Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга, авто замын ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа мэдээлэл иргэдэд нээлттэй болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.

Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа 19 газар хамрагдана.

Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.

Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой.

Түүнчлэн барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа мэдээлэл иргэдэл нээлттэй болно.

Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.