Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Каталанчууд тусгаар тогтнолоо зарлахыг хойшлууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Испаний өөртөө засах муж Каталоны парламент тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах байсан юм.

Гэвч тус мужийн засаг захиргааны тэргүүн Карлес Пуйчдемон тусгаар тогтнолоо зарлахыг түр хойшлуулж, Испаний эрх баригчидтай хэлэлцээр хийх эрх өгөхийг парламентаасаа хүссэн байна.

Гэхдээ тэр аравдугаар сарын 1-нд болсон бүх нийтийн санал асуулгын үр дүнд өөрт нь Каталоны тусгаар тогтнолыг зарлах мандат олгогдсоныг батлан хэлжээ.

“Каталоныг бүгд найрамдах засаглалтай тусгаар тогтносон улс болгон зарлах мандатыг би аваад байна. Гэвч би тусгаар тогтнолыг зарлах хугацааг хойшлуулж, эхлээд тохиролцоонд хүрэх замыг санал болгож байна” хэмээн Барселонд хуралдсан парламентийн чуулган дээр тэр хэлсэн юм.

Пуйчдемон бас хэлсэн үгэндээ санал асуулгын үр дүнд Испаний засгийн газрын үзүүлж буй хариу үйлдлийг хүчтэй шүүмжилж, Каталанчуудын хувьд Испани хүмүүсийг үзэн ядах үзэл гаргаагүй, хоёр үндэстэн харилцан ойлголцох хэрэгтэй байгааг илэрхийлжээ.

Хэрвээ Барселон тусгаар тогтнолоо зарлавал Испаний засгийн газар үүнийг хууль бус гэж үзэн, дэг журам, ардчиллыг тогтоох арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан юм.

Испаний ерөнхий сайд Мариано Рахой асуудал хүндэрвэл Каталоны парламентийг хүчээр тарааж, дахин сонгууль явуулах хувилбарыг ч сонгоход бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Мөн Мадридын эрх баригчид Каталон тусгаар тогтнолоо зарлавал үндсэн хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд хандахаар бэлдэж байлаа. Хэдийгээр Каталанчууд Испаниас салахаа түр хойшлуулж, хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон ч Мадрид тэдний тусгаар тогтнолыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь харагдаж байна.

Тиймээс Каталанчуудын тусгаар тогтнох хүсэл хүнд хэцүү саад бэрхшээлтэй тулгарах нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: Reuters