Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб $500 тэрбумаар хамгийн орчин үеийн хот байгуулахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улс Йордан, Египетийн хил орчимд сэргээгдэх эрчим хүчээр бүрэн ажилладаг хамгийн орчин үеийн хот байгуулах төлөвлөгөөгөө зарлалаа.

NEOM гэж нэрлэж байгаа шинэ хотыг тус улсын баруун хойд бүсийн эзгүй уудам талд цоо шинээр босгох гэнэ. 26,500 км.кв талбай эзлэх хот нь Нью Йоркоос 33 дахин том байх ажээ.

Арабууд шинэ хотынхоо нэрээр твиттер хаяг нээж, вэбсайт гаргасан байна.

Төслийг удирдаж байгаа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман шинэ хот нь эрчим хүч, ус хангамж, биотехнологи, хүнс, дэвшилтэт аж үйлдвэр, энтертайнмент салбаруудыг хөгжүүлдэг газар байх болно гэж танилцуулжээ.

Хотыг байгуулахад $500 тэрбумыг зарцуулах ба энэ хөрөнгийг тус улсын Үндэсний Хөрөнгө Оруулалтын сан, бусад олон улсын хөрөнгө оруулагчид гаргах юм байна.

Сангийн мэдэгдэлд “NEOM хот нь дэлхийн хамгийн чухал эдийн засгийн зангилаа байж, дэлхийн худалдааны 10 орчим хувийг дамжуулдаг байх юм” гэжээ. Мөн Ази, Европ, Африкийг холбосон стратегийн чухал байрлал нь дэлхийн хүн амын 70 хувьд найман цагийн дотор NEOM хотод хүрэх боломж өгнө гэж тооцсон байна.

Хэдийгээр дэлхийн томоохон газрын тосны олборлогч улсад байрлаж байгаа ч хот бүхэлдээ нар, салхины эрчим хүчээр хангагдах ажээ. Бас хотын энгийн үйлчилгээнүүд нь бүгд хүний гар оролцохгүй, роботжсон байх гэнэ.

Цаг агаарын хувьд ч NEOM нь далайгаас ирдэг зөөлөн дулаан уур амьсгалын бүсэд орших тул амьдрахад хамгийн таатай орчинтой байх аж.

NEOM хотын төлөвлөгөөг танилцуулсан угсаа залгамжлах ханхүү өчигдөр бас Саудын Араб улс уламжлалт хатуу Исламын шашны засаглалаас илүү зөөлөн, олон шашинд нээлттэй улс болж байгааг албан ёсоор зарлажээ.

 

Эх сурвалж: Russia Today