Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

 Зүрхний гажигтай 41 хүүхэд эмчлүүлэхээр Бээжин хотыг зорилоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчилнэ.

Энэ сарын эхээр 14 хүүхэд Хөх хотыг зорьж, эмчилгээнд явсан бол өнөөдөр 41 хүүхэд эцэг эхийнхээ аль нэгэн асран хамгаалагчийн хамт Бээжин хотод очиж эмчлүүлэхээр явлаа. Хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг бүрэн даана.

Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжид зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын багтай манай эмч нар хамтран сонгон авсан байна. Мөн  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг мөн чухалчилжээ.  

Энэ удаа явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байна.

Тэднийг Галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон төслийг хариуцан ажиллаж буй Улаан загалмайчид, ах дүү төрөл садны хамт үдэн гаргаж,  МУЗН-аас гарын бэлэг өглөө гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.