Энэ оны есдүгээр сарын байдлаар ял шийтгүүлсэн хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо 40-60 хувиар өссөн гэсэн мэдээллийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс танилцуулсан билээ.
Нийт ял, шийтгэл авсан иргэдийн дунд эзлэх хувь бага байдаг тэдний гэмт хэрэг үйлдэх тохиолдол чухам яагаад ийм их хэмжээгээр нэмэгдэв гэдэг анхаарал татахгүй байхын аргагүй сэдэв юм.
Харин бид энэ талаар судалтал хүүхдийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг дагнан судалдаг байгууллага төдийлөн олдсонгүй. Харин эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн талаар ХСИС-ийн ЦС-ийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, доктор \Ph.D\, цагдаагийн хошууч Ж.Нямдуламтай таарч түүнээс дараах ярилцлагыг авлаа.
- Эмэгтэйчүүдийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихсэх шалтгааны талаар та тайлбарлахгүй юу?
- Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж байна. Тухайлбал гэр бүл, байгууллага, хувийн хэвшил, улс төрд ч эмэгтэйчүүд манлайлж байгаа. Энэ хирээр нийгмийн сөрөг үзэгдэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох болсон. Тиймээс энэ чиглэлээр судлах, үүнтэй тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох саналыг дэвшүүлэх шаардлага гарсан.
-Нийт ял шийтгүүлсэн хүний хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна?
-2016 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийт 5,762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 6,566 хүнд ял шийтгэл оногдуулснаас 518 нь эмэгтэй хүн байна.
2013-2016 онд улсын хэмжээнд нийт 94,685 гэмт хэрэг бүртгэгдсэний 14,129 буюу 15 хувийг эмэгтэй хүн үйлдсэн гэмт хэрэг эзэлж байгаа юм.
График 1, 2013-2016 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг хүйсээр,
График 2, 2016 онд бүртгэгдсэн эмэгтэйчүүдийн үйлдсэн гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл,
- Эмэгтэйчүүдийн гэмт хэрэг үйлдэх шалтгааныг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
- Манай улсад эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг дараах байдлаар тодорхойлж болох юм.
- Эмэгтэйчүүд ямар төрлийн гэмт хэргээр түлхүү шийтгүүлж байгаа бол?
Эмэгтэйчүүдээс үйлдэж буй гэмт хэргийн криминологи шинжид эмэгтэй хүн бие физиологийн онцлогтоо тохирсон гэмт хэрэг үйлдэх нь нэгэнт судалгаагаар батлагдсан зүйл юм.
График 3, Эмэгтэйчүүдийн үйлдэж буй нийт гэмт хэргийг бүтэц, төрлөөр нь авч үзвэл, 2016 он:
Манай улсад бүртгэгдсэн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх болон залилан мэхлэх гэмт хэргийн 40-50 хувийг эмэгтэй хүн үйлдэж байгаа нь эмэгтэйчүүдээс энэ төрлийн гэмт хэргийг ямар шалтгааны улмаас үйлдэж байгааг нарийн тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
- Эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагууд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?
- Эмэгтэйчүүдийн үйлдэж буй гэмт явдлын шалтгаан, нөхцөл, хүчин зүйл нь өөр хоорондоо харилцан уялдаа бүхий нийгмийн тойрог харилцаа бөгөөд түүнийг зөв тогтоосноор түүнтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Цагдаагийн байгууллага 2008 оноос гэмт хэргийн статистик мэдээллийг боловсронгуй болгох, хэргийг субъект бүрээр нарийвчлан гаргаж эхэлсэн нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд төдийгүй судлаач бид нарт чухал мэдээлэл болж байгаа.
Харин цаашид тусгайлан эмэгтэйчүүдээс үйлдсэн гэмт хэргээр нарийвчлан гаргаж, нас, боловсрол, эрүүл мэндийн байдал, сэтгэцийн төлөв, уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоогдох мэдээллийн хүрээнд гаргаж байх хэрэгтэй. Энэ мэт хийж хэрэгжүүлэх олон ажил байна.