Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Хишигжаргал: Хөдөлгөөний ашиг тусыг бага наснаас нь эхлэн анхааруулах хэрэгтэй

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж ”UB SPORT” 2017 биеийн тамир, спортын өдөрлөг болох гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээлэл хийлээ.

”UB SPORT” 2017 аравдугаар сарын долоонд Д.Сүхбаатарын талбайд болно

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спорт хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр "Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/686 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор  ”UB SPORT” 2017 нэртэйгээр анх удаагаа Д.Сүхбаатарын талбайд аравдугаар сарын долооны өдөр 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.

Өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесс болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцоно.

Иргэдийн дунд дугуй, сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар, гэр бүлийн буухиа зэрэг найман төрлийн уралдаан зохион байгуулагдана. Мөн арга хэмжээнд оролцож буй фитнесс клуб, секц, дугуйлангуудад бүртгүүлэх боломжтой" гэв.

Ахмад настангууддаа зориулан явган аялал зохион байгуулна

 
Геронтологийн төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал

Эрүүл мэндийн үндэсний төвийн Геронтологийн төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал " Монгол Улсын иргэдийн дунд дасгал хөдөлгөөн ус агаар мэт хэрэгтэй. Хөдөлгөөний хомсдолд орсноор өвчин үүсэх суурийг тавьж өгдөг. Тийм учраас хөдөлгөөний ашиг тусыг бага наснаас нь эхлэн анхааруулах хэрэгтэй байна.

Аравдугаар сарын долооны өдөр болох арга хэмжээний үеэр  ахмад настангууддаа зориулан явган аялал зохион байгуулах болно. Явган аяллын үеэр хүрэлцэн ирсэн ахмадуудад өдөр тутам хийж болох дасгал, амьдралдаа хэрхэн хэвшүүлж болох талаар зөвлөмж өгөх юм"  гэж онцоллоо.

"Их талын дуулиан ТББ"-ын Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар "Саяхан болж өнгөрсөн ахмадын баярыг тохиолдуулан Монголын Хөл бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч н.Лувсандорж багшийн нэрэмжит нийслэлийн ахмадын аврага шалгаруулах хөл бөмбөгийн  тэмцээн болно. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл оролцох боломжтой энэ арга хэмжээнд иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна" гэж хэллээ.