Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Янзын шийдвэр байлаа, Лью

ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN

Кайри Өрвингийн солилцоо Кавальерсыг сул хүчирхэг аль нь болгосон тухай таамаг мэтгэлцээн намжаагүй байтал Двэйн Уэйд хуучны анд Лебронтой нэгдэхээр шийдсэн нь Кавальерсыг шууд финалд хүргэх ярианы түвшинд аваачлаа.

Хэдийгээр нас явж, ахмад тоглогчийн нэг болсон ч Двэйн Уэйд одоо хэр нь тоглолтын хувь заяаг өөрчилж чадахуйц хэмжээний ур чадвартай тоглогч болохоор Кливлендэд ирсэнтэй холбоотойгоор Кавальерсын үнэлэмж дахин өсч байгаа нь энэ юм.

Үүн дээр Азея Томас, Деррик Рөүс, Жэй Краудер гээд чадварлаг олон тоглогчийг солилцоогоор авч чадсан нь бүр л сүртэй сонсогдоно. Гэхдээ ур чадвар өндөр олон тоглогчийг эвийг нь олж, хүчийг нь тааруулж, хужрыг нь тунгаана гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Амаргүй энэ даалгавар дасгалжуулагч Тайрон Льюд оногдож байна.

Гэхдээ Тайрон Льюгийн эхний алхам хамгийн зөв оновчтой шийдвэр байж чадлаа. Тэр Тристан Томпсонг сэлгээрүү шилжүүлж, Кевин Лавыг төв дээр тоглуулах болсноо зарлав. Энэ талаар Томпсончтой ч ярилцаад амжсан, мань хүн давгүй хүлээж авсан гэнэ лээ. Томпсон гомдлоод байхгүй нь сайн хэрэг ОК. Эхний асуудал шийдэгдлээ.

 

Хоёрдахь асуудал нь тэр хамгаалалт сайтай Жэй Краудерыг гараанд гаргаж чадсан бөгөөд ингэснээрээ Кливленд илүү хүчтэй хамгаалалттай болохоос гадна, жижиг тавтын сагсан бөмбөгөөр илүү чадварлаг олон талт болж байгаа хэрэг юм.

Эсрэг багийн хамгийн сайн оноо түүгч дээр эхнээс нь Краудерыг тавьчихна. Үүн дээр Леброн болон Уэйдийн хамгаалалтыг нэмээд төсөөлөөд үздээ. Том давуу тал шүү.

 
 

Одоо энэ шийдвэрийн хамгийн гоё талын тухай нь бичье. Кевин Лав бол довтолгоон дээр ихэвчлэн гурвын шугамны ард зогсдог.

Энэ арга барил нь Леброныг будагтай талбайруу орж тоглох боломжийг шууд л дэмждэг. Одоо тэгвэл Леброн дээр Рөүс, Уэйд гээд будагтай талбайруу орж тоглодог хоёр хүн гараанд нэмэгдчихлээ.

Дайраад дайраад гэдэг тоглоом тоглох л болчихлоо. Хөрвүүлвэл будагтай талбай аль болох хүн цөөтэй байна, тэр хэрээр Кливлендэд ашигтай гэсэн үг.

Эрик Споелстра Майамид Бошийг яг л ингэж ашигласнаар Уэйд, Леброн хоёрт хүссэнээрээ довтлох зай гарч байлаа. Үгүй юм аа гэхэд Бош шийдвэрлэх мөчид гурваас ямар найдвартай байсан гээч, ёстой хэлэх үггүй болтол зоодог байлаа даа.

Яг дэр дүр төрх Кливлендэд давтагдахаар болж байгаа дээр Дэррик Рөүсийг нэмчихье. Уучлаарай найз нараа, зай тавиад өгдөө...

 

Кевин Лав Кливленддэх Бошийн үүргийг гүйцэтгэхээр болсон нь энэ. Өмнө нь тэр Кайри, Леброн хоёрын шидэгч нь байсан бол одоо Леброн, Уэйд, Рөүсийн хувьд Бош нь болж хувирлаа. Амжилт олчихсон арга барил, турших шаардлага ч байхгүй, шууд л хэрэгжүүлэхэд болно. Нэг нь довтолход нөгөө нь яаж дэмждэг билээ дээ Леброн Уэйд хоёр, одоо тэгсэн Рөүс нэмэгдчихсэн. Бүр л янзтай. Үүн дээр Лав, Краудер хоёр гурвын шугам дээр найдвартай гэгч нь зогсож байна шүү дээ.

Энэ шийдвэрт нэг л эрсдэлтэй тал бий. Лав бүхий л самбарын том биетэй нөхдүүдийг хамгаалж таарна. Их хүч зарцуулна, улирлын дунд хэсэгт ядарч, үүнээсээ болоод гэмтэх аюултай. Хэрэгтэй цагт Лав гэмтчихвэл Уарриорстой өрсөлдөх тухай бодоод хэрэггүй биз дээ.

Азея Томас хоёрдугаар сар гартал тоглохгүй болохоор түүнтэй арга эвээ олох нь дараагийн асуудал.

Одоохондоо бол Рөүс, Уэйд хоёрыг яавал илүү үр дүнтэй ашиглаж чадах вэ гэдэг нь чухал бөгөөд Лавыг гараанд төвөөр гаргасан нь янзын шийдвэр байлаа шүү.

Б.Ялалт