Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Катрин Арнолд: Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол өөрт таарсан маск зүүх юм

А.Намуун, iKon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
 

Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбридж маскан дээр гаргах тэмцээн үргэлжилж байна. Энэ нь өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалах зорилготойг зохион байгуулагчид хэллээ. Кэмбридж нь Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч компани юм.

Тэмцээн аравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ялагч нь Хонг Конгын загварын долоо хоногт оролцох эрхээр шагнуулах аж. 

 

Энэ талаар Монгол Улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолд ‘’Агаарын бохирдол нь өдрөөс өдөрт дэлхий нийтийг түгшээж буй асуудал болоод байна. Үүнээс өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол бохирдлыг шүүх өөрт таарсан маск зүүх юм. 

Агаарын бохирдлын маск нь эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ Монгол хэв маягийг илэрхийлсэн бүтээлч бас загварлаг байж болохыг олон нийтэд таниулах энэхүү уралдааныг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. 

Маш олон байгууллагууд энэ асуудал дээр анхаарал тавин ажиллаж байна. Олон нийтэд үүний талаар ойлгуулж байгаагийн нэг хэлбэр нь найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсаддаа маск зүүхийг уриалах юм. Дэлхий даяар өрнөж буй энэ хөдөлгөөнд нэгдэцгээе!’’ гэлээ.

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани,  Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран загвар зохион бүтээгчид болон энэ чиглэлээр суралцагч оюутнуудын дунд тэмцээнийг зохион байгуулж байна.

Уралдаанд талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Дизайнерүүдийн Холбоо болон Британийн Элчин Сайдын Яамнаас авах боломжтой. 

 

Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам