Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

100 тэрбумыг зарцуулсан ч УЛААНБААТАР АГААРЫН БОХИРДЛООРОО дэлхийд I орж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2011-2016 онд 97.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж, 2017 онд 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөжээ. Харамсалтай нь, Улаанбаатар агаарын бохирдлоор дэлхийд 1-р байрт орж байна.

Өвлийн их утаа эхлэхээс өмнө төрийн ордонд яг одоо Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган болж байгаа юм.

Энэхүү нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд:

  • “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”,
  • “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол- түүнийг шийдвэрлэх арга зам”, 
  • “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийсэн.

 Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

 Чуулганы эхэнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.  Тэрбээр "1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа.

Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй.

Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг би ЗТХБ-ын сайд байхдаа ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн.

Энэ нь Төв аймгийн нутагт байрлах Майдар хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно. Яамд, гадаадын Элчин сайдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая. Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг УИХ, Засгийн газарт оруулсан байгаа.

Дагуул хотуудыг ЗТБХБ-ын сайд байхдаа гаргаж, судалж байсан юм. Энэ шийдлүүдийг, 2010 онд УИХ-аас гаргасан хөгжлийн бодлогыг эргэж хараач ээ гэж чуулганд оролцож байгаа бүх хүнээс хүсье" гэлээ. 

Мөн чуулга уулзалтын үеэр Архитектор, инженер, хот төлөвлөгч Профессор Штефан Шмиц эко хот болон агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлэх зөвлөмжүүдийг танилцуулсан сонирхолтой байлаа. 

Улаанбаатар хотын төлөвлөлтөд ашиглах боломжтой зарчмууд

 

Штефан Шмиц "Эко хот гэж оршин суугчдынхаа ая тухтай амьдрах бүх боломжийг хангасан, ирээдүйд амьдрах иргэдийнхээ таатай аж төрөх бүх нөхцлийг хангасан хотыг хэлнэ.

Эко хот нь агаарын бохирдолгүй, ундны цэвэр усаар хангагдсан, ухаалаг зам тээвэр хөгжсөн, байгалийн нөөцийг хэмнэхэд чиглэгдсэн, байгаль дэлхийг дээдэлсэн хот юм.

Хот төлөвлөлт хийх гэж буй хүн бүхэн уг илтгэлд танилцуулагдах дараах шаардлагыг харгалзан төлөвлөлтөө хийж байх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад том нөлөө үзүүлнэ. Ингээд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Эрчим хүчний асуудлаар:

  • Гэр хорооллыг барилгажуулах,
  • Нарнаас эрчим хүч гаргах боломжийг аливаа шинэ бүтээн байгуулалтад тооцоолж, шинэлэг хувилбар боловсруулах,
  • Одоо ашиглаж буй барилга байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлт хийх боломж нэмэгдүүлэх. Барилгын дулаалга, агаар сэлгэлт, халаалтын арга хэрэгслүүдийг энд илүүтэй авч үзнэ
  • Сэргээгдэх эрчим хүчийг аль болох их ашиглах. Монгол Улсад нар болон салхины эрчим хүч гарган авах төгс боломж бий бөгөөд энэ төрлийн бүтээн байгуулалтуудыг өргөн хүрээнд хийх хэрэгтэй.

Тээврийн асуудлаар:

  • Хотыг төлөвлөхдөө оршин суугчид аль болох автомашингүйгээр зорчих боломжтой байлгахад анхаарах. Хоорондын зай ойр, олон төвтэй, төрөл бүрийн зориулалттай, хэт шигүү биш байх зэрэг нь явган зорчих боломжтой хотын шийдлүүд юм.
  • Нийтийн тээврийн системийг түлхүү ашиглах. Хотын нийтийн тээврийн хэрхэн шийдсэнээс хотын замын хөдөлгөөн шууд хамаарна.
  • И-тээвэрлэлт буюу нийтийн тээврийн салбарын ирээдүй болсон энэ ойголголтыг орчин тээврийн төлөвлөлттэй хэрхэн уялдуулах тухай анхаарах. 

Хот тохижилтын асуудлаар:

  • Байгалийн өгөгдөл болон байгалийн элементүүдийн өөрийнх нь циклийн дагуу хэрхэн хотжилтын асуудлуудтай уялдуулах боломжийг судлах. Ингэснээр тоосонцрыг багасгахад чухал ач холбогдолтой. 
  • Хотод ногоон хонгилууд үүсгэх. Шөнийн цагаар хүйтэн агаарын сэлгэлт хийх.

Дээрх шийдлүүдийг хэрхэн бодит байдалд тусгай төлөвлөснийг та бүхэн Төв аймаг дахь Майдар хотын ерөнхий төлөвлөгөөнөөс харж болно. Майдар хотын төлөвлөлт нь Германы тогтвортой барилгажилтын нийгэмлэгийн платиниум гэрчилгээг хүртсэн гэдгийг мөн онцлох хэрэгтэй. Энд дурдсан ихэнх дизайны зарчмуудыг Улаанбаатар хотын төлөвлөлтөд ашиглах боломжтой гэдгийг мөн онцолж байна" гэлээ.

Лондон хотын агаарын бохирдлыг бууруулсан тэргүүн туршлага:

 
Гэрэл зургийг mpa.mn

 

  • Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг тусгасан "Цэвэр агаар" хуулийг батлан хэрэгжүүлсэн.
  • Утааг хянах "Хяналтын бүс" тогтоож зөвхөн утаагүй түлш хэрэглэхийг зөвшөөрсөн. 
  • Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглосон. 
  • Цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжсэн. 
  • Томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү шилжүүлсэн. 
  • Айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай тог бага зарцуулдаг халаагч суурилуулан бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу хийн эх үүсвэрээр сольсон. 

Агаарын бохирдлоос эрүүл мэндийг хамгаалах аргууд

Хувь хүн өрхийн түвшинд

  • Иргэн бүр өөрсдийн үүргээ ухамсарлан галлагаанд түүхийн нүүрс хэрэглэхгүй байх, цэвэр түлшний хэрэглээг дэмжих. 
  • Гэртээ тамхи татахгүй байх. 
  • Гэр байшингийн дулаалга сайжруулах, үүдний амбаар хэрэглэх,
  • Жирэмсэн үед хүүхдээ нэг нас хүртэл гэртээ агаар шүүгч хэрэглэх, 
  • АЧИ-ийн мэдээг өдөр тутам тогтмол ашиглах, бохирдол багатай цагуудад (12-16) агаар сэлгэлт хийх,
  • Гадуур явахдаа шүүлтүүртэй амны хаалт хэрэглэж хэвших,
  • Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулах зэрэг үйлдлийг хэвшүүлэх нь чухал. 

Пренатель үеийн тусламж үйлчилгээ ба хүртэлх насны  хүүхэд:

  • Тамхины утаанд өртөх өртөлтийг бууруулах, 
  • Пневмококкинй вакцинд хамруулах, 
  • Эхийн сүүгээр дагнан хооллолтыг дэмжих, 
  • Агаар шүүгч хэрэглэх,

Сургуулийн орчинд:

  • Хүүхдүүдэд зориулан агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах сургалт хийх,
  • Сургуулиудын халаалтын системийг сайжруулан, шинэчлэн солих,
  • Агааржуулалтын хоолойтой газруудад агаарын шүүлтүүр суурилуулах, 
  • Хоол тэжээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, 
  • Агаар шүүгч анги танхимд хэрэглэх,

Уг чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг буруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Фото