Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос АНУ-д хүрэх чадвартай пуужинг туршихаар бэлдэж байгааг Оросууд мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Пёньянд ажиллаад ирсэн Оросын хууль тогтоогч Хойд Солонгосын дэглэмийг АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай алсын тусгалын пуужинг харвахаар бэлдэж байгаа тухай Баасан гарагт мэдээлжээ.

ОХУ-ын парламентийн доод танхимын гишүүн Антон Морозов өөр хоёр хууль тогтоогчийн хамт аравдугаар сарын 2-6-нд Пёньянд зочлоод ирсэн юм.

Морозов “Тэд алсын тусгалын пуужин туршихаар бэлдэж байна. Энэ пуужин нь АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартайг харуулсан математик тооцооллоо бидэнд үзүүлсэн” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

“Тэд ойрын үед пуужингаа турших гэж байна гэж бид ойлгосон. Ерөнхийдөө тэдний уур амьсгал дайн хийхэд бэлэн байдалтай байна” гэж Морозов мөн хэлсэн байна.

Морозов нь Оросын Либерал Ардчилсан Намын гишүүн юм. Үндсэрхэг үзэлтэй гэгддэг энэ нам өөрийгөө Оросын улс төр дэх сөрөг хүчин гэж үздэг ч гадаад бодлогын асуудлаар Кремльтэй нэг байр суурьтай байдаг.

Есдүгээр сарын 3-нд Хойд Солонгос зургаа дахь цөмийн туршилт хийсний дараа АНУ-Хойд Солонгосын харилцаа эрчимтэй муудаад байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гарагт армийнхаа дээд удирдлагуудтай Солонгосын хойгийн асуудлыг хаалттай хэлэлцсэн. Энэ үеэр ямар шийдвэрт хүрсэн нь нууц байгаа юм. Уулзалтын дараа Трамп сэтгүүлчдэд удахгүй ямар нэг шуурга эхэлнэ гэсэн утгатай зүйл ярьсан нь олон нийтийг цочроогоод байна.

 

Эх сурвалж: Reuters