Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-ийн тухай Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал А.Энхманлай танилцууллаа.
Мэдээллийн сан байгуулснаар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг ил тод, шударга зохион байгуулахад ашиглагдах юм байна.
Мөн бага дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцтай холбоотой хүсэлтийг цахим орчинд түргэн шуурхай бүртгэлжүүлэн төсөл хөтөлбөрт хамруулах, орон сууц борлуулах, түрээслэх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг нэгтгэж холбох юм.
Иргэдийн хувьд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан бүртгүүлж хэрэглэгч болох юм. Ингэснээр иргэд хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж, ямар орон сууц ашиглалтад орсон зэрэг нийлүүлэлтийн мэдээллийг дүүрэг, хороо зэргээр нарийвчлан харуулна.
Мөн орон сууцтай болохыг хүссэн иргэдийн цахим судалгаанд хамрагдсанаар орлогод нийцсэн, хямд, чанартай орон сууцанд хамрагдах боломжтой болно гэдгийг НОСК-ийн удирдлагууд тодотгож байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.