Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын танхимын НАЙМАН сайд томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.18/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын найман гишүүнийг томиллоо.


1. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь буюу 88.2 хувь нь дэмжлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn
Н.Цэрэнбат 1996 онд Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль, 2000 онд Техникийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Санхүүгийн менежментийн мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. 2000-2001 онд Мобиком корпорацид нягтлан бодогч, 2003-2004 онд “Таван богд” группт гадаад харилцааны менежер, 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал, 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга, 2015-2016 онд “Юу Эф Си” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

2. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Н.Энхболд 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль, 1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль, 1996 онд Австрали Улсын Сиднейн их сургуулийг тус тус төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй. Тэрбээр 1979 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Соёлын яамны Төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1993 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, 993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл, харилцааны албаны даргын алба хашиж иржээ. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2012-2013 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

3. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувийн саналаар томиллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Д.Цогтбаатар 1988 онд нийслэлийн 16 дугаар орос дунд сургууль, 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал, олон улсын хууль зүйн магистр. Тэрбээр 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, улмаар 2013 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж иржээ. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.

4. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг томиллоо. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь нь дэмжлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn
Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.Төлөвлөгч-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, улмаар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа. 2008-2009 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол 2016 оноос энэ албант тушаалд дахин сонгогдон ажиллаж байгаа.

5. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжснээр томиллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ц.Нямдорж 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд мэргэжилтнээр ажиллажээ. Улмаар 2000-2005, 2008-2012 онуудад Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. 1992 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдоод байгаа бөгөөд 2005-2007 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан бол 2016 оноос Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байгаа юм.

6. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг томиллоо.

 
С.Чинзориг 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1986-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, улмаар 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын НБХГ-ын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

7. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний  58 нь буюу  84.1 хувь нь дэмжив.

 
Гэрэл зургийг mpa.mn
Ө.Энхтүвшин 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд МУИС-ийг, 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус  төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. 1980 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажлын гараагаа эхэлж, ахлах ажилтан, 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, 1996-2005 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч, 1996-1997 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 2012-2013 онд Монгол Ардын Намын даргын алба хашиж байсан. Мөн 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, 2008-2010 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

8. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг томиллоо. Түүнийг хуралдаанд оролцсон 67 гишүүний 59 нь буюу 88.1 хувь нь дэмжлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Г.Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг тус тус төгссөн. Санхүү эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй.

Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү, эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монголбанкинд Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлын алба хашиж байсан. Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Чуулганы маргаашийн хуралдаанаар үлдсэн 7 гишүүнийг томилсноор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэх юм.

  1. Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
  2. Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
  3. Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
  4. Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;
  5. Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
  6. Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
  7. Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад тус тус нэр дэвшүүлээд байгаа билээ.