Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хайрын шүлгийн “Цагаан Уул-2017” наадамд яруу найрагч Э.Гантулга тэргүүллээ

ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадмыг Монголын Залуучуудын Холбоо 19 дэх жилдээ энэ сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Энэ жилийн наадмыг МҮОНТ, Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран зохион байгуулсан юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалтад 100 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд 30 оролцогч шүүгчдийн шүүлтээр шалгарсан байна.

Уг наадмын онцлог нь МЗХ-ны 21 аймгийн Залуучуудын Холбоо аймагтаа зохион байгуулж, шилдэг оролцогч шууд хоёрдугаар шатанд шалгаран ордог билээ.

Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгаас Л.Эрдэнэтуул, Өмнөговь аймгийн оролцогч Т.Батхүрэл, Дархан-Уул аймгаас оролцогч С.Бумцэнд нар аймгаа төлөөлөн оролцсон юм. Эдгээр 30 оролцогчид МҮОНТ-ийн “Студи-600”-д өөрсдийн уран бүтээлээ үзэгч олондоо толилууллаа. 

Энэ жилийн наадмын шилдгийн шилдгээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга шалгарсан бол дэд байрын шагналыг яруу найрагч Г.Лхагвадорж, гутгаар байранд Б.Жамбалдорж, дөрөвдүгээр байранд Х.Доржпалам, тавдугаар байранд Р.Отгонбаяр нар шалгарсан юм. 

 

Наадмын тэргүүн байрны шагналт яруу найрагч Э.Гантулга хэлэхдээ “Уг наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Өнгөрсөн хоёр жил тусгай байранд шалгарсан. Энэ жил тэргүүлсэндээ баяртай байна. Залуу уран бүтээлч биднийг дэмжин энэхүү наадмыг тасралтгүй зохион байгуулдаг МЗХ-ны хамт олонд талархалтай байна” гэсэн юм. 

“Цагаан Уул-2017” наадмын ерөнхий шүүгчээр СУИС-ийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор профессор, МЗЭ-ийн судлал шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, МЗЭ-ийн болон “Алтан Өд” шагналт зохиолч П.Батхуяг, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн яруу найрагч Д.Энхболдбаатар, 1996 оны “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Д.Оюундэлгэр, МЗХ-ны ерөнхийлөгчийн сургалт хариуцсан зөвлөх, Буган сүлд ТББ-ын ерөнхийлөгч Г.Энх-Амгалан нар ажиллаа. 

Энэ жилийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Номин Холдинг” компани ажилласан бол дэмжигч байгууллагаар “Forever Living Product Mongolia” компаниуд залуу уран бүтээлчдээ дэмжин ажилласан юм. 

 

Сонирхуулахад, “Цагаан-Уул” наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол дараа нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Ю.Болдхуяг, Л.Моломжамц, яруу найрагч Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул яруу найргийн сорууд энэхүү наадмаас төрөн гарсан бол 2013 оноос Э.Бүжинлхам, 2014 онд Э.Энхболд, 2015 онд Б.Сосорбарам, 2016 онд Н.Минжинсайхан залуу яруу найрагчид тэргүүлсэн юм.

Хайрын шүлгийн “Цагаан Уул-2017” наадмын нэвтрүүлгийг 2017 оны аравдугаар сарын 21-ний өдөр 17:20 цагаас МҮОНТ-ээр хүлээн авч үзнэ үү. 

 

Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо