Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн хойд мужууд автономит эрхтэй болохыг шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хойд Италийн баян чинээлэг хоёр мужид өнгөрсөн Ням гарагт автономит эрхийн төлөө бүх нийтийн санал асуулга явууллаа.

Венец хотод төвтэй Венето, Миланд төвтэй Ломбарди мужийн хүн амын дийлэнх нь Ромоос аль болох бага хамааралтай, өөртөө засах эрх авахын төлөө саналаа өгчээ.

Хэдийгээр бүрэн тусгаар тогтнол шаардаагүй ч Европ даяар өрнөөд байгаа салан тусгаарлах хөдөлгөөнүүдийн сүүлийн ажиллагаа нь энэ болж байна. Венето мужийн санал асуулгын ирц 58 хувь, Ломбардид 40 гаруй хувьтай байжээ. Аль аль мужийн ерөнхийлөгч нар иргэдийн 95-аас дээш хувь автономит эрхийн төлөө саналаа өгснийг зарласан байна.

Хэдийгээр энэ санал асуулга шууд шийдвэр гаргахад нөлөөлөхгүй ч Ромын засгийн газартай эрх мэдэл, татварын асуудлаар хэлэлцэхэд том хөзөр болохоор байгаа юм.

Ломбарди мужийн ерөнхийлөгч Роберто Марони “Үндэсний эв нэгдлийн хэм хэмжээн дотор илүү эрх мэдэл, хөрөнгө мөнгийг би Ромоос удахгүй шаардах болно” хэмээн хэлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар хойд мужуудын амбиц богино хугацаандаа Италийн нэгдэл нягтралд аюул учруулахгүй гэнэ. Харин хэдэн арван жилийн хандлагыг харвал өрөнд баригдсан Ромын засгийн газар чинээлэг хойд мужуудын татвараар амиа аргацаахад хэцүү болно гэж дүгнэжээ.

Тиймээс бутран задрахын оронд Герман шиг холбооны улс болох чиглэлд үндсэн хуулийн шинэчлэлт хийх хэрэгтэйг тэд бас хэлж байгаа юм.

Ломбарди, Венето мужууд нь Италийн хүн амын 25 орчим хувийг эзэлдэг, эдийн засгийн бүтээмжийн 30 хувийг эзэлдэг ажээ.

Ломбарди муж төсөвт авдгаасаа 54 тэрбум еврогоор илүү татвар Ромд төлдөг бол Венетогийн илүү төлөлт 15.5 тэрбум евро болдог гэнэ.

 Тэдний энэхүү илүү төлсөн татвараар Италийн бусад 23 бүс нутгийн төсвийн цоорхойг нөхдөг юм.

Хойд мужуудын хүссэн автономит эрх мэдлийн хүрээнд дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, цагаачлал зэрэг асуудал багтаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian