Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогзолмаа: 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр багш нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх 2 асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг сайд мэдээллийнхээ эхэнд танилцуулсан байна. 

Салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, мөн багш нарын урамшууллыг нэмэх гэсэн 2 чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа сайд Ц.Цогзолмаа хэлсэн талаар тус яамны сайт дээр мэдээлжээ. 

"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа хэлэхдээ "Багш нарын цалинг 1сая 600 мянга хүргэх тооцоо судалгааг мэргэжлийн хүмүүст хандаж байж гаргасан үндэслэлтэй тоо байгаа. 

Багш нар шууд 1 сая 600 төгрөгний цалин авна гэж хэлэхгүй. Үндэслэлтэй, үе шаттай нэмүүлэх хүсэлт тавьж байгаа. Тиймээс өнөөдөр багш нарын түр хорооны гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж Засгийн газрын болоод салбарын яамны зүгээс барьж байгаа бодлого чиглэл, хийж байгаа ажлаа танилцуулж хамтарч ажиллаж байгаа нь энэ асуудлыг хамтдаа шийдэх, зөвшилцөж зөв гарц шийдлийг олох алхам гэж харж байна гэлээ. 

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны тавьж байгаа шаардлага бол цалинг үндсэн цалингийн 50 хувиас эхэлж нэмүүлэх хүсэлтэй байгаа. Харин урамшууллын хувьд багш нарын гар дээр олигтой нэмэгдэл ирдэггүй. 2017 оны төсөвт суусан үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдох ёстой ч 23 хувиар өгч байгааг судалж хянаж өгөхийг сайддаа хандаж хэлжээ. Уулзалтаар багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, бодиттой болгох, багшийн нийгмийн хамгаалал, мэргэжлийн ур чадвар гээд ер нь системийнхээ хэмжээнд өөрчлөлт ахиц дэвшлийг хамтарч хийх талаар харилцан санал солилцож асуудалд уян хатан, ул суурьтай, бодит тооцоо судалгаанд үндэслэн цаашид хамтарч ажиллахаар ярилцсан байна.