Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Жилд дунджаар 19 хүртэлх насны 350 гаруй охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болдог"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ-аас жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр мэдээллэл хийлээ. 
 
 
Гэрэл зургийг mpa.mn

"Хүчирхэг хөвгүүд" ТББ-ийн хөтөлбөрийн ажилтан Н.Бат-Аврал "Сүүлийн гурван жилийн тоо мэдээний дунджаар жилд дунджаар 19 хүртэлх насны 350 гаруй охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болдог.

Иймд нийгэмд охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд эмэгтэйчүүдийг ч чадавхжуулахаас гадна хөвгүүд, эрэгтэйчүүдэд энэ талаар мэдээллийг өгч, эрүүл, зөв харилцааны ур чадварыг олгох нийгмийн шаардлага бий болж байна.
 
Иймээс бид олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой "Хүчирхэг хөвгүүд" хөдөлгөөнийг зохион байгуулахаар болсон.
 
Бид энэ жил “Австралийн Засгийн Газрын шууд тусламжийн хөтөлбөр” (DAP)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын таван дүүргийн ерөнхий боловсролын сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ дээр эрүүл харилцааг эрхэмлэгч хөвгүүдийн клубийг байгуулан ажиллаж байна.
 
Төслийн хүрээнд 15 гишүүнтэй клубийг байгуулан “Би хүчирхэг хөвгүүн” 10 модуль бүхий 20 цагийн сургалт болон нийгэмд чиглэсэн кампанит ажлыг 2017 оны аравдугаар сарын 11-нээс 2018 оны гуравдугаар сарын 8-нийг хүртэлх хугацаанд өрнүүлнэ" гэлээ.

Төслийг үр дүнд 2,100 гаруй хүүхэд хүчирхийллийн эсрэг зөв харилцаатай болно гэж харж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

87-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Төгсзаяа "Энэхүү төсөлд манай сургууль оролцож байгаад сургуулийн зүгээс баяртай байна. Төслийн үр дүнд манай сургуулийн 1,000 гаруй эрэгтэй хүүхэд, нийт 2,100 гаруй хүүхэд хүчирхийллийн эсрэг нэгдсэн эрүүл зөв харилцаатай болно гэж харж байгаа. 

Энэ нь цаашлаад гэр бүлийн харилцаанд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
 
Төслийн хүрээнд "Цагаан туузны аян", “Би эрүүл эр хүн” сэдэвт видео, дуу, клип, асвөр насны хөвгүүдэд үлгэр дууриалал болохуйц олны танил хүмүүстэй эрүүл, зөв харилцааны талаарх уулзалт, хэлэлцүүлгийг хийх аж.