Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Хятадын хилийн цэргүүдтэй уулзаж, гэнэтийн бэлэг барьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг-Хятадын хилийн маргаан дэгдэж байсан бүсэд Энэтхэгийн батлан хамгаалахын сайд гэнэтийн айлчлал хийж, Хятадын хилийн цэргүүдтэй уулзсан нь хоёр орны харилцааг зөөлрүүлсэн алхам болжээ.

Сайд Нирмала Ситхараманы хятад цэргүүдтэй харилцан ярилцаж байгаа хоёр хэсэг дүрс бичлэгийг Ням гарагт сошиал сүлжээнд нийтэлсэн байна.

Сайд эмэгтэй хятад цэргүүдээс “Намасте гэж юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?” гэхэд цэргүүдийн нэг “Уулзсандаа таатай байгааг илэрхийлсэн үг” гэжээ. Ситхараман хариуд нь “Хятадаар юу гэж хэлдэг вэ?” гэж асуухад цэргүүд “Манайд нихао гэдэг” гэсэн байна.

Дараа нь Энэтхэгийн батлан хамгаалахын сайд “Тийм болохоор би намасте гэж та нартай мэндчилж байгаа юм” хэмээн хэлжээ.

Сайд бас “Энэтхэг, Хятад хоёр бол агуу үндэстнүүд. Танай оронд сайн сайхныг хүсэн ерөөе” гэж хэлсэн байна.

Сайдын айлчилсан Нату Ла хилийн пост нь Энэтхэгийн талаас Сикким, Хятадын талаас Төвдийн нутгийн уулзвар хэсэг юм.

Ситхараманы Бямба гарагт хийсэн айлчлал нь 73 хоног үргэлжилсэн Докламын хилийн хямралын дараа анхны дээд албаны хүн энд ирсэн хэрэг байлаа. Хоёр орон наймдугаар сарын 28-нд Докламын маргааныг шийдвэрлэж дуусгасан юм.

Доклам бол сайдын айлчилсан постоос 30 км зайнд байрладаг хилийн хэсэг. Анх Хятад-Бутаны хооронд гарсан хилийн маргаанд Бутаны холбоотон Энэтхэг улс оролцсоноор хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн хилийн цэргийн тулгаралт үүссэн юм.

Эцэст нь есдүгээр сард Хятадад болсон BRICS-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг-Хятад улсуудын удирдагч нар харилцаагаа хэвийн түвшинд хүргэх уулзалт хэлэлцээрийг хийсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post