлгүй, Холбооны Мөрдөх Товчоонд хандахыг иргэд, байгууллагуудад зөвлөсөн байна.

Өнгөрсөн тавдугаар сард олон улсад үүнтэй төстэй “WannaCry” нэртэй вирус тархаж, олон тэрбумын хохирол учруулж байсан юм. Ийм төрлийн вирусыг ransomware гэдэг бөгөөд компьютерийн мэдээллийг барьцаалж, эзнээс нь мөнгө нэхдэг.

Оросын томоохон мэдээллийн агентлагуудын нэг Интерфакс зарим серверууд нь халдлагад өртсөнийг мэдээлж, өчигдөр өдөртөө багтаан сэргээхээ амласан байна. Одессын нисэх буудлын зарим нислэг саатсан ч мэдээллээ компьютерт гараар оруулах замаар эргээн сэргээж байгааг мэдээлжээ.

Киевийн метроны төлбөрийн системд мөн халдсан боловч үйл ажиллагаа тасалдалгүй үргэлжилж байгаа гэнэ.

Оросын Касперский компани BadRabbit нь өнгөрсөн зургаадугаар сард тарж байсан NoPetya вирустай ижил зарчмаар ажилладаг болохыг тогтоожээ. Тэд энэ хоёр вирус хоорондоо хамааралтай эсэхийг судалж байгаа гэнэ. Харин NoPetya вирусны халдлагад өртөж байсан Украины банкны систем энэ удаа өртөөгүйг тус улсын төв банк мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters