Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зогсох учиргүй зүрх буюу тэд эх орондоо эрүүл болоод ирлээ

Г.Мөнгөншагай, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг

Энэ өдрөөс 14-хөн хоногийн өмнө тэдний эцэг, эх, ойр дотнынхон “Хүү минь, охин минь эдгэрээд ирээсэй. Хагалгаа амжилттай болоосой" хэмээн залбирч, итгэл горьдлого тээн нүдэндээ нулимстай хүүхдүүдээ үдэж байв. Харин өнгөрсөн ням гаригийн өглөө зүрхний төрөлхийн гажгаа эмчлүүлж, бүрэн эдгэрсэн жаалууд Хөх хотоос Улаанбаатар чиглэлийн галт тэрэгнээс цовоо цолгиун инээд цангинуулан, тоглож, наадсаар буусан юм.

Тэд бол Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд хамрагдаад буй 56 хүүхдийн хамгийн эхний эмчлүүлэгч 12.

Зүрхний төрөлхийн гажиг өвчнөөсөө болж төрсөн цагаасаа өвдөж, шаналсан хийгээд хэдхэн сарын өмнө ийм өвчтэй нь оношлогдсон гээд өвчний түүх нь харилцан адилгүй ч нэн даруй мэс засалд орох заалттай ой дөрвөн сартайгаас 19 насны эдгээр хүүхэд ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлгийн Зүрхний төвийн Зүрх, судасны тасагт мэс засалд амжилттай орж, зүрхний гажиг хэмээх өвчнөөсөө бүр мөсөн салаад ирсэн нь энэ. Тэднийг эх орондоо ирээд байх үеэр зарим эцэг, эхтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

ҮРД МИНЬ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН УЛААН ЗАГАЛМАЙЧУУДДАА БАЯРЛАЛАА

Зургаан настай, Бүжингийн ээж (Сэлэнгэ аймаг)

-“Үнэхээр баяртай байна. Охин маань бүжигчин болно гэж мөрөөддөг. Одоо бид гам барьж дуусчихаад бүжгээр хичээллэж болохоор боллоо. Бүжин маань одоо зургаан настай. Төрөөд хэдхэн хонож байхад нь л зүрхний төрөлхийн гажигтай, мэс засалд орох шаардлагатай. Гэхдээ энэ мэс заслыг Монголд хийх боломжгүй гэж эмч хэлсэн. Бид охиндоо мэс заслаас бусад шаардлагатай эмчилгээг хийж байсан ч гүйх, хурдан алхах, уурлахаараа нүүр нь хөхрөөд зүрхний хэм нь алдагдаад хэцүү байдаг байсан. Бид “Ямар нэгэн боломж гарвал охиноо аваад мэс засал хийж чадах орон руу явна даа” гэж ярилцдаг байлаа.

Гэтэл өнгөрсөн хавар Үндэсний телевизийн мэдээгээр Монгол, Хятадын Улаан загалмай нийгэмлэг хамтарч зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх гэж байгаа тухай гарахыг үзээд шууд Улаанбаатарт ирж, үзлэгт оруулсан. Охины минь онош, өвчний түүх, үзлэгийн үеийн байдлаас хамаарч, III эмнэлгийн эмч нар мэс засалд орох эхний ээлжийн хүүхдүүдийн тоонд оруулж өгсөнд үнэхээр баяртай байгаа. Мэс засал хоёр цаг орчим үргэлжилсэн. Миний хувьд эмээж байсан ч мэс заслын дараах эмчилгээ, охиныхоо байдлыг хараад үнэхээр сэтгэл өндөр байна.

Өмнө нь биднийг зовоож, шаналгаж байсан тэр өвчнөөсөө одоо бүрэн салсан. Нялх охинд минь амьдрал, эрүүл энхийг бэлэглэхэд гүүр нь болсон Монголын Улаан загалмай нийгэмлэг, бүх хөрөнгө зардлыг нь гаргасан БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Хөх хотын Зүрхний төвийн Зүрх, судасны тасгийн алтан гартай эмч нартаа, Шастины III эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч нартаа үнэхээр их баярлаж байна" гэлээ.

19 настай, С.Нандин-Эрдэнэ (Эрдэнэт хот)

-“Би өнгөрсөн тавдугаар сард ангийнхантайгаа тоглож байгаад ухаан алдаж унасан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд ховдол хоорондын цоорхой буюу зүрхний төрөлхийн гажигтай гэдгээ мэдсэн. Түүнээс хойш нэлээд хоногийн дараа Монгол, Хятадын Улаан загалмай нийгэмлэг хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсныг ээж минь “Монгол коммент" нэвтрүүлгээс үзсэн байсан.

Ингээд мэс засалд оруулах шаардлагатай хүүхдүүдийг оношилж байсан газар очиж, үзлэг, шинжилгээ өгөхөд явахаар болсон. Хүнд өвчнийг минь эмчилж өгсөн эмч нартаа, Улаан загалмай нийгэмлэгийн буянтай, тусч ах, эгч нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна" гэсэн юм.

2 нас гурван сартай, Цэлмэгийн ээж (Улаанбаатар хот)

-“Охин маань зүрхний ховдол хоорондын таслав-чийн цоорхой гэсэн оноштой. Манай гэр бүлийн хувьд охиныхоо мэс засалд шаардагдах мөнгийг олж чадахгүй, цаг минут тутамд сэтгэл зовж байсан. Гэтэл охины минь буян заяа түшиж, БНХАУ-ын “Нэг зам-нэг бүс” хэмээх төрийн бодлогын хүрээнд бусад оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаагийн нэг чиглэл болох эрүүл мэндийн тусламжид хамрагдах боломж олдож, хагал-гаанд амжилттай ороод, эрүүл саруул болоод ирлээ.

Эндээс очсон 12 хүүхдийн эхний ээлжинд орох гурван хүүхдийн нэг нь миний охин байсан. Тэндхийн эмч, сувилагч нар маш шаламгай, чадварлаг, эмчилгээ нь үнэхээр сэтгэлд хүрсэн. Одоо бид гамаа маш сайн барих ёстой. Үрд минь амьдрал бэлэглэсэн хоёр улсын Улаан загалмай нийгэмлэг, Хөх хотын эмч нар, аяллын хугацаанд хүүхдүүдийн маань эрүүл мэндийг хамгаалж явсан Мандахнар эмч, нийгэмлэгийн ажилтан Сэлэнгээ болон нийт улаан загалмайчууддаа чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье” гэлээ.

МАНДАХНАР (Шастины нэрэмжит улсын III эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч)

-"БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл амжилттай үргэлжилж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Шастины улсын гуравдугаар эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажиллаж байгаа.

Хөх хотын Ардын эмнэлэгт дээрх төслийн хүрээнд энэ удаал ой дөрвөн сартайгаас 19 хүртэлх насны 12 хүүхэд мэс засалд амжилттай ороод, эрүүл саруул болоод ирлээ. Эдгээр хүүхдийн найм нь жижиг, үлдсэн нь том зүслэгээр мэс засалд орлоо. Хүүхдүүдийн биеийн байдал жигд сайн, бараг бүгдийнх нь шарх аньсан байдалтай болоод ирлээ. Цаашдаа гэр бүлийнхэн нь хүүхдүүдэд гам сайн бариулж, өмнө нь хяналтад байсан эмч дээрээ үргэлжлүүлэн хяналтад орно” гэсэн юм.

Бяцхан үрс хэдхэн хоногийн өмнө зүрхний гажиг, өвчнөөсөө болж амьдрал үхлийн заагт зогсож аснаа хэдийнээ мартаж, тоглож наадан, инээлдэнэ. Харин эцэг, эхчүүд, эмээ, өвөө нарынх нь “Хүүхдээ шаардлагатай мэс засалд нь оруулчих юмсан. Эмчилгээнийх нь зардлыг хэрхэн олох вэ" гэсэн өмнөх шаналал баяр хөөр, итгэл, үр хүүхдэдээ бэлдэх, бэлгэдэх гэгээн ирээдүйн төсөөллөөр солигдсон нь илт байлаа.

“БИД ЭРҮҮЛ САРУУЛ БОЛООД УДАХГҮЙ ИРНЭ ЭЭ”

Өнгөрсөн долоо хоногт мэс засалд нэн даруй орох шаардлагатай, ихэвчлэн Монголд эмчлэгдэх боломж-гүй гэсэн оноштой дөрвөн сартайгаас 12 хүртэлх насны 41 хүүхэд Бээжин хотыг зорьсон. Тэднийг галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон төслийг хариуцан ажиллаж буй улаанзагалмайчид, ах, дүү төрөл садан нь үдсэн. Энэ үеэр зарим эцэг, эх сэт-гэгдлээ хуваалцсаныг хүргэе.

М.ЯГААН (Завхан аймгийн Сантмаргад сумын иргэн)

Охин маань зургаан настайгаасаа эхэлж зүрхний ховдол цоорхой гэсэн оноштойгоогоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хяналтад орсон. Охин маань одоо 12 настай. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд эмнэлгээр явж, охиноо хагалгаанд оруулж эрүүл саруул болгох чин хүсэлтэй байлаа. Гэвч боломж нөхцөл таарахгүй, хөдөө орон нутгаас ирэх зардлаас эхлээд хагалгааны төлбөр гэх мэт бэрхшээл их байсан. Харин өнгөрсөн есдүгээр сарын дундуур эмнэлгээс “Охиныг чинь үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар боллоо” гэж утасдсан. Хоёр улсын Улаан загалмай нийгэмлэгүүд хамтран энэхүү буянтай үйлс бүтээж байгаад их баярлаж байна. Охин минь тун удахгүй эрүүл саруул болоод ирнэ гэдэгт итгэж, баярлаж байна.

Н.ПҮРЭВСҮРЭН (Улаанбаатар хотын иргэн)

Зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлэх тухай зарыг анх сонсоод л нэгдсэн гурав-дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний хүүхэд төрснийхөө дараа л зүрхний ховдол цоорхой гэх зэрэг гурвалсан гажигтай гэсэн онош тогтоогдсон. Хамгийн гол тэр олон хүүхдээс сонгогдоод хагалгаанд явах гэж байгаадаа туйлын баяртай байна. Хүү маань их зовуурьтай, байнга уйлагнана.

Ой дөнгөж хүрч байна. Яах учраа олохгүй байсан. Аав нь ганцаараа ажил хийдэг, би хүүхдээ хараад гэртээ суудаг учраас зүрхний өндөр өртөгтэй хагалгаанд орох хэцүү л байсан. Гэхдээ нөхцөл боломж бүрдэхээр хүүхдээ эрүүл саруул болгоно гэж боддог байсан. Харин үрийн минь хувь заяа түшиж хүмүүнлэг сэтгэлтэй та бүхний ачаар эрүүл саруул болох гэж байгаад талархаад баршгүй.

Д.ЛУТААСҮРЭН (Улаанбаатар хот)

Миний охиныг Номинжин гэдэг. Охин маань дауны хам шинж өвчтэй. Мөн зүрхний ховдол цоорхой гэсэн оноштой. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хяналтад явдаг. Гуравдугаар эмнэлэгт зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй хагалгаанд оруулах тухай сонсоод охиноо аваачиж үзүүлсэн. Олон хүүхдээс хагалгаанд орох хүүхдийн тоонд ороод явах гэж байна. Охин минь дээшээ харж хэвтэж чадахгүй, гүн амьсгал авч чадахгүй зовуурьтай. Улаан загалмайнхан та бүхэндээ маш их баярлалаа. Эмч нартаа бас баярлалаа.

Ш.НАРМАНДАХ (Улаанбаатар хот)

БНХАУ-ын Улаан загалмай, Монголын улаан загалмай, Гуравдугаар эмнэлгийнхэн хамтраад зүрхний гажигтай хүүхдүүдийг хагалгаанд оруулахаар болсонд их баярлаж байна. Улаан загалмай гэж сонсож байснаас ийм буянтай үйлсийг хүртэж явна гэж бодсонгүй. Та бүхэнд баярлаж байна. Миний хүүхэд зүрхний ховдол цоорхой гэсэн оноштойгоор таван жил явлаа. Хагалгаанд орж чадахгүй эмнэлгээр их ч явлаа. Шөнө унтаж чадахгүй босоод суучихдаг, амьсгаа нь давхцаад их зовуурьтай байсан. Эх хүний хувьд сэтгэл минь их шаналж явдаг байлаа. Харин өнөөдөр Бээжин хотод эмчилгээнд явахаар болсонд нь талархаж байна.

Д.БАТ-УНДРАЛ (Зүрх судасны мэс заслын тасгийн эмч)

Манай гуравдугаар эмнэлэг 40 жилийн өмнөөс зүрх судасны мэс засал хийж эхэлсэн. Анх зүрхний ховдлын мэс засал хийж байсан. Энэ удаа 40 гаруй хүүхдийг сонгон шалгаруулж авч явж байна. Монголд мэс заслын 25 хувийг иргэн өөрөө төлдөг. Гэвч энэ зардлаа төлж чадахгүй хүн олон бий. Монголд эмчлэгдэх боломжгүй, хавсарсан хэл-бэрийн эмгэгтэй, мөн ар гэрийн боломж тааруу гэсэн шалгуураар эдгээр хүүхдийг Бээжин авч явж байна. Гурван яамны сайдын тушаалаар Зүрхний мэс засал өндөр өртөгт мэс засал гэж оношлогдсон.

Ж.ОКТЯБРЬ (Увс аймгийн Бөхмөрөн сум)

Охин минь 2008 онд төрсөн. Хотод эмнэлгүүдээр яваад эмчлэгдэж чадаагүй өдий хүрсэн. Эмнэлэгт үзүүлэх бүрд л найдвар тун бага гэж хэлдэг байсан. Сүүлийн үед хөхрөлт нь ихсээд сэтгэл их зовж байлаа. Харин Бээжин хотод очиж хагалгаанд орж эмчлүүлэх тухай сонсоод итгэл найдвар сэргэж, яаран хотод ирлээ. Охины минь төлөө бүхнийг хийж байгаа улаан загалмайчууддаа баярлаж байна. Бид удахгүй эрүүл саруул болоод ирнэ.

ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 100 ХҮҮХДИЙГ АВАРНА

Монголын зүрх судасны мэс заслын эмч нар зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх зарим төрлийн мэс заслыг чадварлаг хийдэг ч зүрхний хүнд битгий хэл хөнгөн, энгийн гажигтай хүүхдүүд мэс засалд орж чадалгүй амиа алдсаар байгаа юм. Шалтгаан нь ердөө мэс засалд шаардлагатай төлбөр. Учир нь зүрхний гажгийг эмчлэх хагалгаа хамгийн өртөг өндөртэйд тооцогддог бөгөөд Монгол Улсад энэ төрлийн мэс заслын нийт төлбөрийн 25 хувийг эмчлүүлэгч, үлдсэн зардлыг улс хариуцах журамтай.

Төлбөрийн зөвхөн 25 хувь нь хамгийн багадаа 3-5 сая төгрөг болдог тул энэ мөнгийг төлөх санхүүгийн боломжтой өрх цөөхөн байдаг нь энэ төрлийн нас баралт жил ирэх тусам нэмэгдэх шалтгаан болдог аж. Тэгвэл энд нэг баяртай мэдээ дуулгая. БНХАУ-ын “Нэг зам-нэг бүс” хэмээх төрийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй эрүүл мэндийн тусламжид хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний төсөл манай улсад хэрэгжиж эхэлжээ.

Төслийг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сан, МУЗН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болсны 54 нь БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ны Хөх хотыг аль хэдийнээ зориод байгаа юм. Ирэх онд үлдсэн 46 хүүхдийг аюулт өвчнөөс салгах төсөл үргэлжлэх аж.

Энэхүү төслийн хамгийн гол хамтрагчид нь Шастины нэрэмжит улсын III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар юм. Төсөлд хамрагдаж, нэн даруй, зайлшгүй мэс засалд орох шаардлагатай, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой эсвэл Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөнийг дээрх эмнэлгийн мэргэжлийн эмч нар болон БНХАУ-аас ирсэн эмч нарын баг хамтран сонгож байгаагаараа ач холбогдолтой.

Төсөлд хамрагдсан хүүхдийн эмчилгээний бүх зардал, хоол унаа, харгалзан авч явах ар гэрийн нэг хүний зардлыг Хятадын Улаан загалмайн сангаас бүрэн хариуцах юм.

Зураг