Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Калашников бууг үйлдвэрлэх эрхийг Саудын Араб ОХУ-аас авчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын хаан Салманы Москвад хийж буй айлчлалын хүрээнд нэгэн чухал гэрээг хоёр орон байгуулсан нь алдарт Калашников автомат бууг үйлдвэрлэх эрхийг Арабчууд авсан явдал байлаа.

Үйлдвэрлэлийн лиценз эзэмших гэрээг Оросын төрийн өмчит зэвсэг экспортлогч Рособоронэкспорт, Саудын Арабын SAMI (Saudi Arabia Military Industry) компаниуд өчигдөр үзэглэсэн байна.

Рособоронэкспортын мэдэгдэлд Саудын тал “АК-103 автомат буу болон түүний дайзыг үйлдвэрлэх” эрх авсан гэжээ. SAMI компани мөн дээрх мэдээллийг баталсан байна.

Үүнээс гадна хааны айлчлалын үеэр талууд Оросын С-400 пуужингаас хамгаалах системийг худалдаж авах тохиролцоонд хүрсэн гэнэ. AK-103 нь 1947 онд Михайл Калашниковын зохион бүтээсэн АК-47 бууны сүүлийн загваруудын нэг юм.

AK-47 нь 1949 оноос эхлэн Зөвлөлт Холбоот Улс болон ОХУ-ын армийн стандарт зэвсэг болсон байна. Найдвартай ажиллагаа, бат бөх байдлаараа алдаршсан AK-47 бууг дэлхийн 100 гаруй улсын арми ашигладаг, 100 сая орчим буу идэвхтэй хэрэглэгдэж байгаа гэгддэг.

Одоогоор Калашниковыг Оросоос гадна Хятад, Энэтхэг, Польш, Украин, АНУ зэрэг 30 орчим оронд лицензийн дагуу үйлдвэрлэдэг. Мөн олон үйлдвэрт хууль бусаар зөвшөөрөлгүй үйлдвэрлэдэг гэдэг юм.

 

Эх сурвалж: Russia Today