Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50,000, өрх толгойлсон эцэг эхэд улиралд 240,000 төгрөг олгохоор ТӨСӨВЛӨЖЭЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

~ТӨСӨВ 2018~

2018 оны төсвийн төслийг есдүгээр сарын 29-нд Сангийн яамнаас УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Энэ жилийн төсөвт нийгмийн халамжийн онцлох хөтөлбөрүүд хэрэгжихээр тусгагдсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Зорилтот эцэг, эхчүүдэд улиралд 150-240 мянган төгрөг олгоно

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, шинээр батлагдсан хуулийн дагуу “Цалинтай ээж” хөтөбөрийг хэрэгжүүлэхээр 2018 оны төсвийн төсөлд тусгажээ.

Ингэхдээ 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгох юм байна.

Тэтгэмжийн нийт хэмжээ 96.8 тэрбум төгрөг болж байна.

Харин шинэ хуулийн дагуу халамжийн сангаас олгох жирэмсэн эхийн тэтгэмж 2017 онтой харьцуулбал ирэх онд 23.9 тэрбум төгрөгөөр буурах тул “Цалинтай ээж” хөтөлбөрт нэмж шаардагдах зардал нь цэврээр 72.8 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ.

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно

ОУВС-аас 2017 оны наймдугаар сард Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн билээ.

Үнэлгээний дараа 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохиролцжээ. Тиймээс 2018 оны төсөвт 684 мянган хүүхдэд Хүүхдийн мөнгө олгох 164.2 тэрбум төгрөгийг тусгасан байна.

Хүнсний талон авах хүмүүсийн тоо ХОЁР ДАХИН нэмэгдэнэ

2018 оны төсвийн төсөлд Хүнсний эрхийн бичгийн хамрах хүрээг хоёр дахин, мөнгөн дүнг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсныг тэмдэглэжээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй ажил юм.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай буюу хамгийн бага орлоготой 27 мянган өрхийн 148.6 мянган иргэн хамрагдаж, жилд 17.9 тэрбум төгрөг /сард том хүн 13,000 төгрөг, хүүхэд 6,500 төгрөг/ зарцуулж байна.

Тэгвэл энэ тоо хоёр дахин нэмэгдэж 288.8 мянган хүнд хүнсний эрхийн бичиг олгох бөгөөд хүрэх сар бүр том хүнд 16,000 төгрөг, хүүхдэд 8,000 төгрөг зарцуулагдана. Энэ хөтөлбөрт 24.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Орон гэргүй иргэдэд халуун хоол, цайгаар үйлчилнэ

Нийгмийн халамжийн тухай хуульд 2012 онд тусгасан боловч төсвөөс санхүүжилт хуваарилаагүйн улмаас өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд тэтгэмж олгох, тэнэмэл орон гэргүй иргэдэд Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.2.2-д заасан халуун хоол, цайгаар үйлчлэх зардлыг 2018 оны төсөвт тусгажээ.

Нийт 800 гаруй тэнэмэл, орон гэргүй иргэдэд сард 9,500 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Ингэхдээ олон улсын нийтлэг жишгээр энэ үйлчилгээнд хамрагдаж байгаа хөдөлмөрийн насны иргэд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих  арга хэмжээнд хамрагдсан байх, сургуулийн насны хүүхдүүдээ сургуульд бүрэн хамруулсан байх нөхцлийг тавьж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

ЖИЧ: 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЖ, ӨӨРЧЛӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ

 

 

Эх сурвалж: Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл