Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы “энхийг эрхэмлэгч” Үндсэн хуулийн тухай ТАВАН БАРИМТ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд Шинзо Абэ үндсэн хуулиа өөрчилж, Японыг байнгын армитай болгохыг олон жилийн өмнөөс мөрөөдөж байгаа.

Ингэхийн тулд тэр өнгөрсөн сард парламентийн доод танхимыг тарааж, сонгуулиар эргэн ирэхдээ үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санаачлах эрх мэдэлтэй болсон юм.

Абэгийн Либерал Ардчилсан Нам одоо доод танхимд гуравны хоёроос дээш суудалтай болсон нь ийм нөхцлийг бүрдүүлж байна.

Энхийг эрхэмлэгч агуулгатай үндсэн хуулиа өөрчилж, зэвсэгт хүчинтэй болох шаардлагыг тэр Хойд Солонгосын аюулаас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа. Мөн Азийн хүчирхэг гүрэн Хятадтай газар нутгийн маргаантай байдаг нь ч үүнд нөлөөлж байна.

Харин Абэгийн энэхүү бодлогоос хоёр Солонгос, Хятад зэрэг Азийн хөршүүд нь болгоомжилж байгаа. Тэд Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы милитаризмийн гамшгийг амссан үндэстнүүд юм.

Ингээд үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой таван баримтыг энд дурдаж байна.

 

Японы үндсэн хуулийн онцлог

1945 онд Японыг эзэлсэн Америкчууд одоогийн үндсэн хуулийг нь зохиосон. Зорилго нь Токиогийн дахин дайн өдүүлэх боломжийг хаахад чиглэж байв.

Үүн дотроо 9 дүгээр зүйл нь Японыг зэвсэгт хүчинтэй байхыг хориглож, олон улсын маргаанд хүч хэрэглэх, дайтахыг нь бүрмөсөн хориглосон байдаг.

Гэсэн хэдий ч Япон улс Өөрийгөө Хамгаалах Хүч (ӨХХ) нэртэй дэлхийн хамгийн сайн зэвсэглэсэн армитай нь зөвхөн өөрийгөө хамгаалахад зориулагдсан гэгддэг.

Уг арми нь бас байнгын байгалийн гамшиг тохиолдож байдаг тус улсад онцгой байдлын үед эрэх, аврах үйл ажиллагааг гүйцэтгэдэг юм.

 

Абэ яагаад үндсэн хуулийг өөрчлөхийг хүсэж байна вэ?

Абэ үндсэн хуульд үг үсгийн засвар хийж, Япон улсын армитай байх эрхийг албан ёсоор баталгаажуулахыг хүсэж байгаа. Хэдийгээр Япон улс олон арван жил Өөрийгөө Хамгаалах Хүчтэй байсаар ирсэн ч нарийн ярьвал ийм зүйл байх ёсгүй гэж зарим эрдэмтэд тайлбарладаг.

Абэ ч Япон улсын дайн эхлүүлэх боломжийг хориглосон хэвээр үлдээнэ гэдгээ мэдэгдэж байгаа. Зөвхөн албан ёсны армитай байх боломжийг нээх гэж байгаа гэдэг.

Үүнээс өмнө Абэ ӨХХ-ийг зарим тохиолдолд холбоотнуудтай хамт дайнд орох боломжийг нээх тухай ярьж байсан нь ихээхэн маргаан дагуулсан юм.

 

Хэрхэн үндсэн хуульд өөрчлөлт оруулах вэ?

Үндсэн хуулийг өөрчлөх саналыг парламентийн дээд ба доод танимын аль алиных нь гуравны хоёроос дээш хувь дэмжих ёстой. Ингэж чадвал бүх нийтийн санал асуулга явуулах эрхтэй болно. Санал асуулгаар ердийн олонх дэмжвэл хуульд оруулах өөрчлөлт дэмжигдсэнд тооцогдоно.

 

Япончууд үндсэн хуулиа өөрчлөх хүсэлтэй байгаа юу?

Японы олон нийт энэ асуудлаар хуваагдмал байр суурьтай байна. Хэдийгээр Хойд Солонгосын аюул нэмэгдэж, Хятадтай маргаан үргэлжилж байгаа ч ард иргэдийн ихэнх нь үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй гэж үзэж байгаа.

Энэ сард зохион байгуулсан санал асуулгаар иргэдийн 35 хувь нь Абэгийн саналыг дэмжиж, 42 хувь нь эсэргүүцсэн байдаг. Нийгэм, эдийн засгийн асуудал нэгдүгээрт тавигдах ёстой гэж олонх нь үзсэн хэвээр байгаа юм.

 

Абэ амжилт олох уу?

Абэгийн нам саяны сонгуулиар үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихүйц суудалтай болоод байна. Гэхдээ тэдний дотор ч ялгаатай үзэл бодол байсаар байгаа.

Консервативуудын зарим нь эхний оролдлогоороо үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа юм. Абэ ч гэсэн сонгуулийн ялалтынхаа дараа энэ талаар болгоомжлонгүй өнгөөр ярьж эхэлсэн байна. Тэр парламентийн гуравны хоёрын суудлыг авсан амжилтандаа эрдэж, үндсэн хуулийг өөрчлөхөөр яаравчлан зүтгэхгүй гэдгээ амласан юм. Тэрээр өөрчлөлтийг 2020 оноос наана санал болгохгүй байх магадлалтай байна.

 

Эх сурвалж: AFP