Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд Дүйнхор дацан шинээр байгуулж байна"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд аг тарнийн ёсны хуралтай Дүйнхор дацан шинээр байгуулагдлаа. Албан ёсны нээлтийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товложээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.


XIII жарны эхэн үе, одоогоос 295 гаруй жилийн өмнө Монголд цагийн хүрдний номлол сургаалийг дэлгэрүүлж дацан, зан үйлийг байгуулахад голлон зүтгэсэн хүн бол Монголын IV Богд Жэвзүндамба хутагт юм. Тухайн үед Богд Бурханы шашин ялангуяа Цагийн хүрдний номлолыг нийт Монголчуудад дэлгэрүүлэх зорилгоор Цаст Төвдийн орныг зорьж Лхаст Далай лам, Банчэн богд нарт айлтгал соёрхлыг олсон байна. 

Богд бээр 1804 онд Лхаст байхдаа Лхова Жалсрай ламаас  Дүйнхорын авшгийг хүртэж мөн Дашлхүмбэ хийдэд суух үедээ Банчэн Богдод айлтган Монголд Дүйнхорын дацанг байгуулахаар болжээ. Ийнхүү Монголын 10 гаруй лам нарт Дүйнхорын уншлагыг бүрэн цээжлүүлэн Банчэн Богд, Далай лам нарт жүг өргүүлж байсан түүхтэй. 

IV Богд нутагтаа буцаж ирээд 1805 онд Их хүрээнд Дүйнхорын уншлага, Сагар Чогарыг дэглэн байгуулж,1806 онд гурван давхар Дүйнхор дацангийн дуганыг шинээр босгоод “Дэчэнгалба гүндү гэвий новрон” хэмээх нэр хайрласан байна. Мөн энэ ондоо Дүйнхорын аймгийн лам хувраг шавь нараар Сагар, Чогар эхлэн байгуулж Дүйнхорын бүрэн ном уншлагыг гуч гаруй лам нараар цээжлүүлэн, Төвдийн Гачэн Лувсаншарав, гавж Ишдондов хоёрыг цагийн хүрдний номлолын цогломд босгож байжээ. Дүйнхорын дүлцон жинхорыг бүрэн гүйцэд бүтээгээд дүлцэнгээ Туулын Хар усан тохой хэмээх гүн усанд залж байсан байна. Дүйнхор дацангийн дуган барих ажлыг Эрдэнэ шанзав Дамчойравжай биечлэн удирдаад, дуган барих газар Дашсожин номыг хуруулж байжээ.Тэр үеийн Сайн ноён хан тэргүүтэн зарим ноёдууд сүсэгтэн олон Дүйнхор дацан барих ажилд өглөгийн эзэд болж байв. 

IV Богд 1807 оны цагаан сарын шинийн нэгний ёслолыг Дэчингалавын дуганд ёслон өнгөрүүлж, үүнээс хойш Их хүрээний Дүйнхорын дацан нь Богдын ордонд хамаарагдах болсон юм. Ийнхүү IV Богдоос хойш дараа дараагийн Богдууд энэ дацанд морилон саатдаг нандин холбоотой газар нь болжээ.
VIII Богд Жэвзүндамба нь Дүйнхор дацанд удаа дараа морилж дацангийн дэг журмыг нарийн тогтоож, лам нарыг ном эрдэмтэй болгоход ихэд анхаарч байлаа. Энэхүү Дүйнхор дацан нь одоогийн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацан юм. 

Их хүрээнд Дүйнхорын дацан байгуулагдсанаас хойш Монголын хөдөө орон нутгийн сүм хийдүүдэд Дүйнхорын дацан олноор байгуулагдаж, Дүйнхорын номлол өргөжин дэлгэрэхийн сацуу тухайн чиглэлийн эрдэм ухааныг төгс эзэмшсэн олон эрдэмтэй лам нар гарч Дүйнхорын авшгийг сүсэгтэн олонд тавьдаг уламжлалтай болсон юм.

1938 оноос хойш Монголд Дүйнхорын хурал, ном тавих уламжлалт ёс хоригдож үгүй болсон ч 1944 онд дахин сэргэсэн Гандантэгчэнлин хийд 1966 оноос Дүйнхорын хурлыг сэргээн хурж эхэлсэн байна. Түүнээс хойш 1992 онд Дүйнхорын уламжлалыг хадгалж байсан Д.Данзан, Н.Сэрээтэр зэрэг хуучны гярган лам нар дээрхийн гэгээнтэн XIV Далай лам   болон Гандан хийдийн  дэмжилгээр шинээр дацан байгуулж, лам нараа бэлтгэн хурал номоо бүрэн хурж эхэлсэн түүхтэй. 

Тэрээр 1995 оны 8 дугаар сард Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам  Монголд заларч олон нийтэд Дүйнхорын авшгийг хайрласан нь Монголын бурханы шашин номын түүхэнд гарсан онцгой үйл явдал болсон байна. Ийнхүү Монголд Дүйнхорын номлол дэлгэрэх хөрөнгө бүрэлдсэн бөгөөд өнөөдөр Дорноговь аймгийн Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдэд аг тарнийн ёсны хуралтай Дүйнхор дацан шинээр байгуулагдлаа. Хуучны Олонхүрээ хийд нь Дүйнхор дацантай, уг дацанд 50 гаруй лам аг тарнийн нууцын номыг бүрэн дүүрэн хурдаг байжээ. Уг дацан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тамгын газрын дарга Б.Эрдэнэхүү лам, “Coal” компанийн захирал Б.Балдорж нарын санаачилгаар байгуулагдаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 15 ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдийг 1666 онд Говьмэргэн вангийн хошууны Сономдайчин хун тайжийн хүү анхдугаар Ноён хутагт Агваангончиг лам байгуулсан байна.Тэр цагаас хойш хийдийн хурал ном тасралтгүй үргэлжилсээр 1937 онд хураагдаж байжээ. Гол шүтээн нь Одсэргочоо бурхан бөгөөд Агваангончиг лам Төвдөд 30 гаруй жил ном үзээд нутагтаа буцах үед багш нь түүнд хайрласан гэдэг. 

Түүнээс хойш Олонхүрээ хийдийн гол шүтээнээр тахигдаж байгаад хийд хураагдах үеэр сураггүй болсон байна. Харин 1990 ээд оны эхээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн унзад асан М.Нацагдорж ламтанд нэгэн хүн авчирч өгсөн нь хуучны Одсэргочоо бурхан байжээ. М.Нацагдорж лам хуучны Олонхүрээ хийдэд сууж байсан байна.

Тэрээр М.Нацагдорж ламын санаачилгаар хийд дахин сэргэж, 50 гаруй хуучны лам нартай анхны хурлаа хурж байсан түүхтэй. Өнөөдөр энэ сайхан буурлын шавь нар болох тус хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ, ловон лам Б.Сэнгээ тэргүүтэй 30 гаруй лам нар хуучны дэг хаягаар хурал номоо хурж, хамаг амьтны сайн сайхны төлөө буян номын үйлээ үргэлжлүүлсээр байна.