Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын бохирдол хүний биед үндсэн 4 чиглэлээр нөлөөлж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд "Гэр хороололд үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдаан өнөөдөр боллоо. 

Нийслэлийн хэмжээнд нийт айл өрхийн 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. 

Хуралдаанаар “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлж байна. 

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе. 

Нийслэлээс 3.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Улаанбаатар хотод өмнө нь жилдээ 30 мянган хүн шилжиж ирдэг байсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаад шилжилт хөдөлгөөнийг хориглосноос хойш энэ жил хөдөө орон нутгаас 7,800 орчим хүн шилжиж ирсэн байна.

Шилжилт хөдөлгөөн 3 дахин буурсан гэдэг нь яндангийн тоо тэр хэмжээгээр буурч байгаа гэсэн үг юм.Шилжилт хөдөлгөөнийг 50 хувь хүртэлх хэмжээгээр бууруулах зорилттой. Хамгийн гол нь шилжилт хөдөлгөөнийг зогсоож, гэр хорооллыг тэлэхгүй байх хэрэгтэй.

Энэ хооронд орон сууцад иргэдийг оруулах ажлыг хийх нь зөв. Нийслэлээс 3.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн" гэв. 

2020 он гэхэд 180 мянган айл орон сууцад орно

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар "Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээнүүд хийгдэж байна. Үүн дотроос гол асуудал бол гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах юм.  Уг ажил 2010 оноос эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, орон сууцын борлуулалт тулгамдаж байгаа асуудал болоод байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг шалгарсан байршлуудад хийхийн тулд 180 тэрбум орчим төгрөг шаардлагатай.  Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг авах ажлууд хийгдэж байгаа.

Нийслэлийн хэмжээнд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэнэ. Энэхүү төлөвлөлт бүрэн хэрэгжээд дуусахад 2020 он гэхэд 180 мянган айл орон сууцад орно. Бодлогын алдаанаас болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байна.

Тодруулбал хууль эрх зүйн орчин тодорхой болоогүй байна. Мөн хот суурин газрыг хөгжлүүлэх тухай хууль 2015 оны 8 сард батлагдсан.

Үүнийг дагаад 7 журам батлагдах ёстой. Эдгээр журмаар иргэд, төсөл хэрэгжүүлэгч, нийслэлийн хооронд зохицуулалтыг хийх учиртай. Гэвч одоо хүртэл эцэслэн батлагдаагүй байна" гэв. 

Агаарын бохирдол нөлөөлөхгүй эрхтэн тогтолцоо байхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны харьяа НЭМҮТ-ийн ерөнхий захирал Б.Цогтбаатар "Агаарын чанар, найрлагад байвал зохих бодисууд гэж байдаг. 

Агаарыг түгээмэл бохируулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд 4 үндсэн чиглэлээр нөлөөлөл үзүүлж байна гэж үзэж байгаа. Амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эдгээр бодисууд нөлөөлж байна. Зүрх судасны өвчлөлийн 20 орчим хувь, уушгины хавдрын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүссэн байна гэсэн тоо байдаг. Өнгөрсөн оны судалгаагаар Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой.

Энэ талаас үзэх юм бол хүний эрүүл мэндэд агаарын бохирдол нөлөөлөхгүй эрхтэн тогтолцоо байхгүй. Хордлогын хувьд архаг болон хурц хордлого авч байна" хэмээн тайлбарлалаа.

 170 мянга орчим хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ "11 дүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлнэ.

Мөн бусад аймгийн төвүүд болоод 10,000 -аас дээш хүн амтай сум суурин газруудын гэр хорооллын хэрэглэгчид дээрх хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Оройны 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд гэр хорооллын орой, шөнийн тариф 0 төгрөг болж байгаа.

Гэхдээ бид аюулгүй ажиллагаа, цахилгаан шугам сүлжээний нэвтрүүлэх чадвартай уялдуулаад хэрэглээний хязгаарыг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл 180 вольтын хэрэглэгчдийн  шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1,500 квт/цаг байхаар тогтоосон. 220 вольтын хэрэглэгчдийн хувьд цахилгааны дээд хэрэглээ 700 квт/цаг байна.  Ер нь бол айл өрхийн цахилгааны дундаж хэрэглээ 220 квт/цаг байдаг. 

 170 мянга орчим хэрэглэгчид энэхүү хөнгөлөлтөд хамрагдах болов уу? гэсэн тооцоо байна" хэмээн тайлбарлалаа. 

Агаарын бохирдлыг бууруулахад хяналтын багуудыг ажиллуулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ, хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа "Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн БОАЖЯ юм уу нийслэлээс хийх ёстой ажил биш. Үүнд оролцох боломжтой бүхий л байгууллагуудын хамтарч хэрэгжүүлэх ажил юм.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хугацаа алдахгүйгээр ажил хийх хэрэгтэй байна. Ямар нэгэн ажлыг зохион байгуулахад санхүүгийн боломжит нөхцөл нь хязгаарлагдмал болчихсон ийм цаг үед юу хийх вэ? гэдэг нь чухал байна. Дотоод нөөц боломжууд бий.

Эхний ээлжид бид агаарыг бохирдуулсны төлөө автомашинаас, нүүрснээс, химийн болон органик бодисоос хурааж авах татваруудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зорилготой зарцуулдаг болох хэрэгтэй. Үүнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ингэснээр жилд бид 25 орчим тэрбум төгрөгийг ийм чиглэлд зарцуулах боломж бүрдэнэ.

Ингэхгүйгээр дээрх татварууд улсын нэгдсэн санд орчхоод байгаа учраас жилд дунджаар 5 тэрбум орчим төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж байна. Бусад нь өөр зүйлүүдэд зарцуулагдчихаад байна. Уг 5 тэрбумаас 3.5 тэрбум нь эрчим хүчний хэмнэлтэд зарцуулагдаад бусад олон чиглэлээр хийгдэх ажил хязгаарлагдаад байна. Жишээлбэл ЕБС-ийн дунд сургуулиудад дотоод агаарыг цэвэршүүлэгч тавьж өгөх зэрэг хийх ажил их байна. Мөн бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зориулалтын хяналтын багуудыг ажиллуулж байгаа" гэсэн юм. 

Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, ЭМЯ, БОАЖЯ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эко клуб, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал щ, технологийн их сургуулийн төлөөлөл оролцлоо. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг