Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө

ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, судлаач Ц.Мөнхцэцэг сошиал сүлжээ дэлхийн улс орнуудын сонгуульд хэрхэн нөлөөлж байгааг судалгааны дүнд үндэслэн АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль, Монгол Улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр авч үзжээ. Ингээд түүний нийтлэлийг хүргэж байна.


Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа нийгмийн сүлжээг ашиглан тухайн улс, үндэстний уламжлал, нийтлэг үнэлэмж, адилсал, шашин шүтлэг зэрэг соёлын суурь шинж чанартай асуудлаар олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдан залах, сонгуулийн дүнг өөрт ашигтайгаар эргүүлэх явдал нэмэгдэж буй нь дэлхийн улс орнуудын сүүлийн үеийн сонгуулиудаас ажиглагдаж байна.

Популист улс төрчид болон намууд нийгмийн сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болсон нь АНУ, Франц, Герман зэрэг уламжлалт ардчилсан дэглэмт улс орнуудын сонгуулиас харагдаж байна. Ф.Фукуямагийн хэлсэнчлэн нийгмийн сүлжээний улмаас улс төрийн үйл явцад ямар нэгэн хяналт, шүүлтүүргүй асар их мэдээлэл цацагдсан “пост-факт” үе иржээ. 

Улс орнуудын сонгуулийн үйл явцад сошиал сүлжээний нөлөө хэр байгааг 2016 оны АНУ-ын, 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр тус тус авч үзье.

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө

 

2016 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь хэвлэл мэдээллийн оролцоо өмнөх сонгуулиудаас нэлээд ялгаатай байв. Тодруулбал телевиз, сонин, сэтгүүл зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн ихэнх сувагт Х.Клинтоны сурталчилгаа давамгайлсан бол твиттер, фэйсбүүк зэрэг сошиал сүлжээний сувагт  Д.Трамп илүүрхэж байв. Америкийн бараг бүх том мэдээллийн агентлагууд, магнатууд Хилларигийн талд байлаа. Ийнхүү хэвлэл мэдээллийн уламжлалт сувгууд Х.Клинтоныг дэмжиж байсан учраас Д.Трампын баг сошиал сүлжээний сувгуудад ихээхэн анхаарч ажиллав. Сонгуулийн сурталчилгааны эхэн үед Трамп твиттерт 12.8 сая, фэйсбүүкт 11.9 дагагчтай байсан бол сонгуулийн кампанийн төгсгөлд твиттерт 19 сая, фэйсбүүкт 33.9 сая дагагчтай болж нэмэгдсэн бол Клинтон сонгуулийн эхэнд твиттерт 10 сая дагагчтай байсан бол сонгуулийн төгсгөлд 9.5 сая болж буурсан, фэйсбүүк дэх дагагчдын тоо сонгуулийн эхэнд 7.7 сая байсан нь 7.8 сая болж шальгүй нэмэгдсэн байдаг. 
 
Америкийн зарим ажиглагчид твиттер бол Д.Трампын сурталчилгааны үндсэн суваг байсан гэж үзэж байв. Д.Трампын багийн зүгээс сошиал сүлжээг сурталчилгаанд идэвхтэй ашиглахын зэрэгцээ Х.Клинтоны хувийн нэр хүндийг унагаах, Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэврээх, гадаадынхныг үзэн ядах, Обамагийн засаг захиргааны бодлого явуургүй болохыг харуулсан зохиомол, эсвэл баримтыг гуйвуулан тайлбарласан үй олон мэдээллийг интернетийн сайтууд болон фэйсбүүк, твиттерээр тарааж байв.  Жишээлбэл, дээрмийн сэдлээр үйлдэгдсэн гэмт хэргийг арьс өнгөөр  ялгаварласан гэж харуулж, дээр үед үйлдэгдсэн харууд ба цагаан арьстны хоорондын зөрчилдөөн бүхий бичлэгүүдийг одооных гэсэн тайлбартайгаар сошиал сүлжээгээр цацаж байлаа.  Мөн Х.Клинтоны багийн зүгээс ч хуурамч мэдээллийг тарааж байлаа.

Сошиал сүлжээгээр тараасан эдгээр хуурамч мэдээллүүд сонгогчдын саналд хэрхэн нөлөөлсөн бол? Сонгуулийн үеийн хуурамч мэдээллүүдэд олон хүн итгэсэн болох нь Силвермэн, Сингер нарын судлаачдын судалгаагаар батлагдсан юм. Мөн Паркинсон, Рийд нарын зарим судлаачид хэрэв Д.Трамп хуурамч мэдээллүүдийг ингэж их сошиал сүлжээгээр тараагаагүй бол ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй байх байсан гэж үзжээ. Судлаач Х.Аллкот, М.Женцков нарын сонгуулийн үеийн гурван сарын хугацаан дахь АНУ-ын 690 мэдээний сайт болон 65 хуурамч мэдээлэл тавьдаг сайтуудын мэдээлэл хэрхэн сошиал сүлжээнд тархсан талаарх судалгааны дүнгээс үзэхэд Д.Трампын багаас тараасан хуурамч мэдээллийг олон нийт 30 сая удаа шейрлэсэн бол Х.Клинтоныг дэмжсэн хуурамч мэдээллүүд 7.6 сая удаа шейрлэгдсэн байна. 

Монгол Улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө

 

2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль УИХ-д суудалтай Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) төлөөлөл гурван нэр дэвшигчийн хооронд өрнөв. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадалгүй АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар хоёр дахь шатны санал хураалтад тунаж үлдсэн юм. Улмаар хоёр дахь шатны санал асуулгаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.6 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Энэхүү сонгуулийн кампанийг ерөнхийд нь дүгнэвэл сөрөг сурталчилгаа, олон нийтийн сэтгэл хөдлөлд чиглэсэн нийгмийн сүлжээний сурталчилгаа, тактикууд давамгайлсан гэж үзэж болохоор байна. 

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 2017 оны 6 сарын 6-нд эхлэн хуулийн дагуу 18 хоног үргэлжилсэн бөгөөд урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад нэр дэвшигчид сурталчилгааны сувгийн хувьд нэлээд хатуу хязгаарлалт дор сурталчилгаа явуулсан юм. Тухайлбал, нэр дэвшигч бүр үндэсний хэмжээнд нэвтрүүлэг цацдаг 16 телевизийн сувгаар өдөр бүр 15 минутын хугацаатай нэвтрүүлэг хийх, сэтгүүл, сурталчилгааны товхимол, сонин тус бүр нэгийг л айл өрхөөр тараах боломжтой байв. Мөн гудамж талбайн самбарууд тоо болон байршлын хувьд ихээхэн хязгаарлагдсан юм. 

Ийнхүү сонгуулийн сурталчилгааны уламжлалт сувгууд хязгаарлагдсан учраас МАН болон АН-ын нэр дэвшигчид нийгмийн сүлжээг сурталчилгаанд түлхүү ашиглав. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд нийгмийн сүлжээг бус иргэдтэй хийх нүүр тулсан уулзалтууд сурталчилгааны гол суваг нь болов. 

Сонгуулийн сурталчилгааны бүхий л хугацаанд нэр дэвшигч Х.Баттулга гол өрсөлдөгч М.Энхболдын эсрэг сөрөг сурталчилгааг фэйсбүүкээр амжилттай явуулсан бол М.Энхболдын хувьд мөн л гол өрсөлдөгч Х.Баттулгын эсрэг сөрөг сурталчилгааг твиттерт давамгайлан явуулав. Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд фэйсбүүкт давамгай байсны гол үзүүлэлт бол түүний сурталчилгаа, Live буюу шууд дамжуулалт бүхий бичлэгүүд сонгуулийн сурталчилгааны бүхий л үед хамгийн олон үзэгч, хандалттай байсан явдал юм. Жишээ болгож гурван нэр дэвшигчийн сонгуулийн нээлтийн шууд бичлэгийн үзэгчдийн тоог  харуулья.

Гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг фэйсбүүкт үзсэн хүмүүсийн тоо
 

 

Энэхүү сонгуулийн нээлтийг үзэгч, хандалтын тоо цаашид сонгуулийн сурталчилгааны бүхий л үйл явцад хадгалагдсан бөгөөд Х.Баттулгын багийн сурталчилгаа, тэр дундаа сөрөг сурталчилгаанууд ямагт үзэгч, хандалтын тоогоор давамгай байсан бол С.Ганбаатарын фэйсбүүк дэх дэмжигчдийн тоо цөөн байсаар сонгуулийг дуусгасан юм. Эндээс үзэхэд С.Ганбаатарыг дэмжигч сонгогчдын сегмент фэйсбүүкт бус, гудамжинд байсан нь харагдаж байгаа юм.

Ерөнхий дүр зургийг тоймлон харвал энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчдийн бодлого, мөрийн хөтөлбөр бус сөрөг сурталчилгаа, fake news буюу хуурамч мэдээллүүд давамгайлав. Гурван нэр дэвшигчдийн аль аль нь сонгуулийн кампанийг стратеги төлөвлөлтийн дор иж бүрнээр явуулж чадаагүй. Тухайлбал, М.Энхболдын сонгуулийн кампани Х.Баттулгын зүгээс хийсэн сөрөг сурталчилгаануудад л хариулт өгөх, няцаалт хийх байдлаар явагдсан.

Харин Х.Баттулгын сонгуулийн кампанид Хятадын эсрэг  сурталчилгаа, 60 тэрбумын бичлэгүүд гол мессеж болов. Ингэхдээ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын багийн хэрэглэсэн зохиомол түүх, хуурамч мэдээллийн аргыг нэлээд хэрэглэсэн билээ. Эдгээрээс заримыг тодруулан авч үзье.

Fake news

Сонгуулийн үеэр олны анхаарлыг татах, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах зорилготой их хэмжээний зохиомол мэдээллүүд нийгмийн сүлжээнд тархаж байснаас хамгийн анхаарал татсан зарим сурталчилгааг Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний үр нөлөөний талаарх мониторингийн судалгааны дүнд үндэслэн авч үзье.

2017 оны 6 сарын 1, 2-ны өдрүүдэд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшигч Х.Баттулгын багаас фэйсбүүкт “М.Энхболдын удам угсааны тухай”, “Эрэлхэг Монгол залуугийн үхэл”, “Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх гурван янзын бичлэгийг байршуулсан юм. “М.Энхболдын удам угсааны тухай” бичлэг нь 2016.06.01-ны орой ТВ Сонголт пэйж хуудаст цацагдсан бөгөөд М.Энхболдыг хятад цустай, эрлийз гэдэг агуулгатай байв. Уг бичлэгийг Оффшор,  Зугаатай залуус, Автомашин зарлал, Мэдээлэл, худалдаа зэрэг 40 мянгаас дээш гишүүдтэй фэйсбүүкийн хамгийн том групуудэд мөн тараагдсан байв. Үүнээс Зугаатай залуус груп нь 332 мянган гишүүнтэй Монголын хамгийн том фэйсбүүк груп юм. Уг бичлэгийг 48 цагийн дотор 99 мянган хүн үзэж, 2403 удаа шейр хийсэн байна.

Мөн 2016.06.02-нд буюу тухайн бичлэг цацагдсанаас хойш 24 цагийн дараа зарим нэг сайтуудад энэхүү бичлэгийг тэр чигээр нь оруулан “М.Энхболд эрлийз гэдэг хөдлөшгүй баримтаар нотлогдлоо” гэсэн гарчигтай мэдээ болгон тавьсан юм. 

М.Энхболдын удам судрын тухай энэхүү бичлэгийг үзсэн хүмүүсийн дийлэнх “Яах аргагүй хятадын эрлийз, Эхийн талынхан хужаа нар, Жинхэнэ монгол хүнээ олоод сонгочих юмсан” гэх мэтээр түүний эсрэг сөрөг, буруушаасан сэтгэгдлүүд үлдээсэн байснаас харахад энэхүү сөрөг сурталчилгаа хүмүүст ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай.
“Эрэлхэг Монгол залуугийн үхэл” хэмээх хоёрдахь бичлэг нь хятадууд машинаар өвөр монголчуудыг дайрч амь насыг хөнөөж байна гэсэн тайлбартайгаар байршуулсан байв. Уг бичлэгийг Mongolia entertainment, Папараци, Зугаатай залуус, Мөнх тэнгэрийг шүтэгчдийн групп, Хамаг Монгол зэрэг олон мянган гишүүнтэй групп, пэйж хуудсуудаар тарааснаас гадна үүнийг үзсэн олон хүмүүс өөрсдийн фэйсбүүк хуудастаа хуваалцсан  байв. 

“Эзэн Чингисийг доромжилж байна” хэмээх гурав дахь бичлэг нь Монгол гэрт хятад залуу Чингис хааны зургийн өмнө элдвээр аашилж буй богино үйл явдал байсан бөгөөд Сенсацитай бичлэгүүд, Трэнд бичлэгүүд, ХАА сайгүй зэрэг пэйж хуудас болон Жиргээ мэдээ, Монголын screenshot өлөн нүдтэнгүүд, Зугаатай залуус, Mongolia entertainment зэрэг томоохон групээр цацагдаж олон мянган хүн үзсэн байв.

Ийнхүү дээрх гурван бичлэг нь 2017 оны 6 сарын 1-2-ны өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр хоорондоо уялдаа холбоотойгоор шат дараалан цацагдсан бөгөөд олны танил, дагагч ихтэй зарим хүн эдгээр мэдээллийг шейрлэсэн нь маш олон хүнд тарах нэг нөхцөл болов. Тухайлбал, эзэн Чингисийг доромжилсон хятад нөхрөөс яаж хариугаа авсан талаарх илт зохиомол зурагтай постыг Дагвадорж аварга 6 сарын 2-нд өөрийн фэйсбүүктээ постолсон нь маш хурдан 671 хүнд шейрлэгдсэн боловч 1 цагийн дараа аварга энэхүү постоо устгасан юм. 

Фэйсбүүкийн орчинд тарсан хоорондоо уялдаа холбоотой дээрх гурван бичлэгийн доорх сэтгэгдлүүдийг үзэхэд дийлэнх нь хятадуудыг үзэн ядсан, хятадууд газар авлаа, М.Энхболд бол “хужаа”, монгол хүнээ сонгох хэрэгтэй гэсэн агуулгатай байв. Монголчуудын Хятадад дургүйцэх уламжлалт сэтгэлгээтэй холбоотойгоор сошиал орчинд Хятадын талаарх бүхий л постуудад олонх хүн ухамсаргүйгээр итгэн хүлээн авах хандлагатай байгаа нь бидний дээрх судалгаанаас харагдаж байв. Мэдээллийн үнэн худлыг нягтлах, эх сурвалжийг шаардах гэх мэт ухамсартай шүүлт сошиал сүлжээнд огт үйлчлэхгүй байв. 

Хамгийн олон хүн үзсэн бичлэг

Мөн сонгуулийн сурталчилгааны явцад олны анхаарлыг хамгийн хүчтэй татсан нэгэн сөрөг сурталчилгаа бол МАН-ынхан төрийн албыг 60 тэрбумаар худалдаж байгаа, түүнийг илчилсэн Доржзодов гэгч хүний цуврал бичлэгүүд байв. Жишээлбэл, 2017 оны 6 сарын 14-16-нд Доржзодовыг баривчлах гэж байгаа тухай болон түүний цонхоор хийсэн шууд бичлэгийн  талаарх мэдээний сайтууд болон фэйсбүүкт тараагдсан мэдээлэл, шууд бичлэгүүдийг 12 цагийн дотор давхардсан тоогоор 518 мянган хүн үзсэн нь сошиал орчин дахь маш өндөр үзүүлэлт юм. 

Доржзодовын фэйсбүүк болон сайтад тавигдсан бичлэгийн хандалт

 

60 тэрбумын бичлэгийг олон нийтэд цацсан, гэрч гэгдэх Г.Доржзодовыг баривчлах гэсэн талаар АН хэвлэлийн бага хурлыг С1 ТВ шууд дамжуулж. sonin.mn сайтын албан ёсны пэйжэд хэд хэдэн удаа мэдэгдэл орсон байв. Мөн зарим нэг хандалт ихтэй пэйж хуудсаар Доржзодов шууд бичлэг хийснийг нийтдээ 518 мянган хүн үзсэн юм. Эдгээр мэдээллийг үзсэн хүмүүсийн хувьд МАН-ыг болон М.Энхболдыг буруутгах байр суурь давамгай байсан юм.

“Бичлэг үнэн болоод л 1 саяын асуудал яригдаж дээ, За ингээд Сандуй МАН-ынхан 90 минутын бичлэгээ үнэн болохыг баталлаа, Энхболд энэ бүхний ард байгаа, МАН эвлүүлэг гээд байсан чинь үнэн болж  таарлаа, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн биш хамаг булхайн илрээд баларч байнаа” гэх мэтээр уг бичлэгийг үзсэн хүмүүс байр сууриа илэрхийлж байв. Ийнхүү АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн кампанийн зүгээс сошиал сүлжээгээр явуулсан цуврал сөрөг сурталчилгаа ахар богино хугацаанд олон хүнд хүрч байв. Тэр дундаа нийгмийн сүлжээний гол хэрэглэгч болох 35 хүртэлх насны залуу сонгогчдод хүчтэй нөлөөлсөн юм.

АНУ-ын ба Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампани дахь сошиал сүлжээний ялгаатай ба төстэй талууд

АНУ-ын ба Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн кампани дахь сошиал сүлжээний үзүүлэх нөлөөллийг харьцуулан үзэхэд ойролцоо дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ ба Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн аль алинд сошиал сүлжээний хэрэглээ урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад ихээхэн нэмэгдэж сонгогчдын санаа бодолд үзүүлэх нөлөө нь ихсэв.

Урьд өмнөх сонгуулиудад facebook, twitter, youtube зэрэг нь тухайн нэр дэвшигчийн эерэг сурталчилгаа буюу мөрийн хөтөлбөр, байр сууриа таниулахад хэрэглэгдэж, эдгээр сошиал сүлжээний сувгуудад өрсөлдөгч рүү чиглэсэн сөрөг сурталчилгаа багахан зай талбай эзэлж байсан нь АНУ-ын АН-ын нэр дэвшигч Барак Обамагийн 2008, 2012 оны, БНН-ын нэр дэвшигч Митт Ромнигийн 2012 оны сонгуулиудаас тус тус харагддаг. 

Харин Монгол Улсын хувьд 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх сошиал сүлжээг сонгуулийн сурталчилгаанд ашигласан. 2013 онд МАН, АН, МАХН-аас гурван нэр дэвшигч өрсөлдсөн ч цахим ертөнцөд МАН ба АН-ын нэр дэвшигчдийн хооронд л өрсөлдөөн явагдсан юм. Гэхдээ тухайн үед сөрөг сурталчилгааны далайц, агуулга тун бага байлаа. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын талаарх хошин гэмээр сөрөг мессеж, мэдээллүүд фэйсбүүкээр цацагдаж байсан юм. Тухайлбал, фэйсбүүкт Б.Бат-Эрдэнэ бол сайхан биерхүү монгол эр, харин Ц.Элбэгдорж бол морин дээр суухад хөл хүрэхгүй бие жижиг гэх маягийн зурагнууд тараагдаж Б.Бат-Эрдэнэ аваргын сайхан дэвсэн, барилдсан зураг дүүрсэн билээ. Харин үүний хариуд Ц.Элбэгдоржийн багийнхан “Элбэгдоржийг хувьсгалын ажил хийж явахад Бат-Эрдэнэ юу хийж байв?” хэмээх егөөдсөн няцаалт бүхий зурган сурталчилгааг хийж байлаа.

Тэгвэл 2016 оны АНУ-ын, 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиудад сошиал сүлжээ сөрөг сурталчилгааны гол талбар болов. Ингэхдээ өрсөлдөгчийн нэр хүндийг унагаахын тулд зохиомол мэдээллүүдийг үй олноор хэрэглэсэн юм. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын багаас Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах, гадаадынхныг үзэн ядах үзлийг дэврээх зорилгоор зохиомол болон бодит байдлыг гажуудуулсан үй олон мэдээллийг тарааж байсан бол 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын багаас монголчуудын дундах Хятадад таагүй хандах сэтгэл зүйн онцлогт тулгуурлан хаа хамаагүй гэмт хэрэг, өвөрмонголчуудын зодоон гэх мэтийг Монголд Хятадын аюул бодитоор ирлээ гэсэн шошгын дор нялзаан тарааж байсан билээ. 

АНУ ба Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль дахь сошиал сүлжээний хэрэглээ ийнхүү ойролцоо зүйлс байгаа ч өөр хоорондоо ялгаатай зүй тогтол бас байгаа юм. Юуны өмнө АНУ-ын сонгуульд фэйсбүүк, твиттер гэсэн сошиал сүлжээний хоёр том суваг аль аль нь сонгогчдын санаа бодолд нөлөө үзүүлэхүйц байгаа бол Монгол улсын хувьд зөвхөн фэйсбүүк л сонгогчдын тодорхой бүлгүүдийн байр сууринд нөлөөлөхүйц хэмжээнд байна.

Харин твиттерийн хэрэглэгчдийн тоо цөөн, нийт сонгогчдод үзүүлэх нөлөөлөл бага байгаа нь 2016 оны УИХ, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас харагдаж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бидний хийсэн судалгаанаас үзэхэд фэйсбүүк нь нэр дэвшигчдийн талаар мэдээлэл авч буй гурав дахь том суваг болсон нь харагдсан. Судалгаанд оролцсон иргэдийн 39.3 хувь нь нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг фэйсбүүкээс авч байна гэж хариулсан. Харин твиттерээс мэдээлэл авч буй сонгогчдын хувь 5.4 байгаа юм. 

Бүдүүвч 3. Та нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хаанаас авч байна вэ?

 

Фэйсбүүкээс улс төр, сонгуулийн талаар мэдээллээ голчлон авдаг хэрэглэгчдийн социал бүтцийг задлан үзэхэд 35-40 хүртэлх насны, нийслэл Улаанбаатар болон аймгийн төвд оршин суудаг, бүх түвшний боловсролтой хүмүүс байгаа юм. Энэхүү дүнгээс харахад 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн фэйсбүүк дэх мэдээллүүд, нэр дэвшигчдийн талаарх эерэг, сөрөг сурталчилгаа сонгогчдын томоохон бүлгүүдэд хүрч чадсан нь харагдаж байна. 

Харин твиттерийн гол хэрэглэгчид ихэвчлэн оффисын ажил эрхэлдэг, дээд боловсролтой, 30-45 насны хүмүүс байгаагийн зэрэгцээ сонгуулийн үед олон дагагчтай хэсэг нь төлбөртэйгээр аль нэг нэр дэвшигчийн талд мэдээлэл цацаж байсан юм. Гэхдээ харьцангуй явцуу хүрээнд мэдээлэл тараагдаж, нийт сонгогчдод хүрэх боломжгүй байснаараа АНУ-ын сонгууль дахь твиттерийн нөлөөллөөс ялгаатай байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трампын баг твиттерийн өндөр түвшинд ашиглаж жиргээ бүр нь тодорхой бүлэгт хүрч байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Монгол Улсын хувьд твиттер дэх мэдээллүүд бодлого боловсруулагчдад тодорхой хэмжээнд нөлөөлдөг ч масс сонгогчдын санаа бодолд үзүүлэх нөлөөлөл доогуур байгаа юм, өөрөөр хэлбэл фэйсбүүктэй адил массын хэрэглээ болж чадаагүй байна. Тийм учраас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын дэмжигчид твиттерт давамгай байсан ч тухайн мэдээлэл сурталчилгаа нь сонгогчдын өргөн давхаргад хүрч чадаагүй билээ.

Ийнхүү улс орнуудын сонгуулийн үйл явцад нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэж сэтгэл хөдлөлийн шинжтэй улс төрийн кампани газар авч байгаа нь 2016 оны АНУ-ын, 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиас харагдав. Популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа дүр зураг нийтлэг байна.

 

Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, судлаач Ц.Мөнхцэцэг