Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хөлбөмбөгийн шинэ тэмцээн

SPS телевиз
2017 оны 10 сарын 12
SPS

Анх 2011 онд болсон Европын хөлбөмбөгийн холбооны Стратегийн уулзалтаас эхлэн гурван жилийн хугацаанд яригдаж батлагдсан нэгэн шинэ тэмцээн буюу “UEFA Nations League” ирэх жил эхлэхээр боллоо. ЕХБХ-ны гишүүнчлэлтэй 55 шигшээ багийн дунд явагдах энэхүү тэмцээний талаар товч танилцуулъя.

 

 “UEFA Nations League” лиг нь клубуудын лигийн тэмцээний нэгэн адил дэвшиж, буурах зарчимтай явагдах бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 улсын шигшээ баг 2017 оны 10 дугаар сарын 11-ний чансаагаар 4 “дивизион” буюу лигт хуваагдан өрсөлдөх юм.

  1. “Лиг А” буюу дээд лигт 4 хэсэг тус бүрт 3 баг хуваагдах ба буурал тивийн ТОП багууд болох Герман, Португал, Бельги, Испани, Франц, Англи, Швейцарь, Итали, Польш, Исланд, Хорват, Нидерландын шигшээ багууд багтсан.
  2. “Лиг B” мөн 4 хэсэгт тус бүр 3 баг хуваагдана. Энд Австри, Уэльс, ОХУ, Словак, Швед, Украйн, Ирланд, Босни-Герцеговин, Умард Ирланд, Дани, Чех, Турк шигшээ багууд орсон.
  3. “Лиг C”-ийн 1 хэсэг нь 3 багтай байх бол бусад 3 хэсэг тус бүр 4 багтай байна. Унгар, Румын, Шотланд, Словени, Грек, Серби, Албани, Норвеги, Черногор, Израйль, Болгар, Финланд, Кипр, Эстони, Литва улсын шигшээ багууд энэ лигт тоглоно.
  4. “Лиг D” буюу доод лиг 4 хэсэг тус бүр 4 багтай байх ба Азербайжан, Македон, Беларус, Гүрж, Армян, Латви, Фарерын арлууд, Люксембург, Казахстан, Молдов, Лихтенштейн, Мальт, Андорра, Косово, Сан Марино, Гибралтарын шигшээ багууд өрсөлдөх юм.

А лигт хэсэг тус бүрийг тэргүүлсэн 4 улс хасагдах журмаар цомын төлөө тоглоно бол B, C, D лигүүдийн хэсгийг тэргүүлсэн дөрвөн улс дараагийн тэмцээнд дээд лиг рүүгээ дэвших юм. Харин A, B, C лигүүдэд хэсгийн сүүлийн байр эзэлсэн дөрвөн баг доод лиг рүү унах зарчмаар явагдах ажээ.

Тэмцээн хэсэгт багтсан багийн тооноос хамаарч ихдээ 6 тойрогтой байх ба 2018 оны 9-11 дүгээр сарын хооронд явагдах болно. “Лиг А”-гийн 4 хэсгийг тэргүүлсэн шигшээ багууд цомын төлөө 2019 оны 6 дугаар сард өрсөлдөх ажээ.

Энэхүү шинэ тэмцээний сугалаа 2018 оны 1 дүгээр сарын 24-нд явагдана.

Зураг