Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгнийх нь ГАРЗ, нөгөөгийнх ОЛЗ

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Нэгнийх нь гарз нөгөөгийнх олз байдаг. Тариачин хүн талхны өндөр үнийн хүчээр, шүүхийнхэн хүмүүсийн хооронд гарсан хэрүүл маргаанаас, лам нар тэднийг хүрээлж байдаг бишрэл хүндэтгэлээс гадна бидний үхэл, гачигдлаар ч амь зуудаг” гэж Мишель Дэ Монтений эссэнд гардаг. Тэгвэл үүний нэгэн адилаар дэлхийн улс орнуудад өрнөж буй дайн мөргөлдөөн нэгэнд нь уй гашуун, ядуурлыг авчирдаг байхад нөгөө хэсэгт нь ашиг хонжоо авчирч байна.

ХОЙД СОЛОНГОСТ ТАВЬСАН ХОРИГ ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

БНХАУ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлахын тулд шат дараатай алхмыг хийж, хориг арга хэмжээгээ улам чангаруулсаар байгаа. Бээжин хоригийнхоо дагуу Хойд Солонгосын боомтуудад хориг тавихыг зөвшөөрсөн билээ. Хойд Солонгос, ОХУ-тай харьцуулбал харьцангуй сайн чанарын нүүрсийг Бээжинд нийлүүлдэг. ОХУ-аас БНХАУ руу экспортолсон нүүрсний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.47 сая тонноор нэмэгдэж, улмаар 17.25 сая тонн болжээ.

БНХАУ. Хойд Солонгосын нүүрсийг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах, эрчим хүч үйлдвэрлэхэд зориулж чанар муутай нүүрстэй хольдог байна. БНАСАУ-д БНХАУ хориг арга хэмжээ авснаар ОХУ-д ихээхэн ашигтай тусч эхэлсэн. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар ОХУ антрацит 4.5 сая тонн нүүрсийг экспортолж, өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 212 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ оны эхний найман сарын хугацаанд 869.916 тонн антраци нүүрсийг импортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өссөн аж. ОХУ-ын антрацит нүүрс нь БНХАУ-д нэг тонн нь 101.25 ам.доллараар үнэлэгддэг бол Австралид 129.71 ам.долларт хүрдэг. ОХУ-аас БНХАУ руу өнгөрсөн наймдугаар сарын байдлаар экспортолсон нүүрсний хэмжээ 3.14 сая тоннд хүрч, нэг тонн нь 119.96 ам.доллар болжээ. Австралиас ирэх нүүрс нэг тонн нь 153.12 ам.доллар юм.

ОХУ, БНХАУ-д коксжих нүүрс экспортлох сонирхолтой. Австралиас БНХАУ-д ирэх нийлүүлэлтийн хэмжээ 15.2 хувиар өсөж, 31 65 сая тоннд хүрчээ. ОХУ, Австрали нь Индонез Улсад нүүрс их хэмжээгээр нийлүүлдэггүй ч БНХАУ-ын нүүрсний салбарын гол тоглогч болохоор зүтгэдэг.

СИРИЙН ИРГЭНИЙ ДАЙН НЕФТЬ ОЛБОРЛОГЧ ОРНУУДАД АШИГТАЙ

Сири газрын тос, байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орно. Сиричүүд тусгаар тогтсоноосоо хойш нам гүмхэн байж хаана баялаг байна тийш шунан ордог дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлоос үлдэж хоцрохыг хичээж ирсэн юм. Гэвч Арабын хувьсгал хэмээх том давалгаа өрнөж, тэд хүссэн хүсээгүй түүнд татагдан орсон билээ. Сири Улс байгалийн баялгаасаа гадна газарзүйн хамгийн тохиромжтой хэсэгт байдаг учраас гаднынхны шуналыг үргэлж хөдөлгөж байдаг.

Сирийн газрын тосны нөөцийг 1980-аад оны үед судлахад дэлхийн 70 жилийн хэрэглээг хангах газрын тос байгаа гэсэн тооцоо гарч байсан гэдэг 2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хоёр жилийн дараагаас буюу барууны орнууд Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлт буурч эхэлсэн. 2013 оны есдүгээр сард л гэхэд “Brent”нефтийн үнэ баррел тутамдаа 117.23 ам.доллар хүрсэн.

Үүнтэй холбогдуулан ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын нефтийн олборлолт болон экспорт нэмэгдэж багагүй ашиг олсон. Зөвхөн ОХУ л гэхэд 2013-2015 онуудад нефть болон байгалийн хийн орлогоороо төсвийнхөө 44-46 хувийг бүрдүүлж байв. Дэлхийн нефтийн гуравны нэгийг олборлодог Ойрх Дорнодод эмх замбараагүй байдал үүсэх бүрд нефтийн ханш өсдөг. Израиль “Хезболлах”-тай байлдсан 2006 онд ч нефтийн ханш өсөж байлаа.

ОРОС, УКРАИНЫ ХЯМРАЛААС АНУ ХОЖИЖ БАЙНА

ОХУ-ын цэргийн түрэмгийлэл, АНУ-ын хөндлөнгийн оролцооны цаана Евразийн байгалийн хийн гол дамжуулагч Украинд нөлөөллөө тогтоох гэсэн тэмцэл өрнөж байна хэмээн судлаачид үздэг. Украин бол 42 триллион куб метр занарын хийн нөөцтэй Европын гурав дахь том байгалийн хийн баялагтай улс юм. Германы эдийн засагч Морган Стэнли Оросын байгалийн хийн экспорт буурвал дэлхийн худалдааны эргэлт саарна гэж тайлбарлажээ.

Евро бүсийн шууд хөрөнгө оруулалтын орлогын багагүй хувийг бүрдүүлдэг ОХУ Украины хямралтай холбоотойгоор байгалийн хийн экспортоо хумьж эхэлсэн нь Европын эдийн засгийг эмзэг болгож байна гэж тэрбээр үзэж байна. ОХУ болон Украины зөрчил хурцадвал “Nord Stream-2” байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг зогсоно. Ингэснээр Европын байгалийн хийн зах зээл рүү америкчууд занарын хий нийлүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ бол АНУ-ын хувьд маш чухал.

Тэд Оросын “Газпром” компанийн нийлүүлдэг байгалийн хийн дийлэнх хэсгийг Америкийн занарын хийгээр орлуулах саналыг Европын орнуудад тавьдаг. Гэхдээ Америкийн занарын хий 1.5-2 дахин үнэтэй. Энэ тохиолдолд тэд маш үнэтэй хий худалдан авч, улмаар Европын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар уналтад орно. Харин Америкийн эдийн засаг өсөж, үйлдвэрлэгчид нь давуу эрхийг эдэлж эхлэх юм.