Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп мангуу биш гэдгээ батлахын тулд IQ сорил өгөхөд бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны хооронд гарсан асуудал улам гүнзгийрсэн явдал өчигдөр боллоо.

Хэвлэлүүд Тиллерсон ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг шүүмжилж, түүнийг “мангуу” гэж хэлсэн тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Тиллерсон өөрөө үүнийг шууд няцаагаагүй бол түүний хэвлэлийн төлөөлөгч ийм яриа гараагүй гэж мэдэгдсэн юм. Харин өчигдөр Forbes сэтгүүлд ярилцлага өгөхдөө Дональд Трамп өөрийг нь “мангуу” гэж хэлсэн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Ярилцлагын үеэр Трамп “Энэ бол худлаа мэдээлэл. Гэхдээ хэрвээ тэр тэгж хэлсэн бол бид хамтдаа IQ сорил өгч өрсөлдөх хэрэгтэй. Хэн ялахыг нь харин би хэлж чадна шүү” гэж ярьсан тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэ мэдээлэл тарсны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “хошигнол төдий зүйл” гэжээ.

Тэрээр Трамп төрийн нарийн бичгийн даргынхаа оюуны чадамжинд 100 хувь итгэлтэй байдаг гээд жижиг асуудлыг дэвэргэхгүй байхыг сэтгүүлчдээс хүссэн байна.

“Та бүхэнд хошин шогийн мэдрэмж байдаг гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Сандерс сэтгүүлчдийг сэнхрүүлжээ.

Гэхдээ Трампын хэлсэн үгнээс ерөнхийлөгч ба гадаад бодлогын тэргүүн хоёрын хооронд зөрчил байгаа нь мэдэгдэж байгаа юм. Тэдний гол зөрчил Хойд Солонгос болон Ирантай харилцах асуудал дээр үүсч байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн Бямба гарагт сэтгүүлчид Трампаас Тиллерсонтой ямар харилцаатай байгааг асуухад тэр “Бид тун сайн харилцаатай байдаг. Хоёр зүйл дээр л санал зөрөлддөг. Заримдаа би түүнд бага зэрэг хатуурхах үе бий. Гэхдээ үүнээс бусдаар бид тун сайн харилцаатай” гэж ярьсан юм.

 

Эх сурвалж: The Washington Post