Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өрнөдийнхөн Монголыг муугийн жишээ болгодог нь үнэн үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Британий ахмад улс төрч Майкл Хесэлтин засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа гадаад хэргийн сайд Борис Жонсоныг Монгол руу явуулах хэрэгтэй гэж хэлсэн нь тохиолдлын зүйл биш бололтой.

Ер нь муугийн жишээнд Монголын нэр дурдагдах болсныг бид сүүлийн үеийн зарим мэдээллүүдээс харж болохоор байна.

Энэ нь Монгол улсын гадаад имиж ямархуу байгааг тодорхой харуулж байгаа юм. Монголчууд бид ядуу буурай нэгнийг Африкийн аль нэг орон, эсвэл хойд туйлд амьдрагч Чукча хүнтэй зүйрлэж ярьдаг бол тэд биднийг бас ингэж хардагийг дараах жишээнүүдээс харж болно.

 

Жишээ 1

 

Америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин Колин Каперник өнгөрсөн жил төрийн дуулал эгшиглэх үеэр босож зогсон хүндэтгэл үзүүлэлгүй эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэр энэ үйлдлээ иргэдээ арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг төрд хүндэтгэл үзүүлэхгүй байх нь зөв гэж тайлбарласан байна. Тухайн үед гэмгүй хар арьст иргэд цагдаагийн гарт амиа алдсан хэд хэдэн хэрэг гарч, Америк даяар дуулиан тариад байсан юм.

Гэтэл хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч Бад Грант тамирчныг шүүмжилсэн мэдэгдэл хийхдээ Монголын нэрийг хавчуулсан байна. 89 настай дасгалжуулагч хэлэхдээ “Тэр бол новш. Энэ бол чөлөөт улс орон болохоор түүнийг барьж хорихгүй байх. Тэр Монгол руу, Боливи руу, Бангладеш руу ч юм уу явбал таарна. Далбаанд нь хүндэтгэж болох улс орныг олсон нь дээр. Яг одоо бол энэ улсад тэр новш болоод байна!” гэсэн юм.

 

Эх сурвалж: http://kfgo.com/news/articles/2016/oct/10/bud-grant-on-colin-kaepernick-hes-trash/

 

Жишээ 2

 

Өнгөрсөн зун “Good Morning Britain” өглөөний хөтөлбөрийг хөтөлдөг байсан телевизийн од Пиерс Морган зуны амралтын дараанаас уг шоуг хөтлөхгүй болж байгаагаа үзэгчдэд мэдэгдсэн юм.

Үзэгчид түүний мэдэгдлийг таатай, таагүй янз бүрээр хүлээж авсан байна. Гэтэл Морганы хөтлөлтөнд дургүй нэгэн үзэгч “Уухай! Пиерс явж байгаа гэнэ. Гадаад Монгол руу яваасай!” гэж твиттер хуудсанд бичсэнийг Британий хэвлэлүүд Морганыг явж байгаад хамгийн их баярласан илэрхийллийн жишээ болгон онцолж байв.

 

Эх сурвалж: https://www.standard.co.uk/stayingin/tvfilm/has-piers-morgan-quit-good-morning-britain-a3596251.html

ЖИШЭЭ 3

 

2015 онд Британий ерөнхий сайд асан Дэвид Камерон сонгуулийн үеэр телевизийн мэтгэлцээн явуулахыг уриалж ярихдаа Монголыг жишээ татаж байв. Тэрээр "Би ийм мэтгэлцээн явуулахыг үргэлж хүсдэг байсан. Улс болгон мэтгэлцээн хийдэг. Бүр Монголд хүртэл мэтгэлцээн болдог нь харамсмаар шүү, энэ бол бидний хоцролгүй дагах ёстой орчин үеийн амьдралын зайлшгүй зүйл" гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: http://labourlist.org/2015/01/10-times-david-cameron-praised-tv-debates/