Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны ажлын байрыг нутагшуулахын төлөө 238 хот өрсөлдөж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Амазоны үүсгэн байгуулагч Жэф Бэзос

Онлайн худалдааны аварга компани Амазоны хоёр дахь оффисийг нутаг дэвсгэртээ босгуулахын төлөө хойд Америкийн бараг ихэнх том хотууд өрсөлдөж байна.

Тус компани өнгөрсөн сарын эхээр оффисын барилга барих хотыг шалгаруулах тендэр зарлаж, өнгөрсөн долоо хоногт санал авах хугацаа нь дууссан юм. Нийтдээ 238 хот саналаа ирүүлсний дотор АНУ, Канад, Мексикийн хотууд байгаа ажээ. Шалгарсан хотод $5 тэрбумын шууд хөрөнгө оруулалт, олон мянган ажлын байр бий болох юм.

АНУ-ын мужуудаас Монтана, Хойд Дакота, Өмнөд Дакота, Вяоминг, Арканзас мужуудаас бусад бүх мужийн хотууд саналаа ирүүлжээ.

 
Саналаа ирүүлсэн хотуудын харьяалагдах мужууд

Саналууд тун өвөрмөц байсан гэнэ. Тухайлбал Аризонагийн Туксон хот 6.4 м өндөр кактустай хамт саналаа илгээсэн байна. Жиоржиагийн нэг хот хэрвээ сонгогдвол өөрийн нэрээ Амазон болгоно гэжээ.

Канзас ситигийн захирагч Амазоны анхаарлыг татахын тулд сайт дээр нь бүтээгдэхүүний тухай 1,000 орчим сэтгэгдэл бичсэн байна. АНУ-ын хамгийн том хот болох Нью Йорк хүртэл зарим онцгой байгууламжийнхаа гэрэлтүүлгийг Амазоны улбар өнгөөр сольж, тал зассан гэнэ.

Хотууд ингэж өрсөлдөхөөс ч аргагүй. Амазоны оффис байгуулагдсанаар 50,000 өндөр цалинтай ажлын байр бий болно. Барилга барих хөрөнгө оруулалт нь $5 тэрбум. Одоогоор тус компанийн Сиэтл дэхь цорын ганц оффис нь байрлаж байгаа хотынхоо эдийн засагт $38 тэрбумыг нэмэрлэсэн гэсэн тооцоо байгаа юм.

Удахгүй Амазон хоёр дахь оффисоо аль хотод байгуулахаа зарлана.

 

Эх сурвалж: Mashable