Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Одхүү: Эгийн голын цахилгаан станцаар Монголоо бодоод дээрэлхүүлэхээ л больчих хэрэгтэй

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

Монголд өнөөдөр 2-3 жилийн дотор 800 гаруй жижиг гол горхи ширгэж, асар хурдтайгаар цөлжиж байна. Энэ байдлаараа байвал 30-40 жилийн дараа цэвэр усны хомсдолд орох аюултай гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгвэл хиймэл нуур үүсгэж, цэвэр усны нөөцийг бий болгодог цорын ганц байгууламж бол усан цахилгаан станц юм. Хэрэв олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төвийн эрчим хүчний 30 шахуу, нийт эрчим хүчний 20 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүч болно гэсэн үг. Төслийн багийн тооцооллоор 5.6 тэрбум куб метр цэвэр усны нөөц, хэмжээгээр нь тооцвол 154 км талбай буюу Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсэх аж. Нэг ёсондоо Хөвсгөл нуурын ус шиг тийм усны нөөцийг бий болгоно гэсэн үг. Тиймээс яалт ч үгүй Монголд усан цахилгаан станц байгуулах давхар хэрэгцээ байсаар байгаа билээ. Энэхүү төслийн талаар сүүлийн үед хүмүүс сайн, муу олон зүйлийг ярих болсон. Энэ бүхний хариулт болгож Эгийн голын усан цахилгаан станц төслийг удирдаж байсан Д. Одхүүтэй ярилцлаа.

Ерөнхийлөгчийг ХУ-д айлчлахдаа Эгийн голын цахилгаан станц төслийг эхлүүлэх талаар ярих байх гэж олон хүн хүлээж байсан. Гэвч энэ талаар ганц ч үг унагаагүй. Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын нэгэн хэвлэлд “Эгийн голын цахилгаан станцыг барихгүй” гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн юм уу?

-Эгийн голын цахилгаан станцыг барих асуудал 1970-аад онд яригдаж эхлээд, 1990 оны эхээр Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхээр оролдсон боловч чадаагүй. Дараа нь хэд, хэдэн Засгийн газар хэрэгжүүлэх гэж оролдсон ч бас л чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 оны төгсгөлөөр миний бие энэ төслийг эхлүүлсэн. Гэвч дэд бүтэц нь баригдаж эхлээд л зогсоолгочихсон доо. Тэр ч яах вэ. Энэ талын мэдээллийг би ажлаа өгчихсөн учраас албаны хүний зүгээс өгөхгүй.

Надад байгаа мэдээллээр Монголоос ОХУ руу урсаж байгаа голууд дээр усан цахилгаан станц бариулахгүй байх асуудлыг энэ удаагийн уулзалтын үеэр яриад шийдчихье гэдэг саналыг тавьсан юм шиг байна лээ. Энэ талаар Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр ч ярьсан байдаг юм билээ. Ерөнхийлөгчийн айлч-лалын үеэр энэ асуудлыг тавихад Монголын зүгээс “Энэ асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 -Яагаад?

-Хоёр улсын ерөнхийлөгч анх удаа албан ёсоор уулзсан. Хоёр улс өөр өөрийн байр суурьтай байгаа, тохиролцож, ойлголцохгүй асуудлыг хамгийн анхны уулзалт дээр ярих нь шаардлагагүй байдаг. Энгийн ойлголцдог асуудлаар эхний уулзалтаа хийх нь зүйн хэрэг. Усны барилга байгууламж бол хоёр улсын хооронд эмзэг сэдэв. Тиймээс сошиалаар яваад байгаа “Яриад тохирчихсон юм гэнэ лээ” гэдэг цуу яриа бол худлаа. Зүгээр нэг Оросын сэтгүүлчийн бичсэн зүйлийг шууд тусгаж аваад л цуурч эхэлсэн. Энэ бол хувь хүний үзэл бодол.

Магадгүй ОХУ-ын хүсэл, зорилго байхыг үгүйсгэхгүй. Эрх чөлөөтэй улс орнуудад сэтгүүлчид өөрсдийн дуртайгаа ярьж, бичдэг биз дээ. Албан ёсны протокол дээр хоёр улсын Ерөнхийлөгч тохиролцоод шийдсэн юм байхгүй. Тэр тухай ярилцаагүй бол ямар нэгэн шийдвэр гараагүй байж таарна. Зарим хүмүүс уг нь орос хэл мэддэг л баймаар юм. Тэр Оросын сэтгүүлчийн нийтлэл дээр Шүрэнгийн цахилгаан станцын болон Орхон говийн хоёр төслийн талаар бичсэн байсан. Энэ мэдээллийн завсар Эгийн голын талаар дурдсан байсан. Гэтэл энэ мэдээллийг бүр дэвэргэж орхисон. Хүмүүст мэдээллийг дахин нэг харчхаарай гэж хэлмээр байна. Яагаад мушгиад байгааг нь ойлгохгүй байгаа.

-Эгийн голын цахилгаан станцыг баривал үнэхээр Байгаль нуурт хор хохиролтой юм уу?

-Энийг би гурван жил тайлбарлаж байна.

-Тэгвэл энэ талаар манай уншигчдад дахиад тайлбарлаад өгөхгүй юү?

-Байгаль нуурын усны төвшнийг тогтмол барих нь хуурай гантай, үертэй жилүүдэд бохирдуулдаг. Энэ бүгдээс сэргийлье, хамгаалъя гэвэл Монголоос ОХУ руу гардаг голууд дээр усны тохируулга бүхий усан цахилгаан станц барих ёстой юм.  Тэгж байж хаврын шар усны үерээс Байгаль нуурыг аварна. Хуурай жилүүдэд манай Монголоос ОХУ руу очиж байгаа усны хэмжээ багасдаг. Гэтэл тэр хэсэгт нь усан цахилгаан станц байгуулахаар тохируулга хийгдэж усыг нь гүйлгэж, хааж болно шүү дээ.

Өөрөөр хэлбэл, тохируулгатай усан цахилгаан станц баривал хуурай жилүүдэд усыг нь урсгаж өгөөд, үертэй үөд бохир усыг нь тунгааж цэвэрхэн болгодог. Дэлхийн улс болгон том голуудынхаа үерийг усан цахилгаан станцаар барьж байна шүү дээ. Ингээд бодохоор цахилгаан станц барих нь харин ч Байгаль нуурт эерэг нөлөөтэй байгаа биз дээ.

-Тэгээд оросууд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Яахав дээ. Бизнесийнхэнд нь өөр сонирхол байгаатай холбоотой шүү дээ.

-Ямар сонирхол?

-Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хараат байгаа. Импортоор маш их эрчим хүч авч байна. Тэрийг томоохон үндэстэн дамнасан компаниуд нь үгүй хийхийг хүсэхгүй. Зах зээлээ алдахыг хүсэхгүй байна шүү дээ. Түүнээс биш байгаль экологийн талаас нь харахад Байгаль нуурын сав газарт Эгийн голын цахилгаан станц барих нь харин нь тустай юм л даа. Хоёрдугаарт, усыг 2-3 жил хуримтлуулахад усны урсац хэвийнээс чуть чуть л багасна.

Дараа нь тэр ус 100 хувь хэвийн урсана. Тэр багасаж байгаа нөлөөлөл нь нойл мянганы хорин гурван хувь буюу зууны нэг хувиас ч бага. Дэлхий дээр нэг хувиас бага бол өөрчлөлтийг нь бага л гэдэг. Байгаль нуурт үл мэдэг өөрчлөлт гарна гэдгийг 60-70 усан цахилгаан станц барьсан Францын компани тооцоолол хийгээд дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Оросууд үүнийг хүлээж авахыг хүсэхгүй л байгаа байхгүй юу.

-Тэгээд яагаад манай монголчууд өөрсдийн эрх ашгийн төлөө явж чаддаггүй юм бэ. Оросуудын аманд нь багтаад л яваад байх ёстой юу?

-Одоо тэгээд яваад л байгаа биз дээ. Үе үеийн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчид усан цахилгаан станцыг бариулахын төлөө явсан. Нэг ч Засгийн газар, Ерөнхийлөгчийг Эгийн голын цахилгаан станц барихгүй гэж Орост амлаж байхыг сонсоогүй. Тийм баримт байхгүй. Яах вэ дээ, жижиг улсын зовлон байна. Эдийн засгийн ашиг сонирхол байж болно. Би тэрийг оросуудын өмнөөс тайлбарлаж мэдэхгүй. Мэргэжлийн үүднээс яривал Байгаль нуурт хортой биш харин ч тустай гэж дээр хэлсэн.

Дэлхийн бүх улс орон өөрийн нутгаар дайран өнгөрөх усны 15 хувийг ашиглах эрхтэй. 

Оросууд “Загас нүүдэллэнэ” энэ тэр гэж элдэв янзын юм яриад байдаг юм. Уучлаарай, Эгийн голын цахилгаан станц баригдах газраас Байгаль нуур хүртэл 600 км зай бий. 600 км явдаг загас гэж байдаггүй л байхгүй юу. Бид загасны судалгаа хийсэн. Хамгийн том хоёр метрийн урттай тул загас хамгийн холдоо 200 км явсан байдаг юм. Гэхдээ хэдэн жилийн турш шүү дээ. Тэр тохиолдол бол ховор тохиолдол. Зүгээр голын загас бол 50-60 км-аас илүүгээр явахгүй гэж загасны талаар судалсан эрдэмтэд ярьдаг юм билээ.

Дүгнэлтүүдийг нь уншиж байсан. Энд өөр л зорилго байгаа. Нөгөө талаас ОХУ-ын холбооны зөвлөлийн ерөнхий төлөөлөгч байсан хүн хүртэл “Монголчуудад усан цахилгаан станц барихыг нь зөвшөөрөх ёстой” гээд мэдэгдэл хийгээд л явж байсан шүү дээ. Ойлгодог, мэддэг мэргэжлийн хүмүүс нь “Усан цахилгаан станцаа бариг л дээ. Ямар ч асуудал байхгүй гэдэг шүү дээ. Харин толгойгоо буруу угаалгачихсан хүмүүс нь буруу яриад байдаг юм.

Хойд хөрш маань Монгол Улсыг нэгэн цагт ойлгох байлгүй дээ гээд л найдаад явж байна. Жижиг улсуудын зовлон хэцүү.

-Заавал оросуудыг харалгүйгээр энэ төслийг хөдөлгөх ямар нэгэн гарц бий юу?

-Байгаа. Байлгах ёстой. Би чамд ганц юм хэлчихье. Оросууд “Монголчуудад үнэгүй цахилгаан өгье, нэмж шугам татъя, сүлжээнд оруулъя” гээд л яриад байгаа шүү дээ. Харин бид урдаас нь “Уучлаарай, та бүхэн асуудлыг ойлгосонгүй. Үгүй" гэдэг. Эрчим хүчний асуудал бол хоёр дахь асуудал байхгүй юу. Нэгдүгээр асуудал нь ус юм. Монгол Улс дэлхийд хамгийн хурдан цөлжиж байгаа улс. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс бол Монгол шүү дээ. Жилд хэдэн зуугаараа гол горхи ширгэж байна. 20-30-аад жилийн дараа таван сая монголчууд уух ундны усгүй болох эрсдэлтэй. Монгол Улсын бараг бүх гол нь гадагшаа гараад урсчихдаг. Бид нэг ч хувь усаа өөрсдөө авч үлдэж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл дэлхийн бүх улс орон өөрийн нутгаар дайран өнгөрөх усны 15 хувийг ашиглах эрхтэй.

Бид Эгийн голын усан цахилгаан станцыг барихад нэг хувьд ч хүрэхгүй шүү дээ. Монгол Улс дайран өнгөрч байгаа усныхаа нэг хувийг ч ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Бид 15 хувиа эзэмших эрхтэй юм. Үүнд бууж өгч болохгүй. Дуугүй байх эрхгүй. Машингүй байж болно. Онгоцгүй байж болно. Усгүй байж болохгүй шүү дээ. Оросуудад би ганц л зүйл хэлж байгаа. “Та нар Эгийн голын цахилгаан станцыг зогсооно, айлгана гэсэн ойлголт байхгүй шүү" гэж хэлсэн. Эцсийн эцэст энэ үндэстэн байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгч энэ тал дээр ямар бодолтой байдаг бол? 

-Би Ерөнхийлөгчийн байр суурийг мэдэхгүй. Гэхдээ үе, үеийн Ерөнхийлөгч энэ цахилгаан станцыг зогсоо гэж хэлж байгаагүй. Харин янз бүрийн шахалтад орж зогсоож байсан хүмүүс байж магадгүй. Тэрнээс биш хэрэггүй гэж хэлж байсан хүмүүсийг олж хараагүй. Энэ бол Монгол Улсын хувь заяаны асуудал гэж ойлгоорой.

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРИХ ХЭРЭГТЭЙ

БИ ЭНЭ САНАЛЫГ ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ТАВЬЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА

-Эгийн голын цахилгаан станц төслийг та эхлүүлсэн ч зогсоочихсон. Шалтгаан нь юу байсан юм бэ?

-Хятадаас нэг тэрбум ам.долларын санхүүжилт татаад, гүүрээ барьж эхэлж байгаад зогсоочихсон шүү дээ. Хятадууд Эгийн голын цахилгаан станцыг барихаар эрс шулуудсан байсан. Гэтэл оросууд гомдол гаргасан юм шиг байна лээ. Нэг ёсондоо хоёр их гүрэн биднийг алгасаж хоорондоо ярилцсан байсан. Ингээд Оросын гомдлыг Хятадын тал хүлээж авсан бололтой юм билээ. Бидэнд хандаж “Та нар Оросоос зөвшөөрөл авахгүй бол бид санхүүжүүлж чадахгүй боллоо” гэсэн. Тэгээд зогссон доо.

-Гүүр барих ажил хэзээ зогссон билээ?

-Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сард зогсчихсон. Тэр үед Сэлэнгэ гол дээгүүр гарах 320 метр гүүр барьж байлаа шүү дээ. Эхний гурван тулгуур баганыг өрөмдөөд цутгасан байсан юм. Одоо тэнд үйлдвэр нь байгаа. Өвөл нь түр завсарлаад 2016 оны хавар эхэлнэ гэж байгаад зогсчихоод байж байна.

-Та одоо Эгийн голын цахилгаан станц төсөлд ямар нэгэн байдлаар оролцоотой байгаа байгаа юу?

-Зөвхөн төслийнхөө талаар санаа зовнисон байдалтай л байна. Яагаад гэвэл жилийн өмнө шахуу шинэ Засгийн газар солигдсон. Даргаар нь нэг залуухан нийгмийн ажилтан залуу тавьсан. Нийгмийн ажилтан хүн Монгол Улсын хамгийн том инженерийн төслийг удирдаж болдог юм байлгүй дээ, мэдэхгүй. Тэр залуучууд юм хийж чадаж байвал алга ташаад дэмжээд л явна шүү дээ. Намайг сольсон гээд гонгиноод байх асуудал байхгүй. Хэрэв чадахгүй бол нэхнэ.

-Та энэ ажлыг нэгэнт эхлүүлсэн юм чинь эцсийг нь үзэхийн төлөө хичээх байх. Ядаж төслийг одоо удирдаж байгаа хүмүүст ямар нэгэн зөвлөгөө өгдөг үү?

-Асуувал хэзээ л бол хэзээ зөвлөхөд бэлэн. Харамсалтай нь нэг ч удаа ярихгүй байгааг бодоход ажлаа мэдэж байгаа юм байлгүй дээ.

-Манайд нэг буруу жишиг байна. Засаг нь хоёр жил тутамд солигддог. Тэрийг нь дагаад нийгмийн бүхий л салбарын ажилчид солигдоно. Ядаж ийм үндэсний хэмжээний төслийн багийг солихгүй байж болдоггүй л юм байх даа?

-Ийм төсөлд маш их туршлага хэрэгтэй болно. Би долоон яамтай харьцаж байлаа. Харилцаа холбоо, зэвсэгт хүчин, орон нутаг гээд л асар өргөн хүрээнд харилцдаг байсан. Үүнд туршлагаас гадна асар их зангараг хэрэгтэй болдог. Түүнээс биш 40 хүрээгүй залуучууд аваачаад тавьчихаар ажлаа хийж чадахгүй шүү дээ. Долоон яамны хэлтсийн дарга нарын төвшинд очоод л гацна шүү дээ. Тэр бүгдийг гацаахгүй байж чадах эрэмбэтэй хүн байж энэ төслийг явуулна шүү дээ.

ОХУ дээр жишээ аваад ярихад ийм том мега төслүүдийг нь Засгийн газрын шадар сайдууд удирдаж чиглүүлсэн байдаг юм билээ. БОАЖЯ, Сангийн яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам гээд л маш олон салбар бий. Тэр бүгдийн зохицуулалтыг хийж чаддаг хүн энэ төслийг авч явна шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар арай жаахан гэнэндүү маягаар нийгмийн залуухан ажилтныг авчраад тавьчихсан. Тэгээд нөгөөдөх нь жаахан учраа олохгүй явлаа. Одоо жаахан дөртэй болж байгаа байлгүй дээ.

-Та нүүр тулж уулзаж байсан уу?

-Уулзаж байсан. Эгийн голын цахилгаан станц төслийг хальт дуудаж чадахгүй хэр нь ирснийхээ маргааш нь ажилдаа тэнцэхгүй гээд намайг халсан. Тэгээд би өөдөөс нь хэлж л байсан. “Чи ядаж наад төслийнхөө талаар мэддэг болчхоод хүнийг тэнцэх эсэх дүгнэлтийг гарга даа. Зүгээр л улс төрийн шалтгаанаас боллоо гээд тохиролцож болно” гэж хэлсэн. “Авч өгч сурсан ажил. Наад гэрээн дээр чинь харилцан тохиролцох гэдэг зүйл байдаг юм. Тэрүүгээр нь болъё” гэж зааж өгчхөөд чөлөөлөгдөж байлаа даа. Ядаж хүн халж сураагүй л байхгүй юу, туг чинь. Хэрвээ би дуугүй байж байгаад шүүхдэлцсэн бол тэр маань хэвтээд өгнө биз дээ. Инээдтэй ч юм аа даа.

-Хэрэв таныг энэ төсөл дээр дахин ажиллаач ээ гэвэл та ажиллах уу?

-Ажиллана. Ямар ч асуудалгүй. 

-Эгийн голын цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд улсаас хэчнээн хэмжээний санхүүжилт авч байсан бэ. Одоо хэдийг авдаг бол? 

-Одоо төсөл хариуцаж байгаа нөхөр санхүүжилт авч чадахгүй явж, явж саяхан л санхүүжилт авсан сураг байна лээ. Ер нь зардлын хэмжээ нь гайгүй байдаг. Хүмүүс энэ төсөлд маш их хөрөнгө зарцуулсан гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. 1992-1995 онд зөвхөн ТЭЗҮ-г нь хийхийн тулд 5.2 сая ам.доллар зарсан байдаг юм. Харин 2013 оны төгсгөлөөс эхлээд нэмэлт өрөмдлөг, байр зүйн зураглалыг нь нэмж гаргаад, нэмэлт загасны судалгаа хийсэн.

Маш том хөрөнгө хаяж байж гурван жилийн хугацаанд загасны судалгаа хийсэн шүү дээ. Энэ төслийг 2007 онд зогсоож байсан шалтгаан байдаг. “Археологийн болон түүх дурсгалын соёлоо усанд живүүллээ” гэж зогсоосон байдаг юм. Ингээд бид 400 орчим түүх соёлын булш, хэрэгсүүрийг живэх талбайгаас авран хамгаалах ажлыг хийгээд музей гаргаад авсан. Зам, гүүрний бүх зураг төслийг гаргасан. Энэ бүх ажлыг хийхэд найман сая ам.доллар хүрээгүй гэвэл чи итгэх үү.

-Энэ ажлыг маш бага хугацаанд хийж байсан санагдаж байна?

-Хоёр жил хагасын дотор. 

-Монголчууд өөрсдөө хийсэн юм уу?

-Маш гоё асуулт байна. Ер нь бол нэг онцлог байсан.  Анх удаагаа ийм том төсөлд Монголын мэргэжилтнүүд гаднынхантай мөр зэрэгцэж оролцсон. Тийм учраас бид гаднынханд бага мөнгө төлсөн. Монголын эрдэмтэд хийж чадах бүх ажлаа өөрсдөө авсан. Геофизикийн судалгааг манай эрдэмтэд хийсэн. Гаднын компанид хийлгэсэн бол гурав дахин үнэ төлөх байлаа. Манай зөвлөх буюу ТЭЗҮ-г баталгаажуулдаг компани нь 200 гаруй жилийн түүхтэй.

600 орчим усан цахилгаан станц барихад оролцсон Францын компани байсан. Түүнчлэн манай төсөл англи, монгол хэл дээр хийгдсэн хамгийн анхны төсөл. Энэ бүгдийг хийхэд гар нийлсэн баг хамт олон байлаа даа. Одоо 3-4 хүнийг нь үлдээгээд бусдыг нь бүгдийг нь халчихсан. Надаас өөр тэнд улс төрийн өнгө аястай хүн байгаагүй. Дандаа мэргэжлийн инженер, докторууд байсан. 

-Тэгвэл одоо ажиллаж байгаа баг юу хийж байгаа вэ?

-Тэд нар ажлаа тайлагнахдаа “Дэлхийн өвийн хуралд оролцсон” гэж ярьсан гэсэн. Инээдтэй л байхгүй юу.

-Эгийн голын цахилгаан станц төслийн судалгаа нь бүгд хийгдчихсэн гэж ойлгож болох уу. Одоо юу дутуу байгаа вэ?

-Одоо аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй. Зогсоосон байгаа дэд бүтцийн барилгаа үргэлжлүүлж хийх хэрэгтэй.

-Энэ төслийг барихад хэр зэрэг хугацаа шаардлагатай вэ?

-Жил хагасын дотор гүүр, далангаа барина. Монголчууд хүрзээ бариад хийж эхэлбэл болохоор л байгаа юм. Монголчууд өөрсдөө энэ төсөл дээрээ хэдэн төгрөг төсөвлөж байгаад Хятадуудын эхлүүлсэн гүүрийг зураг төслийнх нь дагуу хийхэд юу нь болохгүй гэж. Хятадын мэргэжилтнүүдийг нь авч байгаад хийх хэрэгтэй. Тэгээд удаан ч гэсэн Эгийн голын цахилгаан станцаа барьж эхлэх л ёстой. 

-Хэрэв өөрсдөө Эгийн голын цахилгаан станцаа бариад эхэлбэл оросуудын талаас эрх зүйн хувьд эсэргүүцэх ямар ч шалтгаан байхгүй гэсэн үг үү?

-Ямар ч асуудал байхгүй. Монгол Улс нутаг дэвсгэр дээрээ юугаа хийх нь тэдэнд ямар хамаатай юм. Тиймээс өөрсдөө барих хэрэгтэй. Би энэ саналыг дараагийн Засгийн газарт тавья гэж бодож байгаа. Жишээлбэл, “Улаанбаатар хотын хүн амыг усаар хангахын тулд усан сан байгуулна” гэвэл оросуудаас зөвшөөрөл авах хэрэг гарах нь л дээ. Би бол “Тийм зүйл байхгүй ээ, уучлаарай" гэдэг. Оросуудад ямар ч хамаагүй. Хилийн усны хэлэлцээр Сэлэнгэ мөрөн дээр байдаг болохоос Эгийн гол болон бусад голд пад байхгүй.

ХЯТАД, ОРОС ХОЁР АМАР МӨРНӨӨС ЭХ АВДАГ 3-4 ГОЛ ДЭЭР ХАМТАРЧ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХААР ТОХИРСОН

-Тэгвэл тэгээд Оросуудаас асуух ч шаардлагагүй юм биш үү?

-Тийм. Бүр болохгүй бол Монголчуудаа уриалаад улсын төсөвт жил болгон 100-300 сая ам.доллар тавьж байгаад хэдүүлээ өөрсдөө компаниудаа дайчлаад гаднын хүчирхэг инженерүүдийг урьж авчраад барих хэрэгтэй шүү дээ. Энд ядаж 1,000 хүн ажиллана. 100 метрийн өндөртэй, 780 орчим метрийн урттай далан барина гэдэг амаргүй ажил. Хамгийн гол нь усыг ямар ч мөнгөөр, алтаар солихгүй шүү дээ. Өнөөдөр Дөргөн, Тайширын усан цахилгаан станц дээр нь нуур үүсчихсэн.

Тэрийгээ “Гэгээн” нуур гээд нэрлэчихсэн байна лээ. Тэнд нь хун шувууд цуглардаг. Нуур нь дүүрэн загастай. Тасардаг байсан Чоно харайхын гол тасрахаа больчихсон. Эсрэгээрээ тэр хавьд маш гоё орчин үүссэн байсан. Бололцоо л гарвал усан цахилгаан станцаа монголчууд авч үлдэх ёстой. Бидэнд өөр арга байхгүй.

-Эгийн голын цахилгаан станцыг барьснаар ОХУ-аас эрчим хүч авах шаардлагагүй болох уу. Дээрээс нь усан цахилгаан станцад тохируулга хийж болдог гэж та хэлсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Нэгдүгээрт, цэвэр усны нөөцөө хамгаална. Хоёрдугаарт, эрчим хүчний хараат бус байдлаас сална. Эгийн голын цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний 30 хувийг нь хангана. Импортыг нэлээн сайн орлоно. Бүрэн орлоно гэхээр хүмүүс янз бүрийн юм яриад байдаг юм. Хамгийн гол нь тохируулга хийдэг. Цахилгаан гэдэг зүйлийг энгийнээр тайлбарлая. Залуур байлаа гэж бодъё. Энд тог залгаагүй байлаа ч цахилгаан алдагдаж л байдаг. Хадгалагддаггүй байхгүй юу. Тэгэхээр Монгол Улсын эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станцууд тогтмол хүчин чадлаар тог үйлдвэрлэдэг.

Гэгээтэй болонгуут хэрэглээ багасдаг. Гэхдээ хэрэглээ багаслаа гээд тэр станцын үйлдвэрлэдэг цахилгаан багасдаггүй. Орой болонгуут айл болгон гэрлээ асаагаад эхлэхээр Монголын станцууд хэрэглээгээ хүчрэхээ байдаг. Тэгээд импорт авдаг юм. За тэгээд шөнийн 12 цаг болоод хэрэглээ багасахаар цахилгаанаа хасаж чаддаггүй. Тэгвэл цахилгааныг нэмж, хасах тохируулгыг зөвхөн усан цахилгаан станц хийдэг юм.

Нэг турбиныг унтраангуут шууд 70-80 мегаваттыг унтраадаг, эсвэл асаадаг. Ийм уян хатан залуурдах боломжтой байдаг учраас усан цахилгаан станцыг ямар ч цахилгаан станц орлож чаддаггүй юм. Хүмүүс V цахилгаан станцыг бариад л боллоо шүү дээ гэж хэлдэг. Энэ бол асуудлаа мэдэхгүй хүний яриа. Эгийн голын цахилгаан станц баригдвал жилд ядаж 60-70 тэрбум төгрөгийг хэмнэх юм.

Гуравдугаарт, усан цахилгаан станцын цэвэр усны нөөцийг дагаад цаг уур зөөлөрнө. 60 метр урттай нуур үүснэ, чийгшил бий болно гээд зөндөө эерэг нөлөө бий. Түүнчлэн усан цахилгаан станц хөдөөд аж ахуйн эрчимжсэн фермер болдог. Аялал жуулчлал хөгжинө. Дэлхийн бүх хөгжилтэй орнууд усан цахилгаан станцыг асар олноор барьж байгаа. Жишээлбэл, Норвеги Улс байна. Энэ улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг. Асар их нефтийн нөөцтэй.

Норвеги Улс эрчим хүчний 98 хувийг сэргээгдэх эрчим хүч буюу усан цахилгаан станцаас авдаг. Оросууд усан цахилгаан станцыг байгальд муу гээд байгаа хэр нь жил болгон усан цахилгаан станц нэмж барьдаг шүү дээ. Хүмүүс намайг Орост дургүй эсэргүү гэж хэлэх вий дээ. Оросуудад би хайртай. Тэнд сургууль төгссөн. Тэндхийн хүмүүжилтэй хүн. Гэхдээ эх орныхоо эрх ашгийн төлөө явна. Тэгтэл нэг хэсэг хүмүүс намайг Оросын дайсан болгох гэж оролддог. Гэхдээ би Оросын дайсан биш ээ гэж хэлмээр байна.

МОНГОЛЧУУД ДЭНДҮҮ ДЭЭРЭЛХҮҮЛЖ БАЙНА

-Дэлхийн бүхий л улсууд цэвэр усны хэрэгцээндээ санаа зовоод эхэлсэн. Гэтэл бид усныхаа нөөцийг авч үлдэхийг юу хийж байна вэ?

-2040-2045 онд дэлхийн хүн ам есөн тэрбум орчим болно. Тэр үед дэлхийд долоон тэрбум хүнд шаардагдах усны нөөц байна. Хоёр тэрбум хүн усны хомсдолд орно гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараа юу болох нь ойлгомжтой байгаа биз. Тэгэхээр ирээдүйд юуны төлөө дайн болох нь уу, усны төлөө л тулалдана. Амьдрахын төлөө тэмцэнэ. Хүний биеийн 75 хувь нь ус. Тэгэхээр хүнд ус л хэрэгтэй. Бид усныхаа төлөө одооноос тууштай явахгүй юм бол энэ үндэстэн юу болж хувирах вэ. Усны төлөө бид одоо л яриад байгаа болохоос биш аль хэдэн зууны өмнөөс эхлээд л усны төлөөх тэмцэл байсан шүү дээ.

Хятад, Төвд хоёрын тэмцэл уснаас л болсон шүү дээ. Төвдийн өндөрлөг нь Хятадын бүх усны эх ундарга нь. Зөвхөн Хятад биш Энэтхэг рүү урсдаг маш олон голууд байдаг. Тэгэхээр Хятадууд уснаас болж Төвдийг хяналтдаа байлгах гэж оролддог юм. Хятадууд Энэтхэг болоод бусад улс орон руу гарч байгаа усан дээр цахилгаан станц барьчихсан л байгаа шүү дээ. Асуухгүйгээр л барьж байгаа. Хятад Улс 1954 онд “Одоо л Төвдийг эрхшээлдээ авахгүй бол хэдэн жилийн дараа энэ улсын хараанд орно” гэж шийдээд Төвд рүү дайрсан. Хилийн мөргөлдөөн болдог шалтгаан ус шүү дээ.

Маш нарийн зүйлүүд бий. Энэтхэгийн гурван том гол Төвдөөс гардаг. Нэг голыг нь дагаад 15 сая энэтхэг хүн амьдарч байгаа байхгүй юу. Тэр хүмүүс яаж амьдрах вэ гэдгийг Хятадууд шийдэж байна. Хятад, Орос хоёр хоорондоо Амар мөрнөөс эх авдаг 3-4 гол дээр цахилгаан станц барихаар тохироод бариад эхэлж байна. Байгаль нуураас Ангар мөрөн эх авдаг. Ангар мөрөн дээр дөрвөн усан цахилгаан станц байгаа. Тэдний нийлбэр хүчин чадал хэд гэж бодож байна. 12 мянга. Бидний барих гээд байгаа Эгийн голын цахилгаан станц 314 мегаватт.

Хэрвээ усан цахилгаан станц тийм байгальд муу байсан юм бол ганцхан гол дээрээ 12 мянган мегаваттын цахилгаан станц барих уу, оросууд. Бүх ярьж байгаа зүйл нь инээдтэй л байхгүй юу. Оросууд Эгийн голын цахилгаан станцыг бариулахгүй гэдэг байр суурьтай байвал бид яагаад өөрийн усан дээр барьж болохгүй гэж. Г эхдээ харамсалтай нь Монголчууд арчаагүй л байгаа байхгүй юу. Дэндүү дээрэлхүүлж байна.

Огт усгүй Сингапур бусад улсаас хоолойгоор ус татаад авч л байгаа. Тэгэхээр бидэнд эх оронч тууштай зан хэрэгтэй байна. Жижиг дарамт шахалтаас болоод ямар нэгэн байдлаар бууж өгч болохгүй. Бүх Монголчуудын хувь заяаны асуудал. Д.Одхүү гэдэг хүн Эгийн голын цахилгаан станцыг заавал барина. Өөрөө өөртөө тангараг өргөсөн.

-Ингэхийн тулд та ямар алхам хийх вэ?

-2020 онд ялах ёстой. Намайг ойлгож, ажил хийх бололцоо олгодог хүчин гарч ирж байж би санаснаа гүйцээнэ. Одоогийн байгаа нөхдүүд чадахгүй байна шүү дээ. Өөр нам учраас намайг ашиглаж чадахгүй байна. Энэ төслийг явуулах чадвар нь надад арай илүү байх юм даа.

-Эгийн голын цахилгаан станцыг барина гэж анх хэн санаачилсан бэ. Таны санаачилга байсан уу?

-Үгүй. Эрчим хүчний сайд М.Сономпилийн санаачилга байсан. Ер нь эрчим хүч аж үйлдвэрийн салбарын өмнө түрүүлж явах ёстой байдаг. Үйлдвэр барихад ус, цахилгаан хангамж байх ёстой. М.Сономпил сайд урьдчилж хараад том мега төслүүдээ явуулах ёстой гэж шийдээд Тавантолгой цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц, тохируулгын буюу Эгийн голын цахилгаан станцыг барих ёстой гэж шийдсэн. Энэ том төслийг шүдтэй, зангаргатай, шаргуу зүтгэх хүмүүс чирч явна гэдгийг харсан байгаа юм.

Тэгээд Тавантолгой төслийг Ерөнхий сайд байсан М.Энхсайханд хариуцуулсан. Намайг “Эгийн голыг ахлаач" гэж хүсэлт тавьсан. Би эхлээд зөвшөөрөөгүй юм. Cap бодож, судалж үзээд үнэхээр эх орны төлөөх асуудал учраас зөвшөөрсөн. Хүмүүс намайг албан тушаал авсан гэж боддог. Энэ төслийг нэг хуудас цаас ч үгүй хүлээж аваад, багаа бүрдүүлж ажилласан. Хоёр жилийн дотор хөрөнгө оруулагчдаа татсан. Энэ засаг солигдоогүй байсан бол бараг эхэлж байсан байх гэж бодож байна.

-Үнэхээр Орос, Хятад хоёр тохироод “Эгийн голын цахилгаан станц барихгүй” гээд байхад та яаж эхлүүлэх байсан гэж?

-Надад хятадуудтай ойлголцоод явах боломж байсан юм. Зөндөө л арга байгаа шүү дээ. Намайг хүмүүс “Төрийн өмчийн хорооны Д.Одхүү аймаар зөрүүд, ард нь л гарч салдаг" гэдэг. Энэ зангаа ашиглаж Эгийн голын цахилгаан станцыг заавал барина. Энэ станцыг барьчихвал үр хүүхэддээ хэлэх үгтэй үхнэ гэж бодож байгаа. Надад “Төслөө зогсоо” гэдэг янз бүрийн шахалт ирж байсан. “Та нараас айхгүй байна аа” л гэсэн. Энд Тагнуулын байгууллага, Гадаад харилцааны яам бүгд цул болох ёстой. Уүнээс гадна би нэг л зүйлд эмзэглэж явдаг.

-Юунд?

-Хоёр талын тагнуулын алба Монголыг хүчирхэг байлгахгүйн тулд ядуу, тэнэг, боловсролгүйг нь далимдуулаад төр рүү нь нулимуулдаг. Энэ бол хамгийн том аюул. Айл гэрийн аав нь архи ууж болно. Гэхдээ амьдралаа залгуулдаг байхад нь “Чи архи уулаа” гээд хүүхэд болгон нь зодоод байвал тэр гэр бүл өөдтэй явах уу. Манай эхнэр намайг та гэж дууддаг. Тиймээс манай гэр бүл тайван байдаг. Манай нам байсан Л.Гүндалай 76 тэнэг гэдэг.

Тэгэхээр би өөдөөс нь “Чи нэг нь биз дээ” гэхээр “Аан биш. 75 тэнэг” гэдэг байхгүй юу. Өөрийгөө гоё харагдуулахын тулд Монгол Улсыг доромжилж байгаа байхгүй юу. Төрийн институцээ дархлаагүй болгож байгаа. Хүмүүс Засгийн газрыг унах болгонд баярлаж байна шүү дээ. Ингэх тусам Монгол Улс суларч байгаа байхгүй юу. Үнэхээр зүрх өвдмөөр. Чингис хааны хөшөөний өмнө арван Өвөрмонгол хүмүүс ирчихсэн мөргөж байгаа зураг байгааг харсан уу. Тэд биднийг харж, хүлээж байгаа.

Гишүүн байхдаа Буриадад очиж байсан. Буриадын төрийн том зүтгэлтнүүд нь нулимсаа барьж ядан “Миний Монгол төрийн тугийг барьж байгаа хүмүүс” гээд хүндэлж байж билээ. Тиймээс бид тэнэг байх ёсгүй. Төрөө хүндлэх хэрэгтэй. Эх оронч гэдэг зүйл чинь энэ шүү дээ. Тиймээс бид хариуцлагатай байх ёстой.

Зураг