Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхзул: ОХУ-д долоон жил суралцаад ирж байгаа бүжигчдээ авах орон тоо алга

О.Эрдэнэчимэг, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сонгодог урлагийн их өргөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 55 дахь улирлын нээлтээ 140 жилийн түүхтэй, Ж.Вердийн “Аида” дууриар амжилттай нээсэн. 1963 онд өндөр үүдээ өргөж, дэлхийн урлагийг монголчууддаа таниулж эхэлсэн тэдний “мэндэлснийх” нь 55 жилийн ирэх онд тохионо. 54 дэх улирлын онцлох содон үйл явдал хийгээд шинэхэн улирлын турш барих олон олон тоглолт, уран бүтээлийн талаар тус театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа.

-55 дахь улирлын хөшгөө “Аида” дууриар амжилттай нээлээ. Шинэхэн улирлын талаар ярихаасаа урьтаж өнгөрсөн 54 дэх улирлын онцлох уран бүтээл, шинэхэн бүтээл, ололт амжилтын талаар ярилцлагаа эхэлье?

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын өнгөрсөн жил хийж бүтээсэн ажлыг яривал сонины нэг хуудсанд багтахааргүй их. 54 дэх улиралд онцлог тоглолт, томоохон үйл ажиллагаануудыг чамгүй хийлээ. Манай театрын хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байнга анхаарлаа хандуулж ирсэн. Тодруулбал, тусгайлсан ложа гаргаж, тусгай тоглолтуудыг хүргэдэг уламжлалтай.

Өнгөрсөн жилийн хувьд гэхэд хөдөлгөөний бэрхшээлтэй иргэддээ зориулж олон ажил хийлээ. Яагаад би үүнийг онцолж яриад байна вэ гэхээр хүн хязгаарлагдмал боломжтой байж болно. Гэхдээ сайн сайхан амьдрах эрх нь хун бүрд нээлттэй. Хүн бүр гоё сайхныг үзэж, сайхан хөгжим сонсож, энэ бүхнээр өөрийнхөө амьдралыг чимж, урам зориг авч амьдрах ёстой.

Манай театрын хувьд жилд 100-аад тоглолтыг өөрийнхөө байранд хийдэг. Түүний 40 орчим нь балет, 40 орчим нь дуурь байдаг. Тоглолтын 54 дэх улирлын хувьд манай театрынхан 80 гаруй тоглолтыг өөрийнхөө байранд үзэгчиддээ хүргэж, гаднын улс орнуудад найман тоглолт хийсэн байна. Найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ БНСУ-д тоглолт хийхээс гадна уран бүтээлчид маань их олон гадаад хамтын ажиллагаанд оролцож, 100 гаруй уран бүтээлчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднын улс оронд уран бүтээлээ хүргэжээ.

Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр Монголын сонгодог урлагийг гадаад улс оронд таниулах ажлыг эрчимжүүлсэн гэдгийг хэлэх гээд байгаа юм. Монголын уран бүтээлчид гаднын уран бүтээлд очиж оролцож байна гэдэг нь Монголын сонгодог урлаг ямар түвшинд байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.

-Найрал дууны ангийг БНСУ-д дахин урьсан гэж сонссон?

-Өнгөрсөн жил найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ БНСУ-д “Кармен" дуурьд тоглосон. Энэ жил дахин биднийг урьсан. Энэ удаа “Травиата” дуурьд тоглохоор явах гэж байна. Энэ нь Монголын дуурийн урлаг өндөр төвшинд байна гэдгийн баталгаа юм. Нэг хүн биш бүтэн багаараа, найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ уригдаж байгааг том амжилт гэж харж байгаа.

-Өнгөрсөн жил гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд ч гэсэн цөөнгүй ажлыг хийсэн харагдсан?

-БНСУ-аас эхлээд гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Өнгөрсөн жил л гэхэд Большой театрын уран бүтээлчид, Италийн Ла Скала театр, Парма хотын Режо театрын удирдаач, БНСУ-ын Тежоны филармоны ерөнхий удирдаач, Санкт Петербург хотын дуучид, уран бүтээлчид гээд маш олон хүмүүстэй хамтарч ажиллалаа. Энэ нь Монголын сонгодог урлагийн төвшин хэр хэмжээнд байна вэ гэдгийг харуулж байгаа гэж бодож байна.

Энэ оны хувьд Италийн найруулагч, Польшийн хөгжимчин, Германы хөгжмийн зохиолч, Австрийн удирдаач гэх мэтчилэн олон орны уран бүтээлчидтэй хамтран ажиллана. Энэ хэрээр манай гадаад харилцаа өргөжин тэлж, Монголын сонгодог урлагийг гадаад улс оронд танин мэдүүлэх ажил эрчимжинэ гэж харж байгаа.

-Театрт ажиллаад буцаж байгаа гаднын уран бүтээлчид ам сайтай байгаа харагддаг. Хамтарч ажилласан уран бүтээлчид буцахдаа танд ямар сэтгэгдэл үлдээж байна?

-Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Хамтын ажиллагаа гэдэг эхлээд ойлголцох, ойлголцсоныхоо дараа харилцан бие биеэ үнэлж дүгнэж, дараагаар нь цаашид хамтран ажиллах сэтгэл төрүүлэх хоёр гурван үе шаттай хувь хүнд тулгуурлаж хийгддэг ажил. Хамтарч ажиллахдаа хэн хэндээ таатай сэтгэгдэл төрүүлсэн бол цааш цаашдын он удаан жилийн хамтын ажиллагааны эхлэл тавигддаг.

Хэрвээ бид сайхан сэтгэгдэл үлдээгээгүй бол манай уран бүтээлчидтэй дахин хамтран ажиллахгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамтран ажилласан хүмүүсээс дандаа л талархлын үгс сонсож, дахин хамтран ажиллах хүсэлт сонсож байгаа. Тэр хүмүүс Монголын сонгодог урлагийн төвшнийг үнэлээд, тэр үнэлэмжээ улс орондоо очиж танилцуулаад, манай уран бүтээлчдийг гаднын улс руу хүргэх зүйлийг бүтээх юмсан гэж би хичээдэг. Энэ ажлаа би зохих түвшинд сайн хийж байгаа гэж боддог.

-Дуурь бүжгийн театрын отгон бүтээл “Дэггүй Лиз”-д үзэгчид ам сайтай байсан. Энэ жилийн хувьд “Севилийн үсчин” шинэчилсэн найруулгаар хүргэнэ гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Италиас шинэхэн найруулагч ирж тавьж байгаа гэснээс өөр мэдээлэл байхгүй байгаа?

-Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” дуурийн тайзны найруулгыг шинэчилж, тавьсан. Цоо шинэ бүтээл гэвэл Фердинанд Херольдын “Дэггүй Лиз” балетыг цоо шинээр тавьсан. Энэхүү балет нь дэлхий дээр байгаа цөөхөн хэдэн хошин балетын нэг. “Дэггүй Лиз"-ийг тайзнаа амилуулснаар залуу, орчин үеийн үзэгчид манай театрыг зорин ирэх нь нэмэгдсэн. Шинэ бүтээл бүтээх нь уран бүтээлчдээс маш их чадвар, сэтгэлгээ, зүрх сэтгэл, цаг хугацаа шаарддаг.

Шинэхэн бүтээлүүдээр театрын урын сан баяжиж, энэ хэрээрээ театрын чансаа өндөржиж байдаг учиртай. Тийм учраас жил бүр шинэ бүтээл хийж, зарим бүтээлээ шинэчилсэн найруулгаар хүргэж байгаа. Энэ жил ч гэсэн цоо шинэ бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

Италийн хөгжмийн алдарт зохиолч Ж.Россинигийн “Севилийн үсчин” дуурийг шинэчилсэн найруулгаар хүргэнэ. Энэхүү дуурь нь дэлхийн шилдэг хошин дууриудын нэг. Жүжигчдээс асар их хөдөлгөөн, ур чадвар, авхаалж шаарддаг бүтээл юм. Энэхүү дуурийг Итали Улсын Милан хотын нэртэй найруулагч Стефано Монти ирж найруулаад уран бүтээлчид маань өрөлтөө хийгээд явж байна. Энэхүү бүтээлийг аравдугаар сарын сүүлээр үзэгчдэдээ хүргэнэ.

-Балет анги бүхэлдээ шинэчлэгдэж байгаа талаар ерөнхий балетмейстер Б.Жаргал хэлсэн. Хөгжим бүжгийн коллежийг өнгөрсөн хавар төгссөн нэг ангийг бүхлээр нь балет ангидаа авч байгаа гэсэн. УДБЭТ-ын балет анги одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болоод байна вэ?

-Таван жилийн өмнө ажлаа авч байхад манай балет анги 28-хан хүнтэй байсан. 28 бүжигчнээр жилийн турш тоглолт явуулах нь бүжигчдээс маш их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардаж байлаа. Хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин урамшууллаа авч чадахгүй байгаад үнэндээ сэтгэл өвдөж, сайжруулах, өргөжүүлэх юмсан, цалин хангамжийг нь нэмэх юмсан гэж хичээсэн. Одоогоор манай театрын хамгийн их цалин хангамжийг авч буй хүмүүс бол балет ангийнхан. Миний хувьд боломжоороо театр руу бүжигчдийг татдаг. Энэ жилийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн нэг ангийнхныг бүрэн бүрэлдэхүүнээр нь авч байгаа.

Харин дараа жил ОХУ-ын Пермь хотын балетын коллежийг төгсөж ирэх бүжигчдийн төлөө миний санаа зовж байна. Манай улс сүүлийн 20-иод жилийн дотор арай гэж 10 гаруй бүжигчин ОХУ-д сургасан. Тэд маань тэнд долоон жил сураад ирж байгаа. Гэтэл энэ бүжигчдийг авах орон тоо болон цалин алга. Үүнд би маш их шаналж байна. Долоон жил ОХУ-д суралцаад ирсэн тэр хүмүүсийг би авмаар байна. Гэтэл орон тоог маань нэмж баталж өгөөгүй, төсөв алга. Шинээр л орон тоо бий болгохгүй бол тэр хүүхдүүдийг авч чадахгүй байдалд хүрчхээд байна.

-УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд эх орныхоо нэрийг цөөнгүй удаа дэлхийд гаргалаа. Гоцлоочдоос л гэхэд Б.Батжаргал хоёр ч олон улсын уралдаанд шагналт байр эзэлж, удахгүй дахин нэг уралдаанд оролцох гэж байгаа гэсэн. Мөн балет ангийнхан ч гэсэн олон улсын уралдаанд тусгай, шагналт байр эзэлсэн. Онцлох олон амжилтынхаа талаар хуваалцахгүй юу?

-Миний хувьд уралдаан тэмцээнд амжилттай оролцоод ирээрэй гэж илүү мөнгө өгч чадахгүй байгаа ч гэсэн цалинг нь бүтэн олгоод аль болох бэлтгэл хийх боломжоор хангаж, уралдааны тэмцээний үеэрх тоглолтуудыг зохицуулж явуулахыг хичээдэг. Энэ залуучуудаар дамжиж монголын сонгодог урлагийн нэр хүнд гадаадад хүрч байгаа. Монголын залуучууд ийм мундаг дуулдаг, бүжиглэдэг юм уу гэдгийг энэ залуучууд таниулж байгаа учраас аль болох нөхцөлийг нь хангаж өгөхийг хичээдэг.

Өнгөрсөн жилийн хувьд гоцлол дуучин Б.Батжаргал хоёр ч уралдаанд оролцож, нэгээс нь гранпри хүртэж, нөгөөд нь хоёрдугаар байр эзэлсэн. Мөн балетын бүжигчин О.Анужин шагналт байр эзэлж, гурван залуу тусгай шагнал хүртсэн зэрэг амжилт арвин байна.

-Та Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар ажилласнаас бараг таван жил өнгөрч байна. Анх ирэхдээ зорьж байсан санал санаачилгуудаа ажил хэрэг болгож чадсан уу?

-Театр миний хувьд угаасаа сайн танил, амьдралын олон чухал цаг мөчүүдийг өнгөрөөсөн, олон сайхан найз нөхөд минь төрөн гарсан ийм сайхан газар. Театр миний зүрх сэтгэлийг татдаг газар байсан учир томилогдож ирэхэд надад асуудал байгаагүй. Гэхдээ томилсон газраас минь надад тухайлсан үүргүүдийг өгч байсан. Гадаад харилцааг нь сайжруул, театрыг үзэгч олонд аль болох нээлттэй байлга, олон хүн дуурийн театрыг мэддэг байх ёстой гэсэн үүргүүдийг өгсөн.

Миний хувьд энэ үүргээ амжилттай биелүүлж, өргөжүүлж байна. Театрын гадаад харилцааг сайжруул гэсэн үүргийг нэлээд хэдэн зуун хувиар давуулан биелүүлж байгаа гэж бодож байна. Урьд өмнө нь огт холбоогүй байсан олон улс орнуудтай хамтын ажиллагааг эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж, сонгодог урлаг өндөр хөгжсөн төрөлх нутгийнхантай нь хамтран ажиллаж, Олон улсын театруудын холбоонд театраа элсүүллээ. Надад өгсөн үүргүүдийг сайн л биелүүлж байгаа гэж бодож байна. Шинэ бүтээлүүд хийхдээ хуучныг биш дандаа шинийг эрэлхийлдэг.

Дээрээс нь уран бүтээлчдээ хөгжүүлэх тал дээр анхаарсан. Одоо ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр л байна. Өндөр зэрэглэлийн уран бүтээлчид хүрэлцэн ирснээр суралцах, өрсөлдөх, үнэлэх боломж нь бүрдэж байгаа. Аль болох л чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг урьж, аль болох л гадагшаа явах боломжийг олгож байна. Ингэснээр тэр хүмүүсийн мэргэжлийн ур чадвар өсөж энэ хэрээр өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.

-Таны өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг бол “Best of classic” тоглолт. Шүүмжлэл, магтаалын аль алиныг нь дагуулсан ч энэхүү тоглолтоор дамжин сонгодог урлагийг сонирхох үзэгчдийн тоо нэмэгдсэн шиг санагдсан.

-Анх намайг ажил авахад сонгодог урлаг гэдэг зүйлийг аль болох олон хүнд хүргээрэй гэсэн үүргийн маань нэг чиг үүрэг нь л энд явж байгаа юм. Зөвхөн энэ байшиндаа, нөгөө л хэдэн үзэгчдэдээ, хэдхэн биеэ хараад суугаад байвал хөгжихгүй шүү дээ. Үзэгчдийг татсан нэг гол зүйл бол гадаа талбайн тоглолт. Сонгодог урлагийг гудамжид гаргах гэлээ, гадаа тоглодоггүй гэж хэлдэг хүмүүс мэр сэр бий.

Манайд ажиллаж байсан ганц нэг ахмадууд ч тэгж хэлдэг юм. Ганц нэг үзэгчид ч гэсэн хэлж байдаг. Г эхдээ эцсийн үр дүн нь янзын шүү дээ. Бид бүтэн жилийн турш 80, 100 тоглолт хийгээд 500 суудалдаа баригдаад байж болохгүй. Тэр олон сайхан тоглолтыг хүн бүр ирж үзэж амждаггүй. Тийм болохоор нь бүтэн жилийн турш тоглосон бүтээлүүдээсээ дээжлээд тоглохоор нэг дор хэдэн мянган хүнд хүрч байгаа юм. Хамгийн анхны тоглолтыг 2,600 хүн үзсэн, дараагийнхыг нь 3,500, үүний дараагийнхыг 5,600 хүн үзсэн. Үүний нөлөөгөөр уран бүтээлчдийг маань хүндлэх үзэгчдийн тоо нэмэгддэг.

“Чи сонгодог урлагийг гудамжид гаргалаа" гэж ганц нэг хүмүүсээс сонсдог. Хариуд нь би "Дэлхий хаана явна, Монгол тэнд байх ёстой. Ла Скалагийн театрынхан метрондоо дуулаад байхад бид яагаад төв талбайдаа дуулж болохгүй юм бэ” хариулдаг. Тиймээс би энэ гадаа талбайн тоглолтыг зориглож хийсэн, зөв ажлын минь нэг гэж бодож байгаа.

-Театрыг хүндэлдэг, хайрладаг цөөнгүй үзэгчээс “Ийм сайхан бүтээлийг ийм үнээр үзэж байгаа даа харамсах сэтгэл төрөх юм” гэж сонсож байлаа. Театрыг анхлан зорьж буй үзэгчдийн хувьд ч гэсэн тасалбарын үнэ тийм өндөр биш санагддаг. Цаашид тасалбарынхаа үнийг нэмэх бодол бий юу?

-Тасалбарыг үнийг 2014 онд одоо байгаа энэ түвшинд хүргэсэн. Түүнээс өмнө үүнээс ч илүү өрөвдөлтэй хямдхан байсан. Сонгодог урлаг гэдэг өөрөө үнэлэмжтэй. Би ч гэсэн тасалбарын үнэ хямдхан байна гэж боддог хүмүүсийн нэг. Гэхдээ энэ үнийг зүгээр ч нэг тогтоогоогүй. Маш олон судалгаа хийсний үндсэн дээр гаргаж ирсэн.

Үзэгчдийн дунд судалгаа явуулж, хүн амын худалдан авах чадварын дундаж орлогыг харж энэ судалгааг гаргасан. Тасалбарын үнэний дэргэд Монголын сонгодог урлагийг, монголын иргэдийг сайн сайхан болгоход зориулж байгаа хөдөлмөр нь харьцуулшгүй үнэ цэнэтэй. Тасалбарын үнийн талаар өнгөрсөн жилээс судалгаа хийгээд энэ жилдээ үнээ нэмэхгүй байх нь зөв шийдэл гэдэг дээр санал нэгдсэн.

-Э.Амартүвшин гавьяат “Тоска”-д ирж дуулна гэсэн. Өнгөрсөн жилийнх шиг завсар зайгаараа театрын тоглолтууд-даа оролцоод явах уу?

-Э.Амартүвшингийн хувьд олон улсын томоохон театруудад тоглож байна. Түүнийг би Монголын бахархал гэж харахаас гадна бусад дуучдадаа жинхэнэ үлгэр дуурайлал болсон уран бүтээлч гэж боддог. Зарим хүмүүс намайг сайхан уран бүтээлчээ гадагш нь алдчихлаа гэдэг. Гэтэл энэ нь үгүй юм. Тэр дуучин өөрийнхөө хийж бүтээх насандаа хүрэх оргилдоо хүрэх ёстой байхгүй юу.

Ямар оргилд хүрч чадахаар байна, түүндээ хүрэх л хэрэгтэй. Түүнтэй хамт Монгол Улсын нэр хүнд явж байдаг. Түүний гаргасан жимээр дараа дараагийнх нь уран бүтээлчид урам зориг авч тэмүүлнэ. Э.Амартүвшингийн ямар ч тоглолтод, уран бүтээлд ямагт бэлэн байдалд байдаг занг нь би их үнэлдэг. Амараа маань энэ театраас төрөн гарсан гэдгээ ойлгож, маш сайхан хүндэтгэлтэй ханддаг. Тэр театртаа хайртай, ажлын хуваарь, графикт оруулаад боломжтой үедээ эндээ тоглолтдоо ороод л явна.

-Театрын ерөнхий найруулагчийн асуудлыг энэ салбарынхан үе үе ярьж байгаа сонсогдох юм. Ур чадвар нь тэнцэхгүй гэдэг ч юм уу, уран бүтээлчдийг, дуучдыг чиглүүлэх хамгийн чухал орон тоонд УДБЭТ-ын захирал нь санаа зовохгүй байна гэх мэтээр сонсогддог л доо?

-Яригдаж л байдаг. Манай театрын хувьд ерөнхий балетмейстер, хормейстр, найруулагч нь уран бүтээлийн аль нэг хэсгийг ахалсан удирдлагын ажил юм. Ерөнхий балетмейстер гэсэн мэргэжил байхгүй, харин балетмейстер гэсэн мэргэжил байдаг. Энэ хүмүүс балетаа дэглэн тавьж, найруулаад бүжигчдээ бэлтгэдэг. Харин ерөнхий балетмейстер бол менежер юм.

Энэ хүн бол балетынхаа урын сангийн бодлогыг зохицуулж, ажиллах хүчнээ зөв хуваарилаад ажлыг зөв чигт нь явуулж байх ёстой. Ерөнхий найруулагч ч үүнтэй адил. Бодлогоо тодорхойлж, шинэ бүтээл хийхээр бол өөрөө ч хийж болно, өөр хүнээр ч хийлгэж болно. Ямар дуучидтай, ямар бүтээл хийж, ямар потенциалтай ажиллах юм бэ, ямар дуурийг шинээр тавивал урын санд чухал юм зэргийг төлөвлөж байдаг удирдлагын төвшний ажил.

Тийм учраас би сүүлийн хэдэн жил шинэ бүтээл хийхдээ дандаа өндөр зэрэглэлийн гаднын найруулагчдыг урьж ажиллуулж байгаа. Манайд бол сайн туслах найруулагчид бий. Ирж байгаа найруулагчийн тавьсан тавилыг туслах найруулагч нь авч үлдээд цааш нь үргэлжлүүлэн авч явдаг. Найруулагчаар сурч байгаа манай сайхан залуус байгаа, удахгүй төгсөж ирнэ. Тэд маань ирээд өөрсдөө шинэ бүтээл тавих байх.

Тэр хүртэл шинээр хийхээр төлөвлөсөн ажлууд, уран бүтээлүүдэд гаднаас найруулагчид урьж ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хийсэн бүтээлүүдийг муу боллоо гэж урлаг судлаачид, үзэгчдээс нэг ч шүүмжлэл ирээгүй. Үүнийг би өндөр зэрэглэлийн сайн найруулагчидтай ажиллаж байгаагийн үр дүн гэж харж байгаа.