Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Алтантуяа: Ойн тухай хууль ноцтой зөрчигдөж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN

Ойн сан газрыг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн Ойн тухай хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, менежмент төлөвлөгөө хэрэгжих боломжгүй байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

"Зулзаган төгөл" нөхөрлөлийн ахлагч Ч.Алтантуяа "Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн санг гэрээгээр эзэмшигч “Зулзаган төгөл” нөхөрлөлийн ойн тухай хуулиар олгогдсон Бүрэн эрхэнд халдан, менежмент төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулахад эсэргүүцэлтэй тулгарч байна.

Улмаар нөхөрлөлийг хохироон, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж хууль бус ухуулга сурталчилгаа явуулсан ба нөхөрлөлийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин, шаардлага тавихад ёс зүйгүй хандаж, доромжилсон олон үйлдлийг гаргаж хууль зөрчиж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Засаг дарга, Газрын даамал нар 2017 оны наймдугаар сарын 25-нд “Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газар болох Хонгорын хөндийд тус сумын иргэд болон харьяалалгүй иргэдтэй хадлангийн гэрээг хууль бусаар хийсэн.

“Зулзаган төгөл” нөхөрлөл нь 1,200га хадлангийн төлбөр төлж хоёр иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан хадлан хийлгэсэн боловч гэрээний дагуу өгөх ёстой хувиа өгөлгүй хохироож байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Засаг дарга, Газрын даамал нар “Зулзаган төгөл” нөхөрлөлийн эзэмшлийн газрыг өөрсдийн өмчлөлийн газар болгон гэрээ хийж хууль зөрчсөн.

Би хирээс хэтэрсэн хууль зөрчсөн үйлдлүүдийг нь хэлэн, хуулийн ном дээр хуулийн заалтуудыг тэмдэглэж, аймгийн цагдаад хандаж байгаагаа хэлсэн.

Үнэн, хууль хоёр байдаг л бол шийдүүлнэ гэдгээ хэлээд гарсан, дараа нь ороход намайг хэл амаар доромжлон өрөөнийхөө хаалгыг онгойлгон хөөсөн" гэлээ.

Тэрээр цаашид энэ асуудлыг холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүд шалгаж, шидэхгүй бол хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн юм.