Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

М.Уранцэцэг: Ташкентийн Гранприд хоёр дахиа түрүүллээ

Д.Энхтүвшин
2017 оны 10 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгтэй бэлтгэлийнх нь дараа ярилцлаа.

-Юуны өмнө Ташкентийн Гранприд түрүүлээд ирсэн гавьяатдаа баяр хүргэе?

-За их баярлалаа. Ер нь би Узбекийн Гранприд хоёр дахиа түрүүлсэн нь саяны тэмцээн. Урьд нь 2015 оны мөн л 10 дугаар сарын эхээр Ташкентийн Гранприд түрүүлж байсан. Нэг бодлын Ташкентийн татами ээлтэй байдаг гэх юм уу даа. 2015 онд би жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялж байсан.

Тэр бөхтэй ганцхан сарын өмнө нь буюу 2015 оны Астанагийн дэлхийн аваргын эхний тойрогт таарч өчих мэхээр цэвэр ялж байсан юм. Ингээд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж эхлээд байсан Г.Отгонцэцэгтэйгээ барилдаж торгуулиар ялснаар финалдаж байсан. Харин алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жеон Бо Кеонг вазари үнэлгээгээр ялж Ташкентийн Гранпригийн анхны түрүүгээ авч байсан.

Энэ Солонгосын бөхтэй Универсиад наадмын зооны аваргын төлөө барилдаж торгуулиар ялагдаад байсныхаа хариуг Ташкентийн Гранпригээс авч байсан нь тэр л дээ. Тэр жил Ташкентийн Гранпригийн дараахан Парисын “Их дуулга”-т анх удаа түрүүлж их сайхан одтой байсан юм байна. Харин сая Ташкентийн Гранприд ОХУ, Унгар, Сербийн бөхчүүдийг ялж хоёр дахь удаагаа түрүүлэн чансааны оноон дээрээ 700-г нэмж дэлхийн чансааг дахин тэргүүлж байгаадаа баяртай л байна.

-Таны хувьд бага дэлхийн аварга гэгддэг Токиогийн "Их дуулга”-т түрүүлсэн Монголын анхны жудоч байх аа?

-Тийм байх аа. 2016 оны 12 дугаар сард Токиогийн “Их дуулга”-т түрүүлж байлаа. 2016 оны хамгийн сүүлчийн том тэмцээн болох Токиогийн Их дуулгад 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож байсан. Бид тус тэмцээнд эх орноо төлөөлөн 12-уулаа барилдсан. Миний хувьд алтан медалийн төлөө “Рио-2016” олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт өнөөх л БНСУ-ын Жеон Бо Кеонтойгоо барилдан ялж, Токиогийн “Их дуулга”-аас анхныхаа түрүүг авч байлаа.

-Энэ сарын төгсгөлөөр болох Абу Дабигийн Гран прид барилдах уу?

-Абу Дабугийн Гран прид явахгүй. Багш нар тэгж шийдсэн байгаа. Одоо манай шигшээгийнхэн ОХУ-ын нэгдүгээр шигшээтэй хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд энэ долоо хоногийн сүүлээр дуусах гэж байна.

Тэгээд бэлтгэлээ базааж байгаад оны шувтаргаар Токиогийн “Их дуулга” болон шилдэг 16 буюу “World masters” тэмцээнд барилдах байх. Манай жүдогийн дэлхийн чансаа аягүй хурдан хурдан өөрчлөгдөөд явчихдаг л даа. Тухайлбал Гранприд түрүүлбэл 700, “Их дуулга’’-т түрүүлбэл 1,000 оноо нэмэгддэг болохоор аягүй хурдан хэлбэлзээд явчихдаг.

-Гэхдээ сая Ташкентийн Гран пригийн дараа шинэчлэн гаргасан чансаагаар өөрөө 5,060 буюу нэлээн тасархай түрүүлж явна лээ шүү дээ?

-За яах вэ гайгүй ээ. Абу Дабид барилдахгүй ч гэсэн Токиогийн “Их дуулга”-т манайх бүтэн багаараа орох болохоор гайгүй байх гэж бодож байгаа. Тэр болтол бэлтгэлээ чамбай хийнэ дээ.

-Таны хувьд 2013 онд Монголын эмэгтэй жудочдоос анх удаа дэлхийн аварга болж эх орон нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэж байсан гавьяатай. Тэр сайхан мөчийнхөө тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Тийм ээ. Тэр алтан агшин одоо ч гэсэн хааяа нүдний өмнүүр жирэлзэх шиг л болдог юм. Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро хотноо тухайн оны наймдугаар сарын 26-нд эхэлж би эхний өдөр дэлхийн аварга болж төрийн дууллаа эгшиглүүлж байсан.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодордог бөгөөд эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Д.Амартүвшин ах маань мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон Г.Болдбаатар ах хүрэл медалийн төлөө барилдаад тавдугаар байранд орж байсан. Ямар ч гэсэн тухайн үед эхний өдөр алт, мөнгөн медаль хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байсныг сайн санаж байна.

Тухайн үед би В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Украйны Марина Кротыг цэвэр ялж байсан. Ингээд гуравдугаар тойрогт Колумбын Эблин Лукумиг цэвэр ялаад Кубын Мария Селия Лабордег мөн л цэвэр ялж хэсгийн аварга болсон. Харин дараа нь Бразилын олимпын аварга Сара Менезестэй барилдаж ялаад алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болж байсан.

Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд 2010 оны дэлхийн аварга, Японы бөх Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялж эмэгтэй жудочдоосоо анх удаа дэлхийн аварга болж байлаа. Бразилын тэнгэр дор төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж зогссон тэр үе бол миний амьдралын мартагдашгүй дурсгалтай мөчийн нэг байсан.

-Жудочдын дэлхийн чансаа тогтоодог болсноос хойш өөрөө жингээ тэргүүлсээр яваа байх аа?

-За тийм ээ. Олон улсын жүдо бөхийн холбоо 2013 оноос жудочдод чансаа тогтоож эхэлснээс хойш эмэгтэйчүүдийн 48 кг-ыг тэргүүлээд явж байна. Одоо тав дахь жил нь юмуу даа.

-Дэлхий даяар жүдо бөх эм тэнцүүхэн хөгжиж байгаа энэ цаг үед жингээ таван жил завсаргүй тэргүүлнэ гэдэг аргагүй л том амжилт. Гэхдээ Япон, БНСУ-ын шинэ залуу эвгүй өрсөлдөгчид гарч ирж байгаа нь тодорхой. Ер нь одоо өөрийн чинь хамгийн хүчтэй өрсөлдөгч хаанахын ямар бөх байгаа вэ?

-Аа ер нь бүгдээрээ л жигд хүчтэй өрсөлдөгчид гэж хэлж болно. Тэр нь сайн, тэр нь тааруухан гэж онцлох зүйл байхгүй. Дэлхийн жүдо маш сайхан хөгжиж байна шүү дээ. Ер нь дэлхий даяар жүдо маш сайхан хөгжиж байгаа болохоор ямар ч бөхийг басаж, хэтэрхий шунаж барилдаж болохгүй болчихсон. Гэхдээ энэ дундаа Японы бөхчүүд үнэхээр уран барилдаантай, хамгийн хүчтэй өрсөлдөгчид мөн л дөө. Одоо тэгээд шинэ залуу олон сайн бөхчүүд гарч ирж байгаа.

-Японы жудочид, ялангуяа багш дасгалжуулагч нар нь 2020 оны олимпт бүх жинд аваргална гэсэн зорилт тавиад шаргуу бэлдэж байгаагаа ил тод зарласан юм билээ?

-Мэдээж жүдо гэдэг энэ сайхан бөхийг үндэслэн гаргаж ирсэн япончууд нутагтаа болох олимпын бүх жинд аваргалахыг хүсэж байгаа нь тодорхой. Гэхдээ Монголын жудочид бид ч гэсэн түрүү алдахгүйн төлөө л бэлтгэл сургуулилтаа чамбайруулж хүчтэй өрсөлдөхийг хичээнэ. Манай Монголын жудочид хаана ч хүчтэй өрсөлдөгчид байж чаддаг л даа. Японы тамирчид тэгж бодож бэлдэж байгаа бол Монголын жудочид ч бас бүгд л түрүүлэхийг бодож бэлтгэнэ шүү дээ.

-Токиогийн олимпын өмнөх том сорилт бол Бакуд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх шүү?

-Тэгэлгүй яах вэ. Олимпын өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол олимпт ямар бөх хэр зэрэг амжилттай барилдахыг харуулдаг хамгийн том сорилго гэж хэлж болно. Азарбайжаны нийслэл Бакуд болох дэлхийн аваргын тэмцээн бол Токиогийн олимпын өмнөх хамгийн том сорилго, маш өрсөлдөөнтэй тэмцээн болох нь ойлгомжтой.

Яагаад гэвэл Азарбайжаны бөхчүүд дэлхийд бас л хүчтэй өрсөлдөгчид, тэгээд мэдээж япончууд багаараа түрүүлэх зорилготой очно. Мөн өнөөдөр бидэнтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа ОХУ-ын бөхчүүд байна. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлээс ажиглаж байхад ОХУ-ын бөхчүүдийн хүчний бэлтгэл их сайжирсан нь илт мэдрэгдэж байна.

-Одоо Токиогийн “Их дуулга”-аас наана ямар нэгэн тэмцээнд орохгүй юу?

-Энийг багш нартайгаа зөвлөлдөж байгаад л шийднэ дээ. Ер нь л Токиогийн “Их дуулга”-т л барилдаж таарах байх. Түүний дараа “World masters” хүлээж байгааг дээр хэлсэн.

-Шилдэг 16-д өмнө нь нэг удаа түрүүлсэн байх аа?

-Тийм. Жин бүрийн шилдэг 16 жүдоч зодоглодог 2015 оны "World Masters" тэмцээн Марокко улсад болсон. Тэмцээний эхний өдөр Монгол, Япон, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр алтан медаль авч байсан юм. Эхний өдөр гавьяат тамирчин Д.Сумъяа бид хоёр жиндээ түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлж байсан нь мартагдашгүй сайхан дурсамж байсан.

Тухайн үед шагналын 6,000 ам. доллар, чансааны 700 оноо авч байлаа. Миний хувьд алтан медалийн төлөө дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентиний Парето Паулаг 1 минут 16 секундэд цэвэр ялж байсан бол Д.Сумъяа финалд Францын тамирчинг торгуулиар хожиж байсан. Ер нь Монголын жудочдоос “World masters’’-т манай Д.Сумъяа, С.Мияарагчаа ах хоёр л хоёр хоёр түрүүлсэн байдаг юм.

-Сая Ташкентийн Гранприд аваргын төлөө өрсөлдсөн Сербийн бөх аль хэр өрсөлдөгч байсан бэ?

-Сербийн бөх М.Николич бас гайгүй л өрсөлдөгч байсан. Гэхдээ би цэвэр ялсан л даа. Ер нь сая гурван өрсөлдөгчөө гурвууланг нь цэвэр ялж түрүүлсэн юм байна. Эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт ОХУ-ын А.Павленко, дараа нь Унгарын Ч.Эва нарыг хэвтээ барилдаанаас цэвэр ялсан.

-Ер нь манай Монголын бөхчүүд хоёр гар, нурууны бяр бусад орны бөхчүүдээс илүү юм шиг санагддаг. Өөрт чинь тэр талаар мэдрэгддэг л байх даа?

-Тийм шүү. Монголын жудочид нуруу, хоёр гарын шууны бяр гадаадын бөхчүүдийг бодвол илүү сайн байдаг гэж боддог. Ер нь бяртай бөхчүүдтэй оронд ордог шүү.

-Өөрөө ихэнх ялалтаа хэвтээ барилдаанаас авдаг. Энэ талаар гаднын бөхчүүд багагүй судалгаа хийж өөрт чинь зориулсан тактик боловсруулж байгаа байх. Ер нь барилдааныхаа тактикийг жаахан өөрчилье гэсэн бодол байдаг уу?

-За тэгээд хойшид багш нартайгаа ярилцаж байгаад тухайн өрсөлдөөндөө тааруулсан барилдаан хийж л барилдана даа. Хэвтээ барилдаанаа улам сайжруулах бодол бий.

-За хойшид улам их амжилт гаргаж төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийг хүсэн ерөөе?

-Ерөөлөөр болог, их баярлалаа.

Зураг