Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк нь АНУ-ын Overseas Private Investment Corporation-ны баталгаатайгаар WorldBusiness Capital, Inc- аас урт хугацааны санхүүжилт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 10
Сурталчилгаа

2017 оны 9-р сарын 14-ний өдөр Голомт Банк нь Монгол улсын жижиг дунд бизнесийг дэмжих, хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд АНУ-ын засгийн газрын Overseas Private Investment Corporation (OPIC)- ын баталгаатайгаар 8 жилийн хугацаатай зээлийн гэрээг WorldBusiness Capital, Inc. (WBC)- тай байгууллаа. 

Энэхүү гэрээг байгуулснаар Голомт Банк нь олон улсын жишгээр ЖДБ-ийн тодорхойлолтод багтах аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтийн боломжийг бий болгож байгаа ба ялангуяа хөдөө аж ахуйн салбарын болон байгаль орчинд ээлтэй төслүүдийг дэмжиж ажиллах юм.

Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец: "Бидэнд итгэл үзүүлэн дэмжин ажиллаж буй OPIC болон WBC-д талархаж байна. Голомт банк нь одоогоор олон улсын зах зээл дээр байгаа Монголын Засгийн газрын бондоос илүү урт хугацаатай санхүүжилтийг авч байгаадаа баяртай байна. Бид харилцагчид болон олон улсын түншүүдийнхээ нэрийн өмнөөс улам бүр шаргуу ажиллах болно" хэмээн онцоллоо.

Энэхүү гэрээ нь Голомт Банк АНУ-тай түншлэлээ өргөжүүлж, банкны өөрийн хэтийн зорилгоо OPIC, WBC зэрэг олон улсын байгууллагуудын үндсэн чиглэлтэй уялдуулан хамтран ажиллах замаар Монгол улсад бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн чухал алхам болж буйгаараа онцлог юм.

WorldBusiness Capital, Inc (WBC) нь АНУ-ын Коннектикут мужийн Хартфорд хотод байрладаг санхүүгийн байгууллага бөгөөд олон салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийг глобал зах зээлд өрсөлдөхүйц болж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уян хатан нөхцөлтэй санхүүжилтийг санал болгон ажилладаг. WBC нь 2003 онд байгуулагдсан ба хил дамнасан худалдаа, төслийн санхүүжилтийн чиглэлээр олон жилийн туршлагатай, дэлхийн хөгжиж буй зах зээлүүд, тэр дундаа Латин Америк, Ази, Зүүн Европ, Африк тивүүдэд төвлөрөн зээлийн санхүүжилтийг олгож ажилладаг.  

Overseas Private Investment Corporation (OPIC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Америкийн Засгийн Газрын агентлаг юм. OPIC нь 1971 онд байгуулагдсан ба бизнес эрхлэгчдийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийг удирдах арга хэрэгслүүдээр хангаж, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжин, АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлүүдийг боловсронгуй болгож ирсэн. OPIC нь АНУ-ын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд байр сууриа олоход нь тусалж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон, гадаад болон дотооддоо ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нь хувь нэмрээ оруулдаг бөгөөд санхүүжилт олгохоос гадна улс төрийн эрсдэлийн даатгал, өмгөөлөл, хувийн хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй хамтран ажиллах зэрэг хэлбэрээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.    

OPIC нь дэлхийн 160 гаруй оронд шинээр бизнес эрхлэгчид болон бизнесийнхээ цар хүрээг тэлэхээр ажиллаж буй байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг бөгөөд бүтээгдэхүүндээ зах зээлд суурилсан үнэ тогтоодог тул үйл ажиллагааны зардлаа татвар төлөгчдөөс бус, өөрөө бүрэн хариуцаж ажилладаг. OPIC-ийн санхүүжилттэй бүхий л төслүүдэд олон улсын шилдэг стандартыг мөрдөх, АНУ-д ажилгүйдлийн тоог нэмэхгүй байх шаардлага тавигддаг.

Голомт банк нь Монгол Улсын банкны системийн тэргүүлэгч банкны нэг бөгөөд 2017 оны 9-р сарын 30-ны байдлаар нийт 5 их наяд төгрөгийн активтайгаар байгууллага, ЖДБ, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн урт хугацааны тогтвортой хөгжилд нь анхаарч санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.