Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүний боловсрол, цалин хоёр ямар шүтэлцээтэй вэ?: ЗАРИМ МИКРО БАРИМТ

ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын залуусын дунд их, дээд сургуульд суралцагчдын эзлэх хувь тасралтгүй өсөж иржээ.
 
Үүнтэй зэрэгцээд, дээд боловсрол ер нь хэрэгтэй эсэх талаарх яриа цөөнгүй гарах болов. Гэхдээ ийм яриа нь тоо баримт бага түшсэн, тухайн цөөн тохиолдлыг дөвийлгөсөн байх нь элбэг.  Жишээлбэл, 600 мянган төгрөгийн цалинтай багшийг 2 сая төгрөгийн цалинтай тогоочтой харьцуулан дээд боловсрол хэрэгтэй эсэхийг дүгнэх нь өрөөсгөл юм. Дор хаяж бид бага ангийн багшийн ажлын байрны тоо, өндөр зэрэглэлийн тогоочийн ажлын байрны тоо нь тэнгэр, газар шиг зөрүүтэй гэдгийг бодолцох хэрэгтэй.
 

Дээд сургууль төгсөөгүй атлаа дээд сургууль төгссөн хүмүүсээс илүү цалинтай залуус байдаг ч, боловсролтой хүмүүс дунджаар илүү өндөр цалинтай байдаг нь дэлхийн улс орнуудын өнөөгийн тоо баримтаас ажиглагддаг түгээмэл зүй тогтол юм. Боловсрол, цалин хоёрын энэхүү хүчтэй эерэг хамаарлыг өнгөрсөн үеийн тоо баримтаас ч ажиглаж болно. Дундаж хүмүүсийн хувьд цалин нь боловсролоос хамааран өсдөг зүй тогтолд үндэслэн боловсролыг хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Тэгвэл ”Хүмүүс ер нь энэ хөрөнгө оруулалтыг хэр сонирхож байна вэ?”,  “Энэ хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй  вэ?” гэсэн асуултууд зүй ёсоор гарна.

Эдгээр асуултанд хариулахын тулд бид Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-ны 2015 оны тоон мэдээллийг судаллаа. Уг тоон мэдээлэл нь олон улсын нийтлэг шаардлагыг хангасан, жил бүр нийслэл болон 21 аймгийн 12 мянга гаруй өрхийг хамарсан томоохон түүвэр судалгааны дүн юм. Бид энэхүү шинжилгээндээ 16-54 насны 26 мянга орчим хүний тоон мэдээллийг хэрэглэлээ.

НЭГ.   эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд боловсролын ялгаа огцом гүнзгийрчээ

Улсын хэмжээнд 16-54 насны иргэдийн 24% дээд болон түүнээс дээш түвшний (магистр, доктор) боловсролтой байна. Гэхдээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн дунд боловсролын ялгаа огцом гүнзгийрснийг дараах хүснэгтээс харж болно. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дунд бүрэн дундаас доош болон техник мэргэжлийн дунд боловсрол зонхилж байгаа бол эмэгтэйчүүдийн дунд бүрэн дунд ба дээд боловсрол дийлэнх нь байна. 

ХҮСНЭГТ 1. БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГИЙН ТАРХАЛТЫН ХУВЬ, ХҮЙСЭЭР

Боловсролын түвшин Нийт Эм Эр 23-35 насны эм 23-35 насны эр
Бүрэн дундаас доош 26.30% 23.60% 29.20% 19.50% 26.70%
Бүрэн дунд 20.80% 22.50% 18.90% 17.70% 15.20%
Техник мэргэжлийн дунд 23.70% 18.20% 29.40% 14.70% 26.10%
Тусгай мэргэжлийн дунд 5.10% 6.30% 3.80% 2.20% 2.30%
Дипломын дээд болон бакалавр 23.10% 28.10% 17.80% 44.30% 28.70%
Дипломын дараах /магистр, д-р/ 1.10% 1.30% 0.80% 1.70% 1.10%

Эмэгтэйчүүдийн 24.7% нь дээд боловсролтой байгаа бол эрэгтэйчүүдийн дөнгөж 15.9% нь дээд боловсролтой байна. Энэ зөрүү залуусын дунд бүр их байна. Тухайлбал, 23-35 насны эмэгтэйчүүдийн 39.1%, эрэгтэйчүүдийн 25.6% нь дээд боловсролтой буюу боловсролын түвшингийн зөрөө 13.5% байна. Энэ нь боловсрол өндөртэй залуусын гэрлэлтийг удаашруулж, улмаар төрөлтийг бууруулах үр дагавартай. Улмаар өрхийн орлогын бүтэц, хүүхдүүдийн амьдрах орчинд нөлөөлөхүйц болжээ.  

Манай улсын хувьд энэ асуудал нь эмэгтэйчүүд давамгайлдаг мэргэжлийн сургуулиуд олон байгаатай холбоотой байж болох юм. Үүнээс өөр ямар шалтгаан байгааг нарийвчлан судлах шаардлагатай. Энэ асуудлыг чухалчлан анхаарч, эрэгтэйчүүдийн дээд боловсролд тусгайлан анхаарсан бодлого боловсруулах хэрэгтэй юм.  Судалгаанд хамрагдсан иргэдийн 5.1% нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдний дөнгөж 8.5% нь дээд боловсролтой байна. 

ХОЁР. бакалаврын боловсролтой хүн бүрэн дунд боловсролтой хүнээс дунджаар 39% өндөр цалин авч байна

Цалин бол хөдөлмөрийн зах зээл дээрх үнэ юм. Тухайн ажилчин мэдлэг, ур чадвар, туршлага ихтэй бол цалин нь өндөр байх хандлагатай. Ажиллах хүчний судалгаанаас үзэхэд иргэдийн боловсролын түвшин дээшлэх тусам дундаж цалин өсөж байна. Гэхдээ энэ өсөлт хэр өндөр вэ? Бусад оронтой харьцуулахад, Монголын хөдөлмөрийн зах зээлийн өгөөж хэр вэ?

Нас чацуу хүмүүсийг харьцуулахад, бакалаврын боловсролтой хүн бүрэн дунд боловсролтой хүнээс дунджаар 39% өндөр цалин авч байна. Жишээлбэл, бүрэн дунд боловсролтой 25 настай залуу 500 мянган төгрөгийн цалинтай байхад түүнтэй чацуу, дээд боловсролтой залуу ойролцоогоор 700 мянган төгрөгийн цалинтай байна гэсэн үг юм. 

АНУ-ын сүүлийн 40 жилийн судалгаагаар, дээд боловсролын харьцангуй өгөөж 41% байна . Энэ нь дээд боловсролын өгөөж АНУ ба Монголд ойролцоо байна гэсэн үг юм. Европод энэ өгөөж АНУ-ынхаас бага байдаг. Энэ нь Монгол дахь дээд боловсролтой хүмүүс, АНУ дахь  дээд боловсролтой хүмүүстэй адил цалинтай гэсэн үг биш. Харин Монголын их, дээд сургуулиуд дунд сургуулиас элсэж орсон хүндээ өгөх өгөөж, үр дүн нь АНУ болон Европын орнуудын жишгээс дутахааргүй байна гэж дүгнэж болох юм. 

Гэхдээ энд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, дундаж ба ахиуц өгөөж ялгаатай байдаг. Өнөөдөр дээд боловсролтой дундаж хүн их дээд сургууль сураагүй үеийн найзаасаа 39%-иар илүү цалин авч байна. 

Харин бид их дээд сургуульд суралцагчдын тоог нэмэх бодлого явуулбал яваандаа энэ зөрүү буурна. Учир нь, шинэ бодлогоор их, дээд сургуульд элсэх босгыг дөнгөж давж орсон оюутан нь хамгийн түрүүнд элсэх эрхээ авсан оюутнаас чадвараар хавьгүй дутуу. Иймээс олон оюутан нэмж элсүүлэх тусам нийт оюутнуудын дундаж чадвар буурах тул хөдөлмөрийн бүтээмж, цалин ч дунджаар буурна. Нөгөө талаас, энэ бол дундаж статистик бөгөөд хүн бүр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулбал яг адил өгөөжтэй гэсэн үг биш. Тухайн хүүхдийн суурь чадвараас гадна сурсан сургууль, төгсөөд эрхэлж буй ажил зэргээс хамаараад ихээхэн ялгаатай болно. 

Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж цалин доогуур тогтоогдох нь хүйсийн ялгаварлалтай холбоогүй байж болно. Дээрх асуудалтай холбоотойгоор, их дээд сургуульд элсэгчдийн дунд нийгмийн аль нэг бүлэг давамгайлбал тэр бүлгийн дундаж өгөөж бага байх талтай. Үүнийг сонголтын гажуудал (selection bias) гэдэг. Жишээлбэл, их, дээд сургууль төгсөгчдийн дунд эмэгтэйчүүд давамгайлбал тэдний цалингийн дундаж нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байхаас өөр аргагүй болно. Үүнийг сайн ойлгохгүйгээр яг адил ажил хийж байгаа, ижил боловсролтой хүмүүст ижил цалин өгөх ёстой гэж шаардах нь эмэгтэйчүүдийнхээ нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй. Учир нь, ажил олгогчдoд ийм шаардлага таалагдахгүй бөгөөд, улмаар эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзахад хүргэнэ. Ингэснээр эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл ихсэх сөрөг үр дагавар үүснэ.  

Гуравдугаарт, сургуульд сурах эсэх сонголт нь динамик шинжтэй. Тухайн нэгэн залуу дунд сургуулиа төгсөөд, их сургуульд элссэн гэж бодъё. Хэрэв, уг залуу мэргэжлээ сайн эзэмшээд, зөв газраа ажилд орж чадвал маш өндөр цалин авна. Харин, тэрээр их сургуулиа төгссөний дараагаар дунд боловсролтой хүмүүстэй адил орлого олдог бол, их дээд сургуулийг өгөөжгүй хэмээн яaран дүгнэж болохгүй. Энэ бол тухайн хүүхдийн хувьд зөв шийдвэр байж болно. Яагаад гэвэл, их сургуульд сураагүй бол түүний орлого бүр бага байж болох талтай.  Мөн, уг залууд яваандаа өөр өндөр цалинтай ажилд орох магадлал бий. Нийт эдийн засгийн түвшиндээ, дээд боловсрол нь хөдөлмөрийн бүтээмж, улмаар цалинг өсгөж байдаг. 

ГУРАВ. боловсрол эзэмшсэн хүмүүс сайн ажилд орохын тулд нүүн шилждэг

Иргэдийн шилжилт хөдөлгөөн ба боловсролын хооронд хүчтэй хамаарал байдаг. Нэг талаас, хүмүүс боловсрол эзэмших гэж өөр газарт шилжин очдог. Нөгөө талаас, боловсрол эзэмшсэн хүмүүс сайн ажилд орохын тулд нүүн шилждэг. Боловсрол нь хүмүүсийн нүүдэлд сайнаар нөлөөлдгийг тодорхойлсон олон судалгаа байдаг. 

“Ажиллах хүчний судалгаанд хамрагдсан 16-54 насны иргэдийн боловсролын түвшин хот, хөдөөд эрс ялгаатай байгааг дараах зурагт харуулав. 

ЗУРАГ 1. ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙН ЭЗЛЭХ ХУВЬ (2015 ОН)

Үүнээс улбаалан, ижил түвшний боловсролтой, нас чацуу, адил хүйсийн хүмүүсийн дундаж цалингийн хооронд хот, хөдөөгөөс хамаарсан ялгаа маш их байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, хөдөөнөөс том хот руу шилжиж буй хүмүүсийн хувьд дундаж цалин эрс нэмэгдэж байна.  

ХҮСНЭГТ 2. ДУНДАЖ ЦАЛИН, МЯНГАН ТӨГРӨГ

Боловсролын түвшин Нийслэл Аймгийн төв Сумын төв Хөдөө Нийт
Бүрэн дундаас доош 503 450 360 359 383
Бүрэн дунд 591 492 471 458 509
Техник мэргэжлийн дунд 639 566 513 515 573
Тусгай мэргэжлийн дунд 591 573 550 564 571
Дипломын дээд ба бакалавр 821 679 597 548 717
Дипломын дараах 1106 889 822 1080 1003
Дундаж 713 593 515 425 582

Орлогын энэ зөрүү нь боловсрол өндөртэй хүмүүс төв суурин газар болон нийслэлд суурьших нэг чухал шалтгаан болнo. Ер нь боловсрол өндөртэй хүмүүсийн шилжилт хөдөлгөөн тэдний цалинд эерэг нөлөөлдгийг олон улсын судалгаа харуулдаг. 

Мөн байршлаасаа хамаараад иргэдийн боловсролын үр өгөөжийн ялгаа харилцан адилгүй байна. Тухайлбал, Улаанбаатарт дээд боловсролын үр өгөөж бүрэн дунд боловсролтой харьцуулахад 31%-иар илүү буюу улсын дунджаас харьцангуй бага байхад аймгийн төв, сумын төвд энэ зөрүү харьцангуй их байна. Сумандаа бага, дунд сургууль төгссөн хүмүүсийн цалин бага учраас дээд боловсролтой нь илүү цалинтай байна. Мөн бүрэн дунд боловсролын үр өгөөж бүрэн дундаас доош боловсролтой иргэдийн хувьд нийслэлд хамгийн бага байхад орон нутагт  харьцангуй өндөр байна. Энэ нь орон нутагт боловсрол өндөртэй хүмүүсийн хэрэгцээ нийслэлтэй харьцуулахад их байгаагийн нэг тусгал юм.

Сүүлийн таван жилд, зургаан сараас дээш хугацаагаар одоогийн амьдарч байгаа газраасаа өөр газар амьдарч байсан иргэдийн эзлэх хувийг харахад, боловсролын түвшин дээшлэх тусам тухайн иргэний шилжих магадлал өндөр байна. Гэхдээ боловсролоос хамаарсан шилжих хөдөлгөөн нь ялангуяа залуучууд их, дээд сургуульд сурахын тулд томоохон хот суурин руу шилжсэнтэй холбоотой байж болох юм. Дараах хүснэгтэд тухайн түвшингийн боловсролтой хүмүүсээс хэдэн хувь нь өөр газраас шилжиж ирснийг харуулав.

ХҮСНЭГТ 3. ШИЛЖИЖ ИРЭГСДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ

Боловсролын түвшин Эмэгтэй Эрэгтэй Нийт 35-аас дээш насны
Бүрэн дундаас доош 2.30% 2.30% 2.30% 1.30%
Бүрэн дунд 5.10% 5.50% 5.30% 2.60%
Техник мэргэжлийн дунд 5.20% 5.20% 5.20% 3.30%
Тусгай мэргэжлийн дунд 4.40% 5.60% 4.80% 4.30%
Дипломын дээд ба бакалавр 9.90% 10.10% 10.00% 5.90%
Дипломын дараах 16.80% 29% 21.50% 20.30%
Нийт 5.90% 5.50% 5.70% 3.50%

35-аас дээш насны хүмүүст шилжих хөдөлгөөн харьцангуй бага боловч боловсролын түвшин дээшлэх тусам шилжих магадлал нь мэдэгдэхүйц нэмэгдсэн хэвээр байна. Өндөр хөгжилтэй улсуудад дээд боловсролтой хүмүүсийн шилжилт хөдөлгөөн дунджаар 6%, дунд боловсролтой хүмүүсийнх 3% байдаг. Манай улсад боловсролын аль аль түвшинд шилжилт хөдөлгөөн хөгжсөн орнуудынхаас мэдэгдэхүйц их байдаг боловч дээд боловсролтой хүмүүсийн нүүдэл дунд боловсролтойгоосоо хоёр дахин илүү байх хандлага нь адил байна.  

Хөдөө орон нутгаас шилжиж ирж байгаа сэхээтнүүд Улаанбаатарын ижил түвшингийн боловсролтой дундаж сэхээтнээс бүтээмжээр илүү, тэр хэрээр цалин ихтэй ажил хийх хандлагатай байдаг. Энэ нь Улаанбаатар хотын цалин хөдөө орон нутгийнхаас их байх бас нэг нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл, хөдөөнөөс шилжин ирэгсэд Улаанбаатарын дундаж ажиллагсдын чанарыг өсгөж байна. 

Үүнтэй холбоотойгоор, хүмүүс боловсрол нь дээшлэхээр нүүх хандлагатай болж байна уу, эсвэл нүүх хандлагатай хүмүүс боловсролтой болж байна уу гэсэн салаа асуулт гардаг. Хөдөлмөрийн эдийн засагчид энэ асуудлыг олон жил судалсны эцэст, боловсролын түвшин өссөнөөр шилжилт хөдөлгөөн нэмэгддэгийг саяхан тогтоосон. Энэ нь Монголын өнөөгийн нөхцөл байдалтай ойролцоо дүр зургийг өгдөг. Европтой харьцуулахад, Монголын хөдөлмөрийн зах зээл уян хатан байгаа бөгөөд дээд боловсролтой хүмүүс хурдан шилжиж байна. Ингэж шилжихдээ хүмүүс муу цалинтай ажил руу шилжээгүй, харин илүү өндөр цалинтай газар рyy шилжиж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хөдөлмөрийн илүү бүтээмжтэй салбар дахь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дээд боловсрол хүчтэй дэмжлэг болдог нь харагдаж байна. 

Ер нь хөдөлмөрийн зах зээл дээр хүмүүс нэг газраа тогтвортой удаан ажиллах нь сайн байх албагүй. Харин өндөр бүтээмжтэй салбарууд руу хурдан шилжиж байх нь илүү үр дүнтэй. Ялангуяа манай эдийн засаг шиг салбаруудын өсөлт, бууралт (жишээ нь, уул уурхай,  барилга гэх мэт) их савлагаатай, салбарууд хурдтай алга болж, эсвэл шинээр үүсдэг газар хүмүүсийг муу салбараас сайн салбарт илүү хурдтай шилжүүлдэг хөдөлмөрийн зах зээлийн бодлого чухал.

Боловсролтой хүмүүс нийслэлд шилжин ирж байгаа нь нийслэлд аж ахуйн нэгжүүд их төвлөрсөн, хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байгаатай холбоотой. Иймд бүс нутгуудын цалингийн зөрүү, тэгш бус байдлыг арилгах гол арга нь хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал байж болно. 

Энэхүү нийтлэлд IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх Д.Лхагвасүрэн (Канадын Конкордиа их сургууль, CIREQ), зөвлөх З.Манлайбаатар (МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн) нарын 2016 оны Социологи сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийг товчлон, тоо баримтыг шинэчилж сийрүүлэв. Тус өгүүллийг мөн зохиогч Д.Лхагвасүрэнгийн “Ажил” номоос нь дэлгэрүүлж үзэх боломжтой.