Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн ресторан Путины төрсөн өдөрт зориулж бургер гаргаагүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр Оросын төрийн мэдээллийн суваг Нью Йоркийн Lucy’s Cantina Royale ресторан ерөнхийлөгч Владимир Путины 65 насны ойд зориулж, тусгай бургер гаргасан тухай мэдээлжээ.

Оросын телевизийн нэгдүгээр суваг дээрх явдлыг дэлхийн улс орнуудын иргэд Путиныг хэрхэн хүндэтгэдгийн жишээ хэмээн тайлбарласан байна. Тайлбарт “Зөвхөн улс орнуудын төрийн тэргүүнүүд биш, мөн энгийн иргэд Оросын ерөнхийлөгчид өвөрмөц аргаар мэндчилгээ хүргэж байна” гэжээ.

Мэдээнд өгүүлснээр Нью Йоркийн мексик ресторан Путины мэндэлсэн 1952 оныг билэгдэж, 1,952 грам хэмжээтэй, таван давхар бургер гаргасан гэсэн байна.

ТАСС агентлаг мөн тус рестораны менежэр Тэд Брайн дэлхийн удирдагчдаас зөвхөн Путинд зориулж бургер гаргаснаа ярьсан тухай мэдээлжээ.

Гэтэл энэ мэдээлэл худлаа болохыг рестораны эзэд мэдээлсэн байна. Рестораны төлөөлөгчийн мэдэгдэлд “Манай ресторан хэзээ ч Владимир Путины төрсөн өдрийг тэмдэглээгүй, Путин нэртэй бургер гаргаагүй” гээд дүрс бичлэгийг үйлдсэн Оросууд тэдэнд сургалын зориулалттай, туршилтын видео бичлэг хийж байгаа гэж тайлбарласныг мэдээлжээ.

Мөн ТАСС агентлагийн мэдээнд дурдсан Тэд Брайн гэдэг менежэр ресторанд нь ажилладаггүй гэсэн байна.

Тиймээс энэ мэдээллийг Оросуудын зохион байгуулсан худал мэдээлэл гэж рестораныхан баталжээ. Харин Оросын нэгдүгээр суваг болон ТАСС агентлаг өөрсдийн мэдээллийг үнэн зөв гэсэн тайлбар хийсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian